Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээний нэг Тел Авивын их дуулга өчигдөр эхэлсэн. Дэлхийн 34 орны 298 тамирчин өрсөлдөж буй уг тэмцээний эхний өдөр манай улсаас зургаан тамирчин зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй -48 кг жинд зодоглосон Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Израилын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Чилийн Мэри Ди Варгас Лей, Сербийн Андреа Стоядинов нарыг ялж хүрэл медаль хүртлээ.
Харин эрэгтэй -60 кг жинд зодоглосон Б.Цогт-Очир шөвгийн дөрөвт Украины Артем Лесиукт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Нидерландын Торнике Цякадоеаг ялсан. Торнике нь дагах барилдаанд Э.Сумъяабазарыг даваад байсан бөгөөд Э.Сумъяабазар шагналт долоодугаар байрт шалгарсан.
Мөн эрэгтэй -66 кг жинд зодоглосон Г.Хэрлэн шөвгийн дөрөвт Азербайжаны Яашар Нажафовд ялагдсан ч Францын Дайки Бубаг ялж хүрэл медаль хүртэв.
Тус жинд зодоглосон Г.Сод-Эрдэнэ, эмэгтэй -57 кг жинд зодоглосон О.Оюунчимэг нар эхний шатнаас тэмцээнээ дуусгасан.
Өнөөдөр шөнө манай улсын дөрвөн тамирчин гурван жинд барилдана.