Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 09:00 цагт улс орон даяар эхэлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг жил бүр 70-75 хоногт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл зохион байгуулахаар төлөвлөж байна.
ЭЕШ-ын бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны вэб хуудас болох https://eec.mn/ сайтаар авна. Бүртгэлд хамрагдсан бүх хүнээс Монгол хэл, бичгийн шалгалт өмнө нь авдаг. Монгол хэл, бичгийн шалгалт мөн өнөөдөр эхэлж байгаа.
Энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа сурагчид ямар нэгэн бүртгэл тусгайлан үүсгэх шаардлагагүйгээр Монгол хэл, бичгийн шалгалт өгнө. Харин өмнөх онд 12 дугаар ангиа төгссөн, ахин их, дээд сургууль элсэхийг сонирхож буй шалгуулагчид хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 14-ний хоорондох хугацаанд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст хандан бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байдаг. Харин Монгол хэл, бичгийн шалгалт төлбөргүй зохион байгуулагддаг. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг болохоор өөрчлөлт оруулж байгаа. Урьдчилсан байдлаар эхний шалгалтын зургаадугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотойгоор зургаадугаар сарын 19-нд амралт эхлэхээр байгаа. Үүнтэй уялдуулан зургаадугаар сарын 20-30-ны хооронд дөрвөн өдрийг сонгож ЭЕШ-ыг зохион байгуулна.
Түүнчлэн ЭЕШ-ын дүн оноог олон улсын элсэлтийн шалгалтын дүн оноотой дүйцүүлэх журам гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг суралцагчид болон гадаадад суралцагч нар өөрийн хүсэлтийн дагуу заавал ЭЕШ өгөхгүйгээр олон улсын шалгалтын дүн оноогоо Монголын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэн дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах боломж нээлттэй болж байна" гэлээ.