Улсын Онцгой комисс болон Эрдэмтдийн зөвлөлөөс цар тахлын оргил үе буурч байна гэж үзсэний үндсэн дээрээс Засгийн Газрын шийдвэрийн дагуу өнөөдрөөс 2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээл эхэлж байна. Ингэснээр цэцэрлэг ерөнхий боловсрол, их дээд сургууль болон МСҮТ танхимын хэлбэрт шилжиж буй юм.
Гэхдээ Боловсролын хүрээлэнгээс гаргасан 2021 оны судалгааны дүнгээр цаашид сургалтын 64 хувийг танхимаар, 23 хувийг цахимаар, 13 хувийг хосолсон хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөсөн байна. Мөн улсын хэмжээнд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэйг сануулжээ.
Одоогийн байдлаар 12-15 насны суралцагчдын 78 хувь нь, 16-17 насны 85 хувь нь МСҮТ-ын оюутнуудын 65.7 хувь, Их дээд сургуулийн 40.1 хувь нь вакциндаа хамрагдаад байна. Харин багш нарын 90-ээс дээш хувь нь вакциндаа хамрагдаад буй юм.
Хэрвээ ангид халдварын тохиолдол илэрвэл хичээлийг гурав хоног цахим руу шилжүүлэн, дөрөв дэх хоногоос шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийн хичээлийг танхимаар үргэлжлүүлэх зөвлөмжийг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан билээ.