ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар өнгөрсөн онд судалгаа хийж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 144 мянга гаруй нүхэн жорлон байгааг тогтоосон. Тэдгээрийн 60-70 хувь нь стандартын бус, тэн хагас нь зуслангийн бүсэд бүртгэгдсэнийг судлаачид мэдээлсэн бөгөөд ойн сан орчим дахь нүхэн жорлонгуудыг яаралтай шинэчлэх, стандартад нийцүүлэх, заримыг нь буулгах шаардлагатайг анхааруулсан юм. Үүнээс улбаалаад нийслэлийн Байгаль орчны газрынхан хотын ногоон бүс дэх стандартын бус жорлонгуудыг цэгцлэх ажлыг эрчимжүүлж, “Зуслангийн товчоо”-той хамтран холбогдох стандарт, журмын хэрэгжилтэд хяналт тавьж эхлээд буй.
Тэгвэл тус байгууллага нийслэлийн ногоон бүсийн зонхилох хувийг бүрдүүлдэг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гурван хорооны нутаг дахь 102 нүхэн жорлонг энэ хавар буулгахаар төлөвлөжээ. Тодруулбал, Яргайт, Зуун мод, Гоодой, Жигжид, Ар, Өвөр гүнт, Бэлх, Сэлбийн зуслан орчимд ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан, стандартын бус байгууламжуудыг нураах гэнэ. Энэ ажилд 15.3 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлажээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл