-Улсын хэмжээнд 3000 орчим хүүхэд сургууль завсардсан байна-
Хоёр сурагч тутмын нэг нь сурлагын хоцрогдолд өртсөнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв. Мөн 3000 гаруй хүүхэд сургууль завсардахад хүрсэн гэлээ. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн дүн аж. Цар тахлын улмаас сурагчид өнгөрсөн хоёр хичээлийн жилийн турш танхимын сургалтад хамрагдаагүй, цахим, теле хичээл үзсэн. Харин энэ хичээлийн жилээс танхимын болон цахим сургалтыг хослуулах болсон билээ. Алдагдсан хоёр жилийн хугацаанд хичээлийн хоцрогдол ямар түвшинд хүрсэн, сурагчид чанартай мэдлэг, боловсрол эзэмшиж чадсан, эсэхийг холбогдох байгууллагынхан ул суурьтайгаар тогтоогоогүй явсаар өдий хүрсэн бөгөөд одоо л нэг баримжаатай болжээ.
Салбарын холбогдох албаныхан энэ хичээлийн жилийн эхэнд буюу өнгөрсөн оны 9-10 дугаар сард хоцрогдлын түвшнийг үнэлэх судалгаа явуулжээ. Уг судалгаанд 755 сургуулийн 2-12 дугаар ангийн 62 856 сурагчийг түүвэрлэн хамруулсан байна. Үнэлгээний үр дүнгээс үзвэл IX ангийн сурагчид авбал зохих мэдлэгийнхээ дунджаар 34.2 хувийг эзэмшсэн нь хамгийн доод үзүүлэлт болов. Харин II ангийнхны хувьд 63.4 хувьтай үнэлэгдсэн нь хамгийн өндөрт тооцогджээ. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш. Түүнчлэн сурагчдын мэдлэгийн түвшнийг монгол хэл, нийгэм судлал, хүн ба байгаль, биологи, математик, газар зүй, хими, физик, түүх, англи хэл гэсэн 10 хичээлээр үнэлжээ. Сурагчид англи хэлний хичээлээр авбал зохих мэдлэгийнхээ дунджаар 34.2 хувийг эзэмшсэн нь хамгийн доогуур үзүүлэлт аж. Гэтэл дээд үзүүлэлт нь монгол хэлний хичээлдээ 47.2 хувьтай суралцсан нь юм. Тодруулбал, сурагчид нийт хичээлдээ 50 хувьд ч хүрэхгүй үнэлгээ авчээ.
Нөхцөл байдал иймдээ хүрсэнд цар тахлаас шалтгаалсан хөл хорионоос гадна багшийн ур чадвар, эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдал, интернэт, цахим дэд бүтцийн хөгжил сул зэрэг нь нөлөөлжээ. Жишээ нь, багш нар цахим хичээл явуулах техник хэрэгсэлгүй, зарим нь интернэт, мэдээллийн технологийн талаарх хангалттай мэдлэггүй гэнэ. Мөн 40-өөс дээш настай эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ төдийлөн ажиллаагүй, хичээл, сурлагад нь анхаараагүйг судалгааны явцад тогтоожээ. Харин 40-өөс доош насны буюу залуу аав, ээжүүд хүүхдүүдээ сайн сургахад ихээхэн анхаарчээ.
Хоцрогдлыг хэрхэн нөхөх талаар салбарын сайд Л.Энх-Амгалан “Цаашид 100 хувь танхимд хичээллэх шаардлагатай. Хоёрдугаар улирлын хичээлийг энэ сарын 14-нд цахим, танхим хосолсон хэлбэрээр эхлүүлнэ. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан долоо хоногийн дараа 100 хувь танхимын сургалтад шилжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна багш, сурагч, эцэг, эх гэсэн гурван талт хамтын ажиллагаа чухал. Ялангуяа эцэг, эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэй. Хамгийн эмзэг хэсэг бол 2-3 дугаар ангийнхан. Сургуульдаа очиж үзээгүй, ангид сууж байгаагүй, ангийнхантайгаа уулзаагүй бүхэл бүтэн үе бий болчихлоо. Хоёрдугаар ангийн сурагчид уншиж чаддаг ч ямар утгатайг нь ойлгодоггүй. 10 хүүхэд тутмын зургаа нь л унших чадвартай. Мөн тоо нэмж, хасаж чаддаг ч ямар утга илэрхийлж буйг нь огт мэдэхгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг л тоо бодох чадвар эзэмшжээ” гэсэн юм.
Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Өмнө нь зөвхөн 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгт явж байсан юм. Тэгвэл энэ сарын 14-нөөс эхлэн үүн дээр гурван настнуудыг нэмэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад 100 хувь хамруулах боломжгүй гэнэ. Тодруулбал, гурван настай 76 763 хүүхэд байгаагаас 61 хувийг нь л цэцэрлэгт хүлээн авна. Дөрвөн настнуудын 86 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нь. Тэгвэл таван настнуудыг 100 хувь хүлээн авахаар төлөвлөсөн байна.