“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын 4 дэх өдөр буюу хоёрдугаар сарын 8-нд ямар уралдаан, тэмцээн явагдаж, аль улсын тамирчид өндөр амжилт үзүүснийг МҮОХ-ноос тоймлон хүргэж байна.
УУЛЫН ЦАНА
Эрэгтэйчүүдийн супер жи
1.М.Майер /Австри/ 1:19.94
2.Р.Кокран-Сигл /АНУ/ 1:19.98
3.А.Омодт-Кильде /Норвеги/ 1:20.36
Уулын цанын 11 багц медалийн хоёр дахь нь өнөөдөр эзэндээ очлоо. Супер жи буюу жиант слаломын эрэгтэйчүүдийн төрөлд 47 тамирчин өрсөлдсөнөөс Австрийн цаначин, Пёнчан, Сочигийн олимпын аварга Маттиас Майер аваргалав.
Америкийн төдий л нэрд гараагүй тамирчин Райан Кокран-Сигл түүнээс 0.4 секунд хоцрон хоёрт орсон нь томхон сенсаац байв. Энэ тамирчин 2012 оноос хойш Дэлхийн цомын цувралуудад оролцож байгаа ч нийлбэр дүнгээр дээд тал нь 18-р байр эзэлж байв. Харин Бээжингийн олимпод одтой уралдаж, том тэмцээний анхны медалиа хүртлээ. Норвегийн А.Омодт Кильде гуравт хурдлан олимпын наадмын анхны медалиа хүртсэн.
БИАТЛОН
Эрэгтэйчүүдийн хувийн гараа /20 км/
1. Кантен Фийон Майе /Франц/ 48:47.4
2. Антон Смольский /Беларусь/ 49:02.2
3. Йоханнес Бё /Норвеги/ 49:18.5
Пёнчаны олимпын хувийн гарааны аварга Норвеги Й.Бё 2018-2019, 2019-2020, 2020-2021 оны улиралд нийлбэр дүнгээр тэргүүлж, бусдаас хол тасархай байсан. Гэвч олимптой жилийн улирал буюу 2021-2022 оны улиралд тэргүүн байраа Францын Майед алдаж, нийлбэр дүнгээр гуравт бичигдэж яваа. Майегийн хувьд улирлын лидер зүгээр ч нэг болчихоогүй гэдгээ баталж, Бээжингийн олимпын эхний хоёр уралдаанаас алт, мөнгөн медаль авлаа.
Харин энэ хоёр луугарын завсар Беларусийн сураггүй биатлонч А.Смольский шургалсан нь бяцхан сюрприз байв. Тэрбээр бүх сумаа алдалгүй буудсан хоёрхон тамирчны нэг юм.
ГҮЙЛТИЙН ЦАНА
Эмэгтэйчүүдийн спринт /1.5 км/
1. Йонна Сундлинг /Швед/ 3:09.68
2. Мая Дальквист /Швед/ 3:12.56
3. Жесси Диггинс /АНУ/ 3:12.84
Цанын сонирхолтой төрлүүдийн нэг спринт уралдаанд Шведийн Йонна Сундлинг магнайдаа тоос хүргэлгүй түрүүлэв. Тэрбээр урьдчилсан шатанд хамгийн шилдэг цагийг үзүүлж, дараа дараагийн даваанд ч бүхнээс түрүүлж барианд орсоор олимпын анхны медалиа өөрийн болгосон.
Түүний нутаг нэгт цаначин, дэлхийн хошой аварга (багийн спринтээр) Мая Дальквист мөн л олимпын наадмын анхны медалиа хүртсэн юм.
Америкийн цаначин, Пёнчаны олимпын багийн тэмцээний аварга Жесси Диггинс хүрэл дээр буув. Энэ төрөлд уралдсан манай тамирчин А.Энхтуул 91 тамирчнаас 79-р байр эзэлсэн билээ.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5 км/
1. Йоханнес Хёсфлот Клебо /Норвеги/ 2:58.06
1. Федерико Пеллегрино /Итали/ 2:58.32
3. Александр Терентьев /Оросын ҮОХ/ 2:59.37
Пёнчаны олимпын хувийн спринт уралдаанд алт, мөнгөн медаль авсан тамирчид Бээжинд ч яг энэ дарааллаараа жагсав. Норвеги эр Клебогийн хувьд багийн спринт болон буухиа уралдаанд ч ногт ганзагалаж ирэх нь тодорхой.
Харин залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалиас өөр гайхуулах амжилтгүй Оросын залуу тамирчин Терентьев олимпын анхны медалиа авлаа. Энэ төрөлд уралдсан манай тамирчин Б.Ачбадрах 90 тамирчнаас 77-р байр эзэлсэн билээ.