Коронавирусийн улмаас хичээл завсардаж, сурагчдын суралгын чанарт нөлөөлж буй.
Тэгвэл Suraad.mn http://www.suraad.mn/login цахим платформ нь 100 гаруй даалгаврын сантай бөгөөд 11 800 хүүхдийн сурлагын түвшинг тогтоож, хүүхэд нэг бүрд тохирсон даалгаврыг өгдөг байна. Ингэснээр сурагч өөрийгөө үнэлэх, алдаанаасаа суралцах, бие даан суралцах чадвараа нэмэх давуу талтай аж. Мөн багш нар энэ цахим платформын даалгаврын сангаас шалгалтын материалаа боловсруулах боломж бүрдэж байгаа юм.
Хичээлийн хоцрогдол арилгах хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яам хичээлийн хоцрогдлыг үнэлэх судалгаанд 755 сургуулийн 2-12 дугаар ангийн давхардсан тоогоор 297 сурагчийг хамруулжээ.
Уг судалгаагаар математик, монгол хэл, хүн ба байгаль, байгалийн ухаан, нийгмийн ухаан, англи хэл зэрэг сонгон судлах 6 хичээлээр шалгалт авч үнэлгээ хийсэн байна. Судалгааны дүнгээр 2 дугаар ангийн сурагчид 63,4 хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй. Есдүгээр ангийн сурагчид хамгийн бага буюу 34,2 хувьтай үнэлэгджээ.
Энэ хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангид элсэгчдийг үнэлж байх бөгөөд 5, 9, 12 дугаар ангиудад дахин үнэлж, тухайн сурагчийн ахиц амжилтыг тодорхойлох юм. Эхний жилийн гарааны үнэлгээнд 323 сургуулийн 23462 сурагчийг хамрууллаа. Үнэлгээнд хамрагдсан нэгдүгээр ангийн сурагчид 137 оноо авах ёстойгоос дунджаар 83 оноо авсан байна.
Нийт 6 хичээлээс Монгол хэлний хичээлийг судалсан байдал хамгийн их буюу 47.2 хувьтай, харин англи хэлний хичээлийг хамгийн бага хувьтай 34.2 хувьтай байгаа юм.
Сурагч болон багш нар цахим платформын хэрэглээний чадвар эзэмшээгүй байдал, техник хангамж хангалтгүй нь сурлагын амжилтад сөргөөр нөлөөлсөн байна. Теле хичээлийн үед хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаа нь сурлагад нөлөөлсөн ажээ. Гэрийн даалгавар өгөөгүй, өгөхдөө хэтрүүлэн өгөх нь мөн адил үр дүнд хүргэсэн байна. Мөн ээж аав нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй, хүсэл мөрөөдлийнх тухай асуудаггүй байгаа сурлагад сөрөг нөлөө үзүүлжээ.
Гарааны үнэлгээг бүсчилсэн байдлаар авч үзвэл,
• Төвийн бүсийн сурагчид 61.5 хувь
• Баруун бүсийн сурагчид 60.4 хувь
• Зүүн бүсийн сурагчид 64.1 хувь
• Хангайн бүсийн сурагчид 58.7 хувь
• Улаанбаатар хотод 60.6 хувьтай байгаа юм байна.