“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын нээлтийн ёслол энэ сарын 4-нд “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд даруухан боловч гоёмсог, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй боллоо. Олимпын галт бамбар түүхэнд байгаагүй энгийнээр бадамлан аслаа. Энэ удаагийн өвлийн олимпод 91 орны 2871 тамирчин долоон спортын 15 төрөлд 109 цогц медалийн төлөө өрсөлдөх нь. Тэдний дунд Монгол Улсаа төлөөлж гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин хурд, хүчээ сорино. Манай тамирчид нээлтийн ёслолд 79 дүгээрт орж ирсэн юм. Олимпын наадамд хоёр дахь удаагаа оролцох гэж буй Б.Ачбадрах маргааш спринтэд (чөлөөт), 11-нд 15 км (классик) зайд уралдана. Тэгвэл А.Энхтуул мөн маргааш эмэгтэйчүүдийн спринт (чөлөөт), 10-нд 10 км-ийн (классик) зайд хурд сорих юм.
Өвлийн олимпын медальтнууд нээлтийн дараа өдрөөс тодорч эхэлсэн. Анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөл скиатлонд Норвегийн Тереза Йохауг хүртлээ. Скиатлон гэдэг нь замын тэн хагасыг классик буюу сонгомол техникээр, үлдсэнийг чөлөөт (тэших) техникээр гулгах уралдаан. Т.Йохауг “Ванкувер-2010” олимпын буухиа уралдааны аварга, “Сочи-2014-ийн мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин. Түүнчлэн ДАШТ-ий 14 алтан медальтай. Тэрбээр 2016 онд сэргээшийн зөрчил гарган, тэмцээнд оролцох эрхээ 18 сараар хасуулснаар “Пёнчан-2018” олимпын наадмыг өнжиж байв. “Трофодермин” гэх уруулын тос хэрэглэж байсан нь сэргээшийн шинжилгээнд нөлөөлсөн гэж Т.Йохауг өөрөө мэдэгддэг, эмч нь ч мөн үүнийг баталдаг билээ. Гэхдээ л Норвегийн Сэргээшийн эсрэг төв болон ВАДА шийдвэрээ өөрчлөөгүй бөгөөд Х.Йохауг 2018 оны арваннэгдүгээр сараас л тэмцээнд дахин оролцож эхэлсэн юм. “Уулын хатан хаан” (Италид болдог есөн км-ийн уралдаан) цолыг найман удаа хүртсэн цорын ганц цаначин тэрбээр спорт хувцасны “Johaug” брэндтэй, загвар, рекламны ертөнцөд байр сууриа хэдийн олсон, Норвегийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг. “Бээжин-2022” олимпын анхны алтан медальтны тухай товч өгүүлэхэд ийм байна.
Скиатлоны төрлийн эмэгтэйчүүдийн мөнгөн медалийг Оросын Олимпын хорооны тамирчин, 2018 оны олимпын хүрэл медальт Наталья Непряева, хүрэл медалийг Австрийн Тереза Штадлобер нар хүртэв. Шорт трекийн холимог багийн буухиа төрөл өвлийн олимпын хөтөлбөрт анх удаа багтаж, анхны медаль, олимпын дээд амжилт, түүх болж бичигдлээ. Олимпыг зохион байгуулагч БНХАУ-ын баг анхны алтан медалиа зүүж, Итали, Унгарын багийнхан мөнгө, хүрэл медаль өвөртөллөө. Унгарын багт хятад аав, унгар ээжтэй, олимпын аварга, ДАШТ-ий иж бүрэн медалийн цуглуулгатай Шаолинь Шандор Лю, Шаоанг Лю нар уралдсан бол Италийн багт шорт трекийн түүхэн дэх олимпын хамгийн олон медальтай (9 алт, 3 мөнгө, 5 хүрэл) Арианна Фонтана багтлаа.
Бэлгэсэн Ц.Энхтүвшин