"Парис-2022" жүдо бөхийн энэ оны анхны "Гранд Слам" буюу "Их дуулга"-ын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн "Хилчин" спорт хороо, МИАТ компанийн тамирчин, ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд яллаа. Тэрбээр эхний барилдаанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан. Хагас шигшээд домогт Тедди Риньегийн ялалтын цувралыг зогсоосон, 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахиа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.
Ингээд аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауриг ялснаар Парисын "Их дуулга"-ын +100 кг-ын жинд түрүүлсэн анхны Монгол жүдоч боллоо. Ийнхүү Монголын жүдочид Парисын "Их дуулга"-аас 46 дахь медалиа хүртсэний 9 дэх алтан медаль нь түүнийх байлаа.
Ташрамд дурдахад, Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг дотоодын чансаа олгох 1 дүгээр сарын тэмцээний аваргын төлөө О.Цэцэнцэнгэл, Э.Мөнхжаргал нар хүч үзсэн. Э.Мөнхжаргал нь битүүний барилдаанд түрүүлсэн бол О.Цэцэнцэнгэл нь Парист төрийн дууллаа ийн эгшиглүүллээ.