Монгол Улс 2007 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдөр Иргэний нийгмийн өдрийг тэмдэглэж ирсэн. Хүний эрхийн форумын төлөөлөл нэгдэж, Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан мэдээлэл хийв. Тэд 15 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллага үр дүнтэй ажиллах, эрх зүй, санхүүжилт, нийгмийн дэмжлэгийг бий болгох таатай орчин бүрдүүлэхэд ахиц дэвшил гарсангүй гэлээ. Тэр ч бүү хэл, Засгийн газар иргэний нийгмийг устгах, боомилох хуулийг төсөл санаачилсныг цохон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, Сангийн эрх зүйн байдлын болон Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж шаардах бичиг хүргүүлж буй аж. Улмаар албан бичгийн хариуг бичгээр өгөхийг шаардаж буй.
Үүнд,
- Монгол Улсын Засгийн Газраас 2012 онд УИХ-д өргөн барьсан Төрөөс Иргэний нийгмийн талаар баримтлах үзэл баримтлалыг сайжруулан Монгол улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын засаглалын дэд хөтөлбөрт тусгаж батлах;
- УИХ-д өргөн баригдсан “Холбооны эрх зүйн байдлын тухай”, “Сангийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслүүдийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу эрх ашиг нь шууд хөндөгдөж буй төрийн бус байгууллагуудтай хангалттай хэлэлцүүлээгүй боловсруулсан тул эргүүлэн татах;
- Иргэний нийгмийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшил дэмжих нөхцөл боломжийг өнөөг хүртэл бүрдүүлсэнгүй. Шинээр хэлэлцэн батлах ТББ-ын хуульд энэ талаарх бодлого, зохицуулалтыг тусгах;
- Орон нутагт иргэний нийгмийн төлөөлөл ТББ, иргэдийн бүлгүүд хөгжих боломжгүй байна. Аль нэг намыг дөвийлгөсөн, эсхүл дарангуйлж намчирхсан уур амьсгал, ялгаварлан гадуурхалт, санхүүжилтгүй байдал зэргээс ТББ бие даасан үйл ажиллагаа явуулах, иргэдийн бүлгүүд хөгжиж бэхжих боломж хомс байна. Иймд орон нутгийн ТББ, иргэдийн бүлгийг тусгайлан дэмжих төрийн бодлого, үйл ажиллагааг хуулинд тусгах;
- Иргэний нийгмийн байгууллагын төрөл, хэлбэр, нийгэмд үзүүлж буй үр нөлөөг өргөн хүрээнд авч үзэн,олон улсын түвшинд хүлээн авсан иргэний нийгэм, ТББ-ын үйл ажиллагааг үр дүнтэй болгох тухай UPR-ын 110.1, 110.69, 110.72, 110.74, 110.75 дугаар зөвлөмж, Нээлттэй Засгийн Түншлэлийн ҮҮАТ-ний 4 дүгээр үүрэг амлалт, FATF-ын 8 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэн төрийн бус байгууллагын хуулийг талуудын бүрэн, эрх тэгш оролцоонд түшиглэн боловсруулж, батлах;
- Төрийн байгууллагууд иргэд, иргэний нийгмийн байгууллагын албан бичиг, хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгдөггүй, тавьсан асуудалд хамааралгүй оновчгүй хариу ирүүлэхийн зэрэгцээ иргэдийн бодит оролцоог хязгаарлаж, үл тоомсорлож байна. Тиймээс төрийн албан хаагчдыг иргэний нийгмийн талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх, иргэний нийгмийг хөгжлийн эрх тэгш оролцогч болохыг хүлээн зөвшөөрч, үр дүнтэй хамтран ажиллахыг үүрэг болгох, төрийн байгууллагыг иргэний нийгэмтэй хамтарч ажиллах тухай журамтай болгож хэрэгжилтийг үнэлэх ажил гүйцэтгэлийн шалгуурыг нэвтрүүлэх;
- Төрийн албан хаагчдад хариуцлага тооцож чадахгүй байна. Иргэд, аж ахуйн нэгжийн мэдэх, оролцох, улмаар эрүүл аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг эрх удаа дараа зөрчигдөж хохирсоор байна. Иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хариуцлага тооцуулах өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хуулийн хугацаанд шийдвэрлэх,учирсан хохирлыг арилгах, хүний эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох, гомдол барагдуулах механизмийг үр дүнтэй ажиллуулж, хэрэгжилтэд хяналт үнэлгээг тогтмол хийж, хариуцлага тооцох;
- Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль зэрэг иргэдийн шууд оролцоог хангах хуулиуд хэрэгжихгүй байна. Эдгээр хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авах;
Ташрамд дурдахад Хүний эрхийн форум нь 2010 онд байгуулагдсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг түгээх эрхэмлэх үнэт зүйл дээр нэгдсэн 57 ТББ нэгдсэн байна.