Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын хооронд 2017 онд байгуулсан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хугацаа 2020 онд дууссан. Иймд хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгах асуудлаар ярилцаж, хэрэгжилтийг хангах зорилгоор хоёр талаас хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзаж, ярилцав.
Засгийн газар хоорондын хамтын хөтөлбөрийн хүрээнд кино урлаг, телевизийн салбарын бүтээл, нэвтрүүлэг солилцоо, мэргэжлийн байгууллагын шууд харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Энэ хүрээнд хатагтай, Лаура Ботта Итали улсын олон нийтийн “Рай” телевиз МҮОНРТ-тэй шууд харилцаа холбоо үүсгэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Энэ саналыг Соёлын сайд Ч.Номин талархан хүлээн авч, хоёр улсын олон нийтийн телевиз хамтран ажиллаж улс орныхоо өв соёлын талаарх кино, нэвтрүүлгийг харилцан солилцох боломжтой болох нь соёлын хамтын ажиллагааны томоохон алхам гэж үзэж буйгаа хэлэв.
Мөн Соёлын сайд Ч.Номин Италийн Венец хотноо 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн Биеннальд Монгол Улс оролцохоор төлөвлөж байгааг танилцуулсан бөгөөд Элчин сайд Лаура Ботта Монгол Улс энэхүү наадамд 2015, 2017, 2019 онуудад амжилттай оролцож ирснийг өндрөөр үнэлж, тус наадамд тогтмол оролцохыг дэмжиж бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Италийн Венец хотноо 1895 онд үүссэн “Дэлхийн урлагийн олимп” хэмээн нэрлэдэг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь” нь дүрслэх урлагаар дамжуулан улс орны нийгэм, эдийн засаг, улс төр, гадаад харилцаа, үндэстний оюуны дархлааг бэхжүүлэх зорилготой бөгөөд аливаа улс үндэстэн өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглах боломжийг бүрдүүлдэг хамгийн нэр хүндтэй дүрслэх урлагийн олон улсын наадам юм.