Эрээнд гацсан ачаа барааг татах хүрээнд нэгдүгээр сарын 11-27-ны хооронд нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг, 14 736 тонн ачааг татан авчээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдээс задгай тэвштэй машинаар 136 , битүү машинаар 495 чингэлэг зөөж, Улаанбаатар хот болон бусад орон нутаг руу иргэд аж ахуйн нэгжийн ачаа барааг хүргэхээр замдаа гарсан байна. Нийт жолоочийн 340 нь Замын-Үүд сумаас, 336 нь Улаанбаатар хотоос, 19 нь бусад орон нутгаас бүрдсэн аж. Хятадын талаас бэлтгэж буй чингэлэг нийтдээ 985 байгаагаас нэмэлт гарсан хоосон чингэлгүүдийг шат дараалалтайгаар буцааж эхэлжээ. Мөн зогссон байдалтай байгаа нуранги ачаанууд болох нүүрс, төмрийн хүдэр зэргийг гаргах талаар судалж буй гэнэ. Улмаар өчигдөр 15.00 цагт Хятадын төмөр замын дарга, Улаанбаатар төмөр замын дарга нар импортын ачаа тээвэрлэлтийн талаар уулзалт зохион байгуулсан байна. "Улаанбаатар төмөр зам"-ын орлогч дарга Д.Амарбаясгалан энэ талаар "Хятадын талаас мэдээлэхдээ "Монгол Улстай тээвэрлэлт хийхэд бэлэн байгаа ч Эрээн хот хөл хорио тогтоосонтой холбогдуулан Ардын засгийн газарт мэдэгдэл өгсөн. Улмаар хариу ирсэн дариуд эргэж мэдэгдэл хийнэ" гэсэн. Хэрэв нааштай хариу ирвэл урин дулаан цагт барилгын ачаануудыг Улаанбаатарт авчирна. Эрээн өртөөн дээр өргөн нарийн царигийн паркийг өргөжүүлэх хоёр зөрлөгийн хүчин чадлыг дээшлүүлэх ажил цагаан сарын дараа эхэлнэ. Уг ажил эхэлснээр тээвэрлэлтийн хүчин чадал нэмэгдэн өдөрт хорин галт тэрэг зорчих боломжтой болох юм" гэлээ.
Мөн Хятадын төмөр замын өртөө Эрдэнэт үйлдвэрийн зэс, төмрийн хүдэр зэргийг хагас вагоноор хүлээж авахаар болсон. Урьд нь хоногт найман галт тэрэг хүлээж авдаг байсан бол одоогоор 10 галт тэрэг хүлээн авч буй. Өөрөөр хэлбэл, уул уурхайн экспорт бага багаар өсөж байгаа аж.