БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас төмөр замын боомтоор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатай сэргээх тухай мэдэгдэл өчигдөр гаргасныг манай Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Улмаар тээвэрлэлтийг эхлүүлж, 26-27-ны шөнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 121 чингэлэг бүхий зэсийн баяжмал, төмрийн хүдрийг экспортолсон байна. Түүнчлэн Эрээн-Замын-Үүдийн авто замын боомтоор чингэлэгтэй нүүрс импортлох боломж бүрдүүлж буйгаа Хятадын талаас албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Ташрамд дурдахад, сүүлийн хоёр сарын хугацаанд дээрх үйлдвэрийн 237 чингэлэг 15 000 тонн бүтээгдэхүүн төмөр замын өртөөнд, 90 000 тонн нь агуулахад хуримтлагдаад байв.
Бэлтгэсэн С.Дулам