Шадар сайдын ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор гурван сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын импортыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдээлэв. Мөн автозамаар чингэлэгтэй нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг мэдээлэлдээ дурьджээ.