Одоогийн Засгийн газрын гол санаачилга, эрмэлзлүүдийн нэг нь монголчуудыг цахим үндэстэн болгох. Харилцаа холбооны салбарын дэвшилт технологи, давуу байдалд суурилсан бүтээгдэхүүн бий болгож, хөгжүүлэх, аливаа ажил, үйлчилгээг цахим системийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, төвөг чирэгдэлгүй хүргэхэд үүний гол зорилго оршиж буй. Дэлхий нийтийн хөгжлийн чиг баримжаа болсон аж үйлдвэрийн IV хувьсгалын гол үзэл баримтлал нь ч дэвшилт технологид суурилсан ажил, бизнес, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж буй учраас монголчууд орчин цагтайгаа хөл нийлүүлж алхахаас, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг дагахаас аргагүйд хүрч байна.
Энэ зорилтод хүрэхийн тулд Засгийн газар цар тахлын хүнд цаг үед ч тодорхой ажлуудыг хийсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгууллаа. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “И-Монголиа”-г шинэчилж, цэсийг нь баяжуулав. Мөн цахим шилжилтийн үйл явцыг сурталчлах арга хэмжээг цар тахлын тархалтын ид үед зохион байгуулж, олон нийтээс шүүмжлэл хүлээсэн. Цахим засаглал, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, тоон гарын үсэг зэрэг нэр томьёо сүүлийн үед байнга сонсогдох болсон нь манайд энэ чиглэлийн ажил эрчимжиж, ойлголт тэлж байгаагийн илрэл юм. Тэрчлэн иргэдэд цахим боловсрол олгох чиглэлд цаашид онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд ч, “Цахим үндэстэн” санаачилгыг дэмжигч, хэрэгжүүлэгч агентлаг, яамдын удирдлага ч илэрхийлээд буй. Тэгвэл цахим үндэстэн болоход хамгийн чухал, шаардлагатай зүйл болох цахим дэд бүтэц буюу интернэтийн хүртээмж Монголд ямар байна вэ. Иргэд шаардлагатай мэдээ, мэдээлэл болон төрийн аливаа үйлчилгээг цаг алдалгүй авахад интернэт зайлшгүй хэрэгтэй. Харин ийм боломж бүгдэд хүртээмжтэй, нээлттэй байж чадаж байна уу.
Манай улсын Засгийн газар “2016-2020 онд нийт хүн амын 70 хувийг өндөр хурдны интернэтийн сүлжээнд холбож, газар нутгийн байршлаас үл хамаарсан сонголт бий болгоно” гэсэн зорилтыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тусгасан. Тэгвэл одоогийн байдлаар хүн амынхаа 50 хувийг ч өндөр хурдны интернэтээр хангаж чадаагүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос өгсөн мэдээллээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хот хооронд болон суурин газарт байгуулсан интернэт сүлжээний урт 46 705 км байна. Дээрх зорилтыг хангахын тулд үүнийг багадаа хоёр дахин уртасгаж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ. “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Мобиком нетворк”, “Скайнетворкс”, “Жемнэт”, “МТ нетворкс”, “Айрон товер” зэрэг компани эл сүлжээг эзэмшиж буй бөгөөд зонхилох буюу 39.5 мянган км нь хот хооронд, үлдсэн нь суурин газарт хамаардаг аж. Интернэт сүлжээний энэ огтолцол, солбилцлоос “гээгдсэн”, шилэн кабельд холбогдоогүй 11 сум байгааг мэргэжилтнүүд хэлэв. Нэг сум 3000-5000 хүнтэй гэж тооцоолбол дунджаар 35-50 мянган иргэн интернэт ашиглах эрхгүй амьдарч байна. Тэдэнд ухаалаг утас, зөөврийн болон суурин компьютер зэрэг төхөөрөмж, санхүүгийн чадамж байгаад ч цахим сүлжээ ашиглах боломжгүй гэсэн үг. 2021-2025 онд хүн амынхаа 90, 2026-2030 онд 95 хувийг ийм сүлжээнд холбох том зорилт дэвшүүлсэн, төрийн ажил, үйлчилгээг цахим системд даатгах бодлого баримталж буйн хувьд Монгол Улсын Засгийн газар нэн түрүүнд эдгээр сумыг интернэтийн баталгаат эх үүсвэртэй болгоход анхаарах нь зүйн хэрэг юм.
Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй, өдөр тутамд интернэт ашиглах боломжгүй 35-50 мянган хүн гэдэг бол мөсөн уулын орой төдий үзүүлэлт юм. “Монголд интернэтийн хэрэглээ жилээс жилд өсөж байна”, “Нийт хүн амын гуравны нэг нь интернэт байнга ашигладаг”, “Ухаалаг утас хэрэглэгчийн тоо 3.2 саяд хүрлээ”, “Үүрэн холбооны 3G болон 4G сүлжээ ашиглагч 600 мянга болов”, “Гэрээт интернэт хэрэглэгч 317 мянга давлаа” зэрэг “сайхан” мэдээ, үзүүлэлтийг холбогдох албаныхан танилцуулж буй ч үүний цаана анхаарууштай, хөндөлгүй өнгөрч боломгүй асуудал олон байна. Тухайлбал, интернэт хэрэглээнд газар зүйн байршил төдийгүй амьжиргааны түвшин гол нөлөө үзүүлсээр иржээ. Зөвхөн энэ шалтгааны улмаас Монголд гурван хүн тутмын хоёр нь интернэт болон ухаалаг төхөөрөмж худалдаж авах боломжгүй байгааг Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ. Түүнчлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, “Аксесс сольюшинг” компани хамтран “Цахим эрин дэх Монгол Улс” судалгааг 2020 онд хийсний үр дүнд “Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур, 20 хувь нь ядууралд хүрэхэд ойрхон буйгаас нийт иргэдийн бараг тал хувь нь интернэтэд холбогдох боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна” гэж дүгнэжээ. Интернэтийн сүлжээтэй газарт амьдардаг ч цахилгаангүй, гар утас болон бусад төрлийн төхөөрөмж худалдан авах чадамжгүй, орчин цагийн дэвшилт технологийн үр шимийг хүртэх боломжгүй иргэн олон бий аж.
Дэлхийн улс орнуудын харилцаа холбооны салбарт баримталж байгаа гол бодлого бол газар зүйн байршил, хот, хөдөөгийн ялгаатай байдлыг халах. Амьжиргааны түвшин, газар зүйн байршлаас улбаатай энэ ялгарлыг дижитал хуваагдал гэдэг юм байна. Тэгвэл Монгол Улс энэ үзүүлэлтээр өмнө нь ч, одоо ч дэлхийд сүүл мушгисаар буй гэнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага “Монгол Улс дахь гар утасны тоо, хэрэглээ цахим дэд бүтэц сайн хөгжсөн улсуудынхтай ойролцоо түвшинд байна. Тиймээс хөдөлгөөнт байдлаар (гар утсаар) интернэтэд холбогдох нь мэдээлэл, харилцаа холбооны суурин дэд бүтэц хангалттай хөгжөөгүй орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангах гол арга зам байж болох юм. Интернэтийн хэрэглээ нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсээс бүрэн хамааралтай бөгөөд тааруу орлоготой өрхийн гишүүн, бага боловсролтой, ажилгүй, хөдөө орон нутгийн иргэд ихэвчлэн хэрэглээний хязгаартай, хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан цахим системд нэвтэрч байна” гэж дүгнэжээ. Тэрчлэн “Интернэт холболт аймгийн төв, хот газарт хүртээмжтэй, боломжийн бөгөөд иргэд хөдөлгөөнт болон суурин өргөн зурвас, дата зэрэг олон төрлийн үйлчилгээнээс сонгож хэрэглэх боломжтой. Харин хөдөө (сум, суурин газар) интернэтэд холбогдох сүлжээний сонголт хангалтгүй” хэмээжээ.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан “Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийн индекс”-ээр манай улсын 100 оршин суугчид ногдох хөдөлгөөнт утас хэрэглэгчийн тоо харьцангуй өндөр буюу 133.2 буй бол мөн тоонд ногдох суурин өргөн зурвас ашиглагч үүнээс 19 дахин цөөн буюу дөнгөж 6.7 байна. Компьютертой өрхийн эзлэх хувь 36.4 байгаа бол интернэтэд холбогдсон нь 23-хан хувь аж. Энэ нь Монголд цахим дэд бүтэц хэр зэрэг хүртээмжгүй, хангалтгүйг илтгэж байна. Цаашид төр, засаг энэ асуудалд онцгой анхаарахгүй бол дижитал хуваагдал нийгэмд ялгаварлан гадуурхалтын томоохон ангал үүсгэх нь. Өөрөөр хэлбэл, зарим иргэн хөдөлгөөнт болон өргөн зурвас нэвтрээгүй газарт амьдардгаас, бага хурдтай интернэт ашигладгаас, суурин болон зөөврийн компьютер, ухаалаг утасгүйгээсээ болоод төрийн үйлчилгээг бусадтай ижил тэгш хүртэж чадахгүйд хүрэх эрсдэл өндөр байна. Сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй байх талтай. Үүний бодит жишээ болсон үйл явдал цар тахал нүүрлэсэн энэ цаг үед тохиосон юм.
Манай улс цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд ерөнхий боловсролын сургуулиудыг тодорхой хугацаанд цахимаар хичээллүүлсэн. Энэ шийдвэр ерөнхий боловсролын сурагчтай бүх айлыг зурагттай, ухаалаг утас, таблет, компьютер зэрэг хэрэгслийн аль нэгтэй, интернэттэй, цахилгаантай байхыг “тулган шаардсан”. Гэвч бүх айл энэ шаардлагыг яахан хангаж чадах билээ. Үүний уршгаар хичээлдээ “суух” боломж нь хязгаарлагдаж, сурлагын хоцрогдолд өртсөн хүүхэд цөөнгүй. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан ч үүнийг хүлээн зөвшөөрч “Сурлагын хоцрогдол үүсэхэд дэд бүтэц, интернэт, гар утас, компьютерын дутмаг байдал гол нөлөө үзүүлсэн. Манай улсын 23 хүүхдэд нэг компьютер ногдож байгаа нь дэлхийн дунджаас хол гээгдсэн, муу үзүүлэлт. Улсын хэмжээнд 180, нийслэлд 40 мянга гаруй хүүхэд эрчим хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дутагдлын улмаас хичээлийн хоцрогдолд орж, хохирсон. Энэ жил сайдын багцад тусгасан 10 тэрбум төгрөгийг интернэтийн сүлжээг сайжруулахад зарцуулна” хэмээн ярьсан юм. Энэ бол боловсролын салбар дахь зөвхөн сурагчидтай холбоотой асуудал. Цаашлаад багш нарын хувьд компьютер, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж ямар байгааг тооцоолж, тандвал бүр ч бүрхэг үзүүлэлт гарах нь дамжиггүй. Ерөөс цар тахлын үед цахимаар ажил, үйлчилгээ үзүүлсэн, сургалт, арга хэмжээнд хамрагдах шаардлагатай болсон хүмүүст ямар асуудал, бэрхшээл тулгарсныг, үүнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал хэд болсныг тооцоолоход бэрх. Энэ бүхний суурь шалтгаан нь өнөөх л дэд бүтцийн ялгавартай, хүртээмжгүй байдал, дижитал хуваагдал юм. Монголчууд үнэ хээр л цахим шилжилт хийхийг зорьж буй бол, цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлсэд бэлтгэлтэй байя гэвэл дэд бүтцээ сайжруулах, өргөтгөх, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. БШУЯ-наас өгсөн мэдээллээр манай улсын ерөнхий боловсролын бүх сургууль цахим сүлжээнд холбогдсон ч хурдны хязгаартай, ачаалал даах чадвар бага, сансрын интернэттэй нь цөөнгүй гэнэ. Тус яам энэ онд багтаан тэдгээр сургуулийг өндөр хурдны интернэттэй болгох зорилт дэвшүүлснээ онцлов.
Монгол Улсад интернэт хэр үнэтэй вэ гэсэн асуултыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны холбогдох мэргэжилтнүүдэд тавихад “Бидэнд тодорхой мэдээлэл алга” гэсэн юм. Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны интернэтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нарансолонго энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзав. Тус хорооны статистик хариуцсан нэгэн мэргэжилтэн “Манайх дэд бүтцийн хувьд хүртээмжгүй болохоос биш, хурд, үнийн хувьд Азидаа байхгүй боломжийн нөхцөлтэй. Дундаж өрх сарын орлогынхоо 1.85 хувийг өргөн зурвасын интернэт хэрэглэхэд зарцуулдаг гэсэн баримт бий. Гэрээт интернэт хэрэглэгчийн тоо жилээс жилд өсөж буй бөгөөд 2021 онд 344 мянга давсан” гэж мэдээлэв. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан 2019 оны судалгаанд ч Монголыг хамгийн хямд өртгөөр интернэт ашигладаг 10 орны нэг гэж тодотгожээ. Харин тус тайланд өөр нэг анхаарал татсан, санаа зовоох зүйл байсан нь манай улс интернэт гарцын найдвартай байдлаараа онцгой эрсдэлтэйд тооцогддог юм байна. Олон улсын байгууллагынхны дурдсанаар бол доод тал нь 30-40 гарцтай улсыг эрсдэлгүйд тооцдог бол манай орон “10-аас доош гарцтай” ангилалд багтдаг аж.