“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас авлигын төсөөллийн индексийг жил бүр гаргадаг. Энэ оны индексийг өчигдөр танилцуулсан бөгөөд 180 орныг хамруулснаас манай улс 110 дугаарт бичигдсэн байна. Ингэхдээ 100 оноос 35-ыг авчээ. Монгол Улс авлигын индексээр 2015 онд 39 оноо авч байсан нь хамгийн дээд үзүүлэлт аж. Түүнээс хойш оноо аажмаар буурсаар сүүлийн гурван жил дараалан 35 оноо авчээ. Өнгөрсөн жил гэхэд 35 оноотойгоор 111 дүгээр байрт бичигдсэн аж. Тэгвэл энэ онд оноо буураагүй тул нэг байр урагшилжээ.
“Транспэрэнси интернэшнл Монгол” төрийн бус байгууллагаас уг индексийн талаар “Дэлхий нийтэд цар тахлын нөлөөгөөр авлигатай тэмцэх үйл ажиллагаа саармагжиж, 180 орноос 70 гаруй хувь нь 50-иас бага оноо авсан. “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын судалгаагаар өнгөрсөн 1-2 жилд улс орнуудад авлигын түвшин нэмэгджээ. Ялангуяа цар тахлын улмаас хязгаарлалт тогтоосон үед иргэдийн эрхийг зөрчих нь олширсон байна” хэмээн мэдээлэв.