Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний харьяа газрууд болон “МИАТ” ТӨХК-д ажиллаж, салбарын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө. Тухайлбал:
- Улаанбаатар хотын бүсийн нисэлгийн хөдөлгөөн удирдлагын барилгын үйл явцтай танилцаад, тус барилгын эхний хэсгийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулах
- Засгийн Газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” –той уялдуулж хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгч байгууллагуудтай хамтран ашиглах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим аймгийн нисэх буудлыг хөгжүүлэх
- Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг маршрутын дагуу 4С зэрэглэлийн олон улсын нисэх онгоцны буудлыг (Дорнод, Ховд, Улаангомын нисэх буудлуудыг) 4С ангилалд хамруулах, зарим аймагт бүтээн байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх
- Орон нутгийн нислэгийг хэрхэн хөгжүүлэх, Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчидтэй хамтарч ажиллах бодлого боловсруулж, Зам тээврийн хөгжлийн яаманд танилцуулах зэрэг 13 чиглэл бүхий үүрэг даалгавар өглөө.
Үүний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын ашиглалтын явцтай танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус нисэх буудал ерөнхий зориулалтын нислэг, олон улс, орон нутгийн нөөц нисэх буудал, онцгой болон тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, иргэний нисэхийн сургалт дадлага гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2021 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 авиа компанийн 936 нислэг үйлдсэнийг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал танилцууллаа.