Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч уг хуулийн шинэчлэлийг амьдрал нийцээгүй гэх шүүмжлэл гараад буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн онцлог заалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Амьдрал дээр хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байна уу?
-Иргэн, хуулийн этгээд шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, зайлсхийж байгаагаас төлбөр авагч иргэн, байгууллагын эрхийг хөндөж, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэж байна. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрийн хэмжээ хамаарахгүйгээр төлбөр төлөгчдийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлж байсан. Харин 2017 онд батлагдсан хуулиар энэ төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй болсон. Шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэн хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, гурван сарын хугацаанд хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болон 50.0 сая төгрөгөөс дээш төлбөртэй этгээдэд албадлагын арга хэмжээ тогтоох эрх зүйн зохицуулалт нэмж, баталсан. Түүнчлэн хуульд гадаадад зорчих эрхийг сэргээх үндэслэл, журмыг тодорхой зааж, төлбөр төлөгчийн зохих хүсэлт, холбогдох баримт, баталгааг үндэслэн шийдвэрлэх нөхцөл хуульчлагдсан.
-Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хэчнээн хүний гадаадад зорчих эрхийг хязгаарласан бэ. Тухайлбал, хүүхдийнхээ тэтгэмж өгөөгүй аав, өртэй, хөрөнгөө нуун дарагдуулсан хэчнээн хүн байгаа вэ?
-Хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн этгээдийн 60 орчим хувь нь тэтгэлгийн мөнгийг тогтоосон хугацаанд төлөхөөс санаатайгаар зайлсхийх, албадлагын арга хэмжээ явуулах нөхцөл үүсгэдэг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1269 төлбөр төлөгч төлбөр төлөх үүргээ биелүүлсний үндэслэн эрх сэргээсэн. Үүний 753 нь хүүхдийн тэтгэлгийн төлбөртэй байна.
-Иргэн Г.Майцэцэг ШШГЕГ хүний эрх зөрчсөн хэмээн мэдээлсэн. Түүнийг Д.Загджав дарга хүлээн авч уулзсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Иргэн Г.Майцэцэгийн хувьд шүүхийн шийдвэрээр 121.1 сая, түүний үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд холбогдох 475.1 сая төгрөгийн төлбөрийн асуудлаа шийдвэрлээгүйгээс 2020 онд албадлагын арга хэмжээ тогтоосон. Энэ талаар түүнд урьдчилан мэдэгдэж, танилцуулсан, гадаадад зорчих эрх түдгэлзүүлснийг мэдсэн талаар иргэн Г.Майцэцэгээс тайлбар гаргуулж байсан нь холбогдох баримтад тусгагдсан. Тэрбээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр хандаж эрх зөрчлөө, албадлагын арга хэмжээг мэдэгдээгүй гэх утга бүхий өргөдлийг бичгээр гаргасан. Уг иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтнууд биечлэн уулзаж, өөрт хамаарах төлбөр төлсөн, төлбөр авагч нартай төлбөрийн асуудлаар харилцан тохиролцсон баримтаа ирүүлж, асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.
-Хуулийн заалт гэхээсээ илүү А/40 дүгээр журам нь иргэний эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Үүнд тайлбар өгөөч?
-Хуулиар тогтоосон үндэслэлээр албадлагын арга хэмжээ тогтоогдож байгаа, холбогдох эрх зүйн актаар төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэх, саатуулагдсан этгээдийг хүлээн авах, мэдээлэл солилцохтой холбоотой харилцааг уг журмаар зохицуулагдсан. Иргэн Г.Майцэцэгийн хувьд 2016-2019 онуудад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг өнөөг хүртэл хугацаанд биелүүлээгүйгээс түүний эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан. Мөн холбогдох баримтаа ирүүлж, асуудлаа шийдвэрлүүлэх боломж тухайн иргэнд байгаа ч эрхээ хэрэгжүүлэхгүй, бусдад учруулсан хохирол, төлбөрийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй атлаа өөрөө хохирсон, эрх зөрчлөө гэх асуудлаар мэдээлэл хийсээр байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн бүхэн биелүүлэх ёстой.