Монголын театрын музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Монголын үндэсний музейн тасалбарыг shoppy.mn-ээс цахимаар худалдан авах боломж бүрджээ. Түүнчлэн тасалбараа цахимаар авч, үзэх цагаа бүртгүүлснээр музейн тайлбарлагч, хөтчийг урьдчилан захиалах боломжтой аж. Монголын театрын музей нь улсын төв театраас эхлээд дуурь, балет, хүүхэлдэй, цирк, кино зэрэг тайз, дэлгэцийн бүх төрлийн урлагийн түүхэн хөгжлийн талаар дэлгэн үзүүлж, сурталчилдаг. Чойжин ламын сүмийн барилга нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн уран барилга, уран баримлын дахин давтагдашгүй цогцолбор чуулга. Богд хааны ордон музейн цогцолбор нь 1893-1903 онд барьж, Монголын сүүлчийн хаан VIII Богд таалал төгстөлөө амьдарч байсан дурсгалт газар юм. Монголын үндэсний музей нь үндэстний түүх, соёлын өвийг судлах, хадгалан хамгаалах, олон нийтэд түгээдэг, шинжлэх ухаан, соёл, гэгээрлийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Бэлтгэсэн А.Тайшир