Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны зун Баянгол дүүргийн XVIII хороонд түргэн хоолоор үйлчлэх явуулын автобус байрлуулж билээ. Автобусны гадна талыг өнгө алаглуулан будаж, чимэглээд, дотор нь гал тогооны хэрэгсэл, жижиг оврын хийн зуух зэргийг суурилуулж тохижуулсан байсан. Хүүхдүүд тэр автобусыг учиргүй сонирхон, шаваад, орлого ч боломжийн олох шинжтэй байв. Гэтэл 3-4 өдөр өнгөрөв үү, үгүй юү хоол үйлдвэрлэл явуулах шаардлага хангаагүй хэмээн холбогдох байгууллагаас автобусны эзнийг торгон, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Багагүй мөнгө зарж, явуулын гуанз нээсэн залуу “Төрийн хүнд суртлаас болж би “шатлаа”. Тогооч мэргэжилтэй учраас хоол хийж л орлого олно биз дээ. Ийм шийдвэр гаргасанд бухимдаж байна” хэмээн гомдоллон, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн ч амжилт ололгүй өнгөрсөн. Ер нь манай улсад ямар нэгэн бизнес эхлүүлэхэд зөвшөөрөл авах бичиг баримт бүрдүүлэх, шаардлагыг нь хангах зэрэгт цаг, мөнгө зарцуулж асуудал үүсэх нь түгээмэл байлаа.
Байлаа гэхийн учир нь энэ сараас хүнсний дэлгүүр, цайны газар, зочид буудал, түргэн үйлчилгээний цэг, гутал засвар зэрэг 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл авахгүй болон сунгуулахгүй, зөвхөн бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч гаргасан. Уг шийдвэрийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн хүлээн авч, мөн хэрхэн хэрэгжүүлж буйг сурвалжиллаа.
Баянгол дүүргийн XVIII, XVII хороо бидний нэрлэдгээр III, IV дүгээр хорооллын гудамжинд янз бүрийн бараа, бүтээгдэхүүн зарах нь олон. Ажиглавал, авто замын зөвхөн нэг талд, автобусны нэг буудлаас нөгөө рүү очих зуурт алим, жимс зарсан хүн гурав, ОХУ-аас оруулж ирсэн жигнэмэг, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн зарсан хүн нэг байсан бол амны хаалт, бээлий, оймс зэргийг таван ч газарт өрөн, борлуулж байв. Оймс, бээлий, амны хаалт зарж байсан залуугаас худалдаа хийхэд нь ямар нэгэн саад тохиолддог, цагдаа нар “хөөж” буй, эсэхийг нь лавлахад “Үгүй, энд хоёр дахь жилдээ зогсож байна. Яг энд, сонин зардаг мухлагын хажууд зогсоход хөөдөггүй” гэлээ. Түүнчлэн XVII хорооны автобусны буудлуудын орчим дахь ТҮЦ-ний тоо нэмэгджээ. Хуучнаар “Ахуйн үйлчилгээний ордон”-ы эсрэг талд энэ он гарахаас өмнө 6-7 ТҮЦ байсан бол өдгөө 10 болж. ТҮЦ ажиллуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй, хөөгдөх айдасгүй болсноос ийнхүү олширсон бололтой. Стандартад нийцсэн гэж болохоор цэвэрхэн хийцтэй, модон ТҮЦ тэнд байгаа бол ур хийц муутай, өндөр нуруутай хүн эгцхэн зогсож ч багтахгүй төмөр тагз маягийнх ч байна.
ТҮЦ ажиллуулдаг Г.Арвин “Сүүлийн хоёр долоо хоногт хоёр ч ТҮЦ шинээр авч ирж тавилаа. Нэг дор ийм олуул байхаар орлого багасна гэсэн үг. Дүүргээс ямар нэгэн шалгалт, хяналт явуулаагүй. Ямар ч байсан зөвшөөрөл авахгүй, цагдаа нарт хөөгдөхгүй гэж ойлгосон” гэв. Түүнчлэн тус хороонд байрлалтай “Од” кафены эзэн нь “Кафе эрхлэх зөвшөөрлөө сунгуулах шаардлагагүйг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдэгдсэн. Өмнө нь жил бүр сунгуулахдаа байцаагчдад нь кафегаа шалгуулж, бичиг баримт бүрдүүлж ажил уддаг байв. Одоо тэгэх шаардлагагүй болсон нь олзуурхууштай” гэлээ. Харин “Эль карра” нэртэй зочид буудал, зоогийн газар, караоке ажиллуулдаг нэгэн бүсгүй “Манайх нэг барилга дотор гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Гурвуулаа зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Саяхан цагдаа нар хүрч ирэн, зөвшөөрлөө сунгуулах хэрэгтэйг сануулсан шүү дээ. Сунгуулах шаардлагагүй болсон талаар мэдээлэл ч алга. Мөн караокены цагийг хэтрүүлж ажиллав уу, зочид буудалд орсон хүмүүст архи, дарс зарсан уу, өрөөндөө тэд архи ууж буй, эсэхийг нь шалгахаар заримдаа цагдаа нар ирдэг. Хүмүүс гол төлөв архи ууж, наргих гэж л зочид буудалд ордог. Гэтэл өрөөндөө архи, дарс битгий уугаарай гэж хэлэх эвгүй. Ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй л бол ийм зүйлийг шалгаж, хянах дэмий биш үү. Мэдээж зөрчил гаргавал үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцална гэдэг. Дарамттай шүү” хэмээн ярив.
Хан-Уул дүүрэгт “Буянт ухаа” нисэх буудлын ойролцоо нээсэн кафены эзэн С.Сэржхоролтой ийн ярив.
-Хоолны газар нээхийн тулд төрийн албаныхныг “царайчилж”, олон бичиг баримт бүрдүүлэхээс залхаж байна гэж та цахим хуудсандаа бичсэн. Энэ талаараа тодруулна уу
-Өнгөрсөн аравдугаар сард кафеныхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бичиг баримтаа дүүрэгтээ хүргүүлээд, хариугаа аваагүй байхдаа нээсэн юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагч ирж, зөвшөөрлөө автал ажиллаж болохгүй гэсэн. Шаардлагатай бүх зүйлийг бэлдсэн, зөвхөн зөвшөөрлийн цаас гаргуулаагүй учраас ажиллуулахгүй гэсэнд би уурлаж, маргаан үүсгэсэн. Нэг өдөр ч болтугай ажиллаж, орлого олж, зардлаа нөхөх хэрэгтэй биз дээ. Бас Хан-Уул дүүргийн цагдаа нар ч ирж, зөвшөөрлөө аваагүй үедээ үйл ажиллагаа явуулж болохгүйг сануулсан. Дөрвөн долоо хоног хүлээж байж бид зөвшөөрлөө авсан. Энэ хооронд алдаг оног ажилласан.
-Энэ сараас эхлэн таны бизнест зөвшөөрөл авах, сунгуулах шаардлагагүй болсон. Үүнийг мэдсэн үү?
-Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хор уршиг тарих магадлалтай үйлчилгээ, бизнесээс бусад бүх үйлдвэрлэл, худалдаанд ямар нэгэн хяналт тавьж, зөвшөөрөл олгож, ажиллах цагийг нь хязгаарлах угаасаа ямар ч хэрэггүй шүү дээ. Үйлчүүлэгч, үйлчлэгч хоёрын харилцаанд хөндлөнгөөс төр оролцоод байгаа л хэрэг. Стандартыг мөрдүүлэхэд л болно. Манай кафе айраг, хуушуур голчлон зардаг. Ирэх зун байрныхаа ойролцоо гэр барьж, айраг, хуушуур зарахаар төлөвлөсөн. Зөвшөөрөл авахгүй гэсэн учраас ямар нэгэн саад учрахгүй байх гэв.
Эндээс дүгнэхэд иргэд бизнес эрхлэхэд зөвшөөрөл авахгүй, сунгуулахгүй гэсэн шийдвэрийг талархан хүлээн авчээ. Гэхдээ энд, тэнд үзэмж муутай ТҮЦ нэмж байрлуулаад эхэлбэл наанадаж хотын өнгө төрхийг гутааж, цаанадаж хүнсний чанар, аюулгүй байдал алдагдах магадлалтай юм. Ямар нэгэн зохицуулалтыг холбогдох байгууллагуудаас нь хийх хэрэгтэй болох байх. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээ хариуцсан ажилтан Ш.Дэлгэрмаагаас зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа явуулах бизнесүүдэд ямар нэгэн хяналт тавьж буй, эсэхийг нь тодрууллаа. Мөн ТҮЦ-ийн тоо олширсон, автобусны буудлын орчимд арвыг байрлуулж буйг хэрхэн зохицуулах талаар лавлав. Ш.Дэлгэрмаа “Энэ сар гарснаас хойш ТҮЦ-ийн тоо илт нэмэгдлээ. Уг нь дүүргийн хэмжээнд 301 байсан юм. Бид ахиад тоолж байна. Дүүргийн ЗДТГ-аас энэ сард багтаан Нийтлэг худалдааны журам батлахаар боловсруулж буй. Үүгээр хаана ТҮЦ байрлуулах талаар хэлэлцэж, шийдвэрлэнэ. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулна гээд хотоор дүүрэн ТҮЦ байх нь зохимжгүй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд огт зөвшөөрөл авахгүй гэж ойлгож болохгүй. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах, ямар мэргэжлийн хэдэн ажилтантай зэрэг мэдээллээ UB.mn цахим хаяг руу илгээнэ. Бид мэдээллийг хүлээн аваад, бүртгэн, хог хаягдлын мөнгө хураах зэрэг ажлыг зохион байгуулах юм. Мөн тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хангасан, гал түймрийн аюулаас сэргийлсэн, эсэхийг холбогдох байгууллагаас нь шалган баталгаажуулна. Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчилдэг, тамхи болон эмийн бүтээгдэхүүн зардаг иргэн, аж ахуйн нэгжүүд заавал зөвшөөрөл авна” гэв.