Манай улсад хувь хүний нууцын тухай ойлголт, тогтолцоо бараг л бэхжээгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь монгол хүн бүрийн амин чухал, хувийн нууцад хамаарах мэдээллүүдийг агуулдаг регистрийн дугаар хэдийн үнэ цэнээ гээж, олон нийтийн байтугай олон улсын “хүртээл” болчихоод буй. Тодруулбал, дэлхийд “зартай” хакерууд мэдээллээ солилцон, наймаалцдаг raidforums.com цахим хуудсанд 2.3 сая монгол иргэний хувийн мэдээллийг 700 ам.доллароор худалдах зар 2020 оны аравдугаар сард байршиж, үүнээс нэг сарын дараа уг мэдээллийг устгасан байдаг. Яагаад устгасан, тэрхүү мэдээллүүд зарагдсан, үгүйг нь ч бид өдгөө мэдэхгүй. Тэгвэл уг мэдээлэл үнэн болохыг Тагнуулын ерөнхий газрынхан тээр хойно нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд харамсалтай нь үүнд ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй.
Харин иргэд, аж ахуйн нэгжийг мэдээллийн аюулгүй байдалдаа анхаарахыг сэрэмжлүүлсэн болоод уг үйл явдал мартагдсан. Үүгээрээ юу хэлэх гэсэн юм бэ гэхээр Монгол Улсын нууцлалын бодлого хэдийн алдагдсан, холбогдох хууль, тогтоомжийг бүх шатандаа хэрэгжүүлж, хяналт тавьдаггүйгээс эдүгээ монголчуудын хувийн бүх мэдээлэл алган дээр тавьсан мэт ил болжээ. Уг нь төр, засаг үүнээс өмнө иргэдийнхээ мэдээллийг хамгаалах боломжтой байсан бөгөөд хууль, эрх зүйн орчноо ч хангалттай бүрдүүлсэн байж. Гэвч ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр сая л нэг ухаарч, “сэрэв” бололтой.
Учир нь юу вэ гэвэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын регистрийн дугаар шаарддаг үйлчилгээнүүдийг иргэд 2010 оноос эхлэн 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараараа авч болох байж. Өөрөөр хэлбэл, цахим хэрэглээ, үйлчилгээ өргөн нэвтрэхтэй зэрэгцээд бид сүүлийн 12 жилд ядаж хувийн мэдээллүүдээ ингэж нууцлах боломжтой байсан гэсэн үг. Гэвч төрийн урагшгүй албатуудын балгаар хувь хүнийг бүрэн илэрхийлэхүйц, мэдээллүүдийг нь нууцалсан, иргэний бүртгэлийн дугаар бүхий 12 оронтой тоо байдаг талаар нийтээрээ дөнгөж одоо мэдэж байгаа нь харамсалтай.
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх болсон талаар саяхан мэдээлэв. Уг бүртгэлийн дугаар нь тухайн иргэний овог, нэр, төрсөн он, сар, өдөр болон бүртгүүлсэн газар, хүйс зэрэг энгийн мэдээлэл агуулдаг аж. Тиймдээ ч хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалахад чухал ач холбогдолтой дугаар юм байна. Тэгвэл уг бүртгэлийн дугаарыг иргэдэд 2010 оноос эхлэн олгосныг та мэдэр үү. Тухайн онд иргэний шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд явуулж, мэдээллийн сангаас иргэн бүрт 12 орон бүхий энэхүү дугаарыг олгосон юм билээ. Тэрнээс биш, иргэдэд бүртгэлийн дугаар шинээр нээсэн зүйл байхгүй гэсэн үг. Уг дугаар нь нэг л удаа олгогддог, давхардаагүй, өөрчлөгдөхгүй, хувийн мэдээллийг агуулаагүй хэрнээ тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэнэ. Гэвч УБЕГ-ынхан иргэний бүртгэлийн энэхүү дугаарыг одооноос л хэрэглээнд нэвтрүүлж эхлэх гэж буй аж.
Иргэд цахим үнэмлэхийнхээ ард байх QR кодыг уншуулж, 12 орон бүхий бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой. УБЕГ-ынхны хэлснээр иргэд хүсвэл регистрийнхээ оронд уг бүртгэлийн дугаарыг ашиглаж, төрийн бүх үйлчилгээг авах боломжтой гэлээ. Өөрөөр хэлбэл, иргэд энэ оноос эхлэн регистр шаарддаг бүх үйлчилгээг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүртгэлийн дугаараараа авах боломжийг албаныхан бүрдүүлж буй гэнэ. Энэхүү бүртгэлийн дугаарыг хэрэглэснээр тухайн иргэний хаалттай болон хязгаартай мэдээллийг өөр хэн нэгэн мэдэх боломжгүй бөгөөд үйлчилгээнд өргөн ашиглах хэрэгцээ, шаардлага нь хэдийн үүссэнийг хэлэх нь илүүц биз ээ.
Монгол Улсын иргэн бүрт төрсөн даруйд нь регистрийн дугаар олгодгийг бид бүхэн мэднэ. Харин энэхүү дугаар нь хувь хүний хэр олон мэдээллийг агуулдгийг тэр бүр мэддэггүй шүү дээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж ангилсан байдаг. Нээлттэй, хаалттайгаас бусад мэдээллийг хязгаартайд нь тооцож, тухайн иргэний зөвшөөрлөөр мэдээлэл авахаар хуульчилж, өдгөө хэрэгжүүлж байна. Тэгвэл регистрийн дугаар нь хязгаартай мэдээллийг агуулсан, хувь хүнийг бүрэн төлөөлөх баримт бичиг авч одоо мөрдөж буй бусад 20 гаруй холбогдох хууль, тогтоомж үүнтэй зөрчилддөг. Тодруулбал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд одоо болтол иргэдээс регистрийн дугаарыг нь нэхэж, аливаа баримт бичигт ил тодоор бичиж, зарлахыг шаардсаар буй юм.
Регистрийн дугаар нь хувь хүний овог, нэр, төрсөн он, сараас гадна тухайн иргэний гэр бүлийн байдал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлсөн, эсэх, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлт, цалин, орлогын хувь хэмжээ, халамжийн үйлчилгээ, жолооны үнэмлэх, банкны дансны дугаар, хад галамж гэхчлэн маш олон мэдээллийг агуул даг. Тэгэхээр иргэд регистрийн дугаараа “нийтэд зарлах” бүрт энэ бүх мэдээллээ алддаг гэсэн үг. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд бид үүнд төдийлөн ач холбогдол өгч, анхаарч байгаагүйгээс монголчуудын хувийн нууцад хамаарах мэдээллүүд өдгөө дэлхийгээр нэг тарчихаад буй хэрэг. Тиймээс л төр, засгаас цаашид иргэдийн хувийн нууцад хамаарах мэдээллийг задруулахгүй байхад анхаарч, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд өргөн нэвтрүүлэх бодлого барьж эхэлсэн нь энэ аж.
Олон нийт иргэний бүртгэлийн 12 орон бүхий дугаарыг одоо шинээр олгож, регистрийн дугаарыг цаашид устгах нь гэх мэтээр цахим орчинд янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлсээр буй. Тэгвэл дээр дурдсанчлан тухайн иргэний хувийн нууцад хамаарах бүх мэдээллийг агуулсан регистрийн дугаарыг “халах” боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. Харин иргэдийн хувийн нууцыг ирээдүйд задруулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг нь хангах үүднээс бүртгэлийн дугаараар аливаа үйлчилгээг авах боломжийг нь бүрдүүлэх аж.
Түүнчлэн УИХ-ын Цахим бодлогын түр хорооны шийдвэрээр “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийн хүрээнд бүртгэлийн төрөлжсөн мэдээллийг иргэний 12 орон бүхий дугаарт үндэслэж, үйлчилгээнд бүрэн ашиглахаар төлөвлөж буй гэнэ. Уг нь Улсын бүртгэл, мэдээллийн сангийн төрөлжсөн бүртгэлийг явуулахдаа иргэний улсын бүртгэлийн дугаарт нь үндэслэнэ гэж анхнаасаа хуульчилсан ч хэрэгжүүлэлгүй өдий хүрчээ. Харин цаашид төрийн болон бусад байгууллагынхан мэдээлэл солилцохдоо холбогдох хуулийн хүрээнд эл бүртгэлийн дугаарыг ашиглах болсныг УБЕГ-ынхан хэлсэн. Тус газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэг “Иргэний бүртгэлийн дугаарыг шинээр олгоогүй гэдгийг олон нийт эхлээд зөвөөр ойлгох хэрэгтэй. Санаа нь, цаашид регистр шаарддаг бүх үйлчилгээг өмчийн хэлбэр хамаарахгүйгээр иргэний бүртгэлийн 12 оронтой дугаар ашиглан авдаг болгох юм. Үүнээс өмнө нь, одоо ч бид эмнэлэг, сургууль, халамж гээд нийгмийн олон үйлчилгээг регистрийн дугаараараа авч байна. Тэгэхээр эдгээр ил болсон мэдээллүүдийг өдгөө яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнийг зохицуулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд иргэний бүртгэлийн дугаарыг бүх үйлчилгээнд өргөн нэвтрүүлсний дараа иргэдийн тэдгээр мэдээллүүдийг тухайн байгууллагаас эргүүлэх татах, эсэх зэрэг ажлыг хийх юм билээ. Цахим гарын үсгийн, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрхэн уялдуулж үйлчилгээнд ашиглах талаарх дүрэм, журам нь тодорхой болох байх. Уг нь регистр шаарддаг төрийн үйлчилгээнүүдийг иргэний бүртгэлийн дугаараар авахыг холбогдох хуулиудад аль эрт заасан байдаг. Гэвч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд регистрийн дугаарыг л өргөн ашиглаж иржээ. Тиймээс хамгийн гол нь иргэд өөрсдийн бүртгэлийн дугаарыг мэдэж, түүгээрээ цаашид аливаа үйлчилгээг авч хэвших хэрэгтэй. Иргэдийн алдагдсан мэдээллүүдийг хэрхэх, эсэхийг сая хэлсэнчлэн мэргэжлийн байгууллагууд нь шат дараатай шийдэх юм билээ” гэж ярилаа.
Тэгэхээр иргэд одооноос аливаа үйлчилгээг регистрээр биш, бүртгэлийн дугаараараа авч, зөвшөөрөхгүй албан хаагч, аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавин, хувийн мэдээллүүдээ хамгаалах хэрэгтэй юм байна.