Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулахаар болсон юм.
Дарханд шинээр 30 га талбайд сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар болжээ. Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-оор нэмэгдэнэ гэж БШУЯ үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх аж.
Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажилладаг байна.
Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болжээ.