Хөрөнгийн зах зээлийн талаар ямар ойлголттой болон хувьцаа эзэмшдэг, эсэхийг нь хэдэн хүнээс тодрууллаа.
Англи хэлний багш мэргэжилтэй, 40 настай Н.Энхболд “Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцаанаас манай гэр бүлд нийт 2600 ширхэг бий, ногдол ашиг авсан. Үүнийг эс тооцвол хувьцаагүй. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд жирийн иргэд оролцож, өгөөж хүртэх боломж бага, мэдлэг, туршлага шаардсан ажил гэж боддог” гэв.
Уул уурхайн инженер мэргэжилтэй, 33 настай М.Ариунлхам “1072 хувьцаанаас надад 50 ширхэг байгаа. Хувьцааны дансаа “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг авснаас өөрөөр ашиглаагүй. Хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч ойлголт байхгүй. Дунд болон их сургуульд энэ чиглэлийн хичээл судлаагүй. Ямар нэгэн компанийн үнэт цаас худалдаж авч, зах зээлийн арилжаанд оролцож, ашиг олох, эсэхэд эргэлздэг” гэж байв.
Сэтгүүлч мэргэжилтэй, 30 настай С.Ганжигүүр “Хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч ойлголт, мэдлэг байхгүй. Хувьцаа худалдан авахад их мөнгө зарцуулж, ашиг хүртэхэд удах байх. Харин богино хугацаанд ашиг олох магадлалтай гэж тооцон токен авахад хоёр сая төгрөг зарцуулсан. Гэтэл нэгжийнх нь үнэ одоогоор 60 хувиар хямдарч, алдагдал хүлээх боллоо. Хадгаламжийн хүү бага энэ үед иргэд байгаа хэдэн төгрөгөө ямар аргаар өсгөх талаарх мэдлэг, мэдээлэл үнэхээр дутмаг байна” гэсэн юм.
Санхүүч мэргэжилтэй Н.Батсайхан “Манайх фермээ өргөжүүлсээр өдгөө 100 гаруй үхэртэй болсон. Бизнестээ арай дөхмийг бодон ахтайгаа нийлэн “Сүү” компанийн цөөнгүй хувьцааг 2021 оны нэгдүгээр улиралд худалдан авсан. Ногдол ашиг авч эхлээгүй ч “Сүү”-гийн үнэт цаасны үнэ нэмэгдсэн болохоор анх зарцуулснаас илүү мөнгөтэй болох боломж бүрдсэн. Гэхдээ “Сүү” олон сая ширхэг хувьцаатай. Цаашид ялангуяа сүү, мах, улаан буудай зэрэг стратегийн хүнс үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн хувьцаа улам үнэд орох болов уу хэмээн тооцон авсан ч жижиг хувьцаа эзэмшигчид бид өчүүхэн бага ашиг хүртэх янзтай” хэмээн ярив.
Дээр дурдсанчлан хөрөнгийн зах зээлийн тухай болон хувьцаатай, эсэх талаар 25-45 насны 10 хүнээс асуухад ес нь ямар ч ойлголтгүй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй гэсэн бол нэг нь л “Сүү” компанийн жижиг хувьцаа эзэмшигч болоод удаагүй аж.
Ийнхүү иргэд мэдлэггүй, идэвхгүй, ойлголтгүй байгаа ч манай улсын Хөрөнгийн биржид өнгөрсөн онд огцом өсөлт гарсан. Тухайлбал, зах зээлийнх нь цар хүрээг тодорхойлогч “Топ-20” индекс нэг жилд 100 хувиас хэтэрч өссөн нь бусад орны голлох биржийн индесксээс давж, тэргүүлсэн үзүүлэлт болжээ. Мөн зах зээлийнх нь үнэлгээ нэмэгдэн, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь ч ахисан байна. Энэ нь монгол компаниудад хөрөнгө оруулах, хувьцаа худалдан авах, арилжаанд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэнийг харуулж буй хэрэг. Мөн хадгаламжийн хүү буурсан, цар тахлын улмаас иргэд, аж ахуйн нэгжид зарим хөнгөлөлт үзүүлсэн болон тэтгэмж, халамжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Тэгвэл энэ онд уг зах зээлд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр үүсэн, иргэдэд ямар боломж гарах бол. Энэ талаар сонирхлоо. Юуны түрүүнд банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор системийн нөлөө бүхий банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй компани болох алхам хийгдсэнийг МХБ-ээс дахин дурдав. Үүний хүрээнд эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, шаардлагатай дүрэм, журам батлан, мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлүүлжээ. Төлөвлөсөн ёсоор банкны системд нөлөө бүхий таван банк олон нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон, дотоодын хөрөнгийн зах зээлээс нийт 620 тэрбум төгрөг татан төвлөрүүлээр тооцжээ. Эдгээр банк нь ирэх оны зургадугаар сард багтан нээлттэй хувьцаат компани болсноор Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ одоогийнхоос 30-50 хувиар ахих хүлээлт үүсгээд байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос дурдлаа. Мөн компаниудын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, бонд, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа худалдан авах боломж илүүтэй бүрдэх аж. Харин иргэд хувьцаа худалдан авах бол бүх мөнгөө нэг компанид оруулах биш, өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг, хэд хэдэн компанийн үнэт цаастай болох нь эрсдэл багатай алхамд тооцогдох гэнэ. Ингэснээр нэгнийх нь хувьцааны үнэ буурахад нөгөөгийнх нь өсөх байдлаар хөрөнгө оруулалтын үнэ цэн огцом унахгүй юм байна. Түүнчлэн ихэнх хувьцаа удаан хугацаанд өгөөжөө өгдөг учраас ашиг хүртэхийн тулд хэдэн жил хадгалах хэрэгтэй болдгийг тооцох учиртай аж. Мөн мэргэжлийн бус хүний зөвлөгөө, ам дамжсан ярианд үндэслэж хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэйг анхаарахыг мэргэжилтнүүд хэлсэн. Хувьцааны үнэ өсөж, буурах байнгын хэлбэлзэлтэй бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа доголдвол, үнэт цаасных нь ханш буурна. Муугаар бодоход, компани дампуурвал бусдад төлөх өр төлбөрийг нь бүрэн барагдуулсны дараа үлдсэн хөрөнгөө хувьцаа эзэмшигчдэд хувааж ногдуулдаг, хөрөнгө оруулагчдын мөнгө бүрэн үнэгүйдэх ч тохиолдол гарахыг тооцох ёстой. Тиймээс иргэд мэргэжлийн хүмүүст хандан зөвлөгөө авч, хөрөнгө оруулах хэрэгтэй байх нь. Мөн мэргэжлийн байгууллагуудаас нь олон нийтэд хөрөнгийн зах зээлийн өгөөж, арилжаанд оролцох боломж, зах зээлийн төлөвийн талаар үе шаттай мэдээлэл өгч, иргэдийг мэдлэгжүүлэх, чадавхжуулах хэрэгтэй нь харагдаж байна. Үүнээс гадна манай улсад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдсөн хэвээр олигтой ашиг хүртдэггүй байдал нь хүмүүс хөрөнгийн зах зээлийг сонирхохгүй байхад нөлөөлдөг байх магадлалтай. Учир нь зах зээл дэх нийт үнэт цаасны 70 гаруй хувь нь хувьцаа эзэмшигчдийн 0.1 орчим хувь буюу 250-иад эзэн, аж ахуйн нэгж, иргэдэд ногддог гэсэн судалгаа бий.
Бэлтгэсэн С.Цэрэн