Монгол Улс өнгөрсөн онд анх удаа Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай болсон. Уг хуулийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-нд баталснаас хойш 10 орчим сар өнгөрчээ. Мөн хэрэгжүүлэх “тоолуур гүйгээд” зургаан сар боллоо. Гэсэн ч хэрэгжих нь битгий хэл, ор сураггүй болов. “Азид анх удаа хүний эрх хамгаалагчийг хамгаалсан хуультай боллоо”, “Монгол Улсын хүний эрх хамгаалах тогтолцоо бэхжиж, шинэ шатанд гарлаа”, “Хүний эрхийн төлөө тэмцэгчид хуулиар хамгаалуулж, чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломж бүрдлээ” гэж цээжээ дэлдэж, пиар хийж байсан түшээд, хууль тогтоогчид ч таг чиг болжээ.
Хүний эрх хөсөр хаягдсан бодит байдал төдийлөн өөрчлөгдөөгүй, зарим талаар улам дордсоор байгаа атал эрх баригчид баталсан хуулиа хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам ер хийсэнгүй. Хүний эрх хамгаалах чиглэлээр ажилладаг гол байгууллага болох Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон ч энэ талаар зоригтой, чанга дуугарч, холбогдох хүмүүсийн сонорт хүргэсэнгүй, хүлээлтийн байдалтай сууна.
Нөгөө талаар хуулийг олон нийтэд таниулан сурталчлах чиглэлийн ажлуудыг аль ч байгууллагынхан огт хийхгүй байна. Төрийн байгууллагынхан доороосоо дээд шат хүртлээ хүний эрхийн талаар мэдээлэл, ойлголт тун багатай, зарим нь “тас харанхуй” хэвээр байгаа энэ үед хуулиа таниулан сурталчилж, ойлгуулах нь чухал баймаар. Тэгэхгүй бол хүний эрх хамгаалагчид чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нь битгий хэл, төв талбайд жагсаал хийж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдан хоригдсон тохиолдол ч саяхан гарлаа.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсны дараахан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Монгол Улс Азид анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчиллаа. Байгаль орчин хамгаалагч, хүчирхийлэлтэй тэмцэгчид өөрсдөө хүчирхийлэлд өртдөг байсан. Хуулиар хүний эрхийн хамгаалагчдаа хамгаалалтад авсан”, мөн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай болж, бусад орныг түүчээллээ” хэмээж байлаа.
Түүнчлэн хууль санаачлагч гишүүн Д.Цогтбаатар “Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд, ялангуяа хүний эрхийг хамгаалах тогтолцоонд нэг том алхам хийлээ. Хүний эрх хамгаалагч гэдэг ухагдахуун нь цоо шинэ ойлголт. Иргэн бүрийн эрхийг хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо. Энэ хууль иргэн бүрт хүрч үйлчилнэ гэсэн үг. Хуулийг батлах явцад анзаарагдсан нэг зүйл бол манай улсад хүний эрхийн тогтолцоо гүйцэд төлөвшөөгүй. Шийдвэр гаргагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэг нимгэн байна” хэмээж байв. Тэрбээр уг хуулийг санаачилснаараа Европын Холбооны Хүний эрхийн дээд шагнал ч хүртсэн. Энэ мэтээр хууль тогтоогчид пиар хийж, өөрсдийгөө олон талаар сурталчилсан. Харин хуулийн хэрэгжилтэд хэн нь ч анхаарсангүй.
Өдий хүртэл хуулийг яагаад хэрэгжүүлээгүй шалтгааныг ХЭҮК-оос тодруулахад “Төсөвгүй хууль баталснаас хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдээгүй” гэв. Тодруулбал, хуулийг хэрэгжүүлэхийн тулд ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн хороо гэсэн нэгж байгуулахаар заасан. Уг хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч, нотолгоо, баримт цуглуулан, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарган, ХЭҮК-т хүргүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлэх үндэс суурь нь хороо байгуулах. Гэтэл уг хороог байгуулах, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай нэг ч төгрөгийн төсөв байгаагүй гэнэ. Цаашлаад шинэ нэгжид хэдэн хүн ажиллах, бүтэц, орон тоог нь хэрхэн батлах, ямар зарчмаар үйл ажиллагаа явуулах зэргийг ч өдий хүртэл нарийвчлан тодорхойлоогүй аж.
Түүнчлэн төсөв нь байлаа ч уг хороог байгуулах үндсэн нөхцөл нь огт бүрдээгүй гэнэ. Тодруулбал, тус хороог ХЭҮК-ын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн удирдахаар хуульчилсан. Үүнтэй уялдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүний тоог нэгээр нэмж, зургаа болгохоор заажээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2-т заасны дагуу хорооны даргыг ХЭҮК-ын зургаан гишүүн дотроосоо нэг жилийн хугацаагаар, нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор зохицуулсан.
ХЭҮК-ын гишүүдийн тоог нэгээр нэмж, Хүний эрх хамгаалагчийн хороог даргатай болгох хууль, эрх зүйн орчин ийнхүү бүрдсэн. Гэтэл өдий хүртэл ХЭҮК-ын шинэ гишүүнийг нэмж томилж чадаагүй. ХЭҮК-ын шинэ (эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн) гишүүнийг сонгон шалгаруулах журмыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос гаргажээ. Мөн сонгон шалгаруулалт ч зарласан байна. Уг нь сонгон шалгаруулалтад нэг хүн оролцсон ч өөр ажилд томилогдсон гэнэ. Тиймээс дахин сонгон шалгаруулалт зарлах гэх мэтээр эл ажил нь сунжирсаар, хугацаа алдсаар өдий хүрчээ. Өөрөөр хэлбэл, ХЭҮК-ын шинэ гишүүныг УИХ-аас томилж байж Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулна. Хороо байгуулсны дараа хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдэх нь. Харин хэзээ ийм боломж бүрдэх нь тодорхойгүй байна.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацаа эхэлсэнтэй холбоотойгоор, дабл стандартын асуудлаар нэр бүхий хүмүүс ХЭҮК-т гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, тэд хүний эрх хамгаалагчийнхаа хувьд хамгаалалт хүссэн бололтой. Харамсалтай нь, хууль хэрэгжиж эхлээгүй учраас тэдэнд ямар ч хамгаалалт байсангүй. Улмаар тайван жагсаал цуглаан хийснийхээ төлөө цагдан хоригдсон байдаг. Тэд дабл стандарт буюу дарга иргэдээсээ давуу эрхтэй байгааг эсэргүүцэн, өнгөрсөн онд төв талбайд олон удаа жагсаал зохион байгуулсан. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан, цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчсөн гэдэг шалтгаанаар тэдний заримыг нь цагдан хорьсон байдаг. Уг нь манай улсын Үндсэн хуульд иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан. Гэтэл иргэдийн эрхийг эрх баригчид өөрсдөө буюу төр, засаг хамгийн их зөрчиж, уландаа гишгэдгийг цар тахлын үеийн олон үйл явдал харуулсныг олон хүн нүдээр үзэж, биеэр туулсан билээ.
Хууль баталснаас хойш сар гаруйн дараа буюу өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд Төрийн ордонд хүний эрх хамгаалагчдын уулзалт зохион байгуулсан. Тэр үед УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийг уландаа гишгэсэн бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, “Ер нь бид хуулийн төсөл боловсруулж, батлахдаа байгууллагын эрхийг л хуульчилж байснаас хүний эрхийг хангах, түүнийг зөрчихөөс сэргийлэхэд төдийлөн анхаарал тавьж байсангүй” хэмээж байв. Энэ нөхцөл байдлыг Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль өөрчилж, сайжруулна гэдгийг тэрбээр илэрхийлсэн. Мөн хууль тогтоохдоо хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ мэтээр ярьсан зүйлүүдээ хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ, дарга нар аа.
Бэлтгэсэн М.Оч