Цар тахлын улмаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын экспорт 2021 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс зогсоод буй. Үүнээс шалтгаалан 237 вагонд ачсан 15 мянган тонн зэсийн баяжмал төмөр замын өртөө дээр, мөн 90 гаруй мянган тонн зэсийн баяжмал “Эрдэнэт үйлдвэр”-ийн агуулахад хуримтлагдаад байна. Нийтдээ 200 сая орчим ам.долларын бараа, бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оролгүй хадгалагдсан байдалтай байгаа юм.
Энэхүү тээвэр ложистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай цогцоор шийдвэрлэх шаардага үүсээд байгаа тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан баг “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байна.
Тэрбээр хуримтлагдсан зэсийн баяжмалыг богино хугацаанд оновчтой хувилбараар хэрхэн тээвэрлэх асуудлаар Эрдэнэт үйлдвэрийн саналыг сонсож, бодит байдалтай танилцаж, зохих үүрэг, чиглэл өгч, хамгийн боломжтой хувилбарыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай арга хэмжээ авахаар болжээ.