“Эксклюзив”-ийн Г.Майцэцэгийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ. Учир нь “50 саяас дээш төгрөгийн өр, зээлтэй хувь хүн, аж ахуй нэгжийг хилээр гарах эрхийг хязгаарлах” тухай хуулийн заалт 2021 оны нэгдүгээр сарын 10-наас Монгол Улсад үйлчилж буй аж.
Энэ тухай Г.Майцэцэг мэдээлэхдээ “Аль 2020 онд өр, авлагынхаа асуудлыг шийдвэрлэчихсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан “Бид дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна. Та өр авлагынхаа бичиг баримтыг албаны мэйл хаягаар илгээ” гэсэн.
Уг нь бизнес эрхлэгч би Туркээр дайрч, Италийн талын түнштэйгээ уулзалт хийх яаралтай ажилтай явна. Мөн бүтээгдэхүүний түүхий эдээ авчрах хэрэгтэй байхад, аль эрт төлсөн өр, хоёр хүн хоорондоо тохирсон асуудлыг төрийн байгууллага дундуур нь орж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч миний бизнес эрхлэх үйл ажиллагаанд саад учруулж байна” гэсэн юм.
Мөн тэрбээр хэлэхдээ "Ер нь бизнес эрхэлж байгаа хүнд өр, авлагатай байх нь энгийн байдаг л хэрэг. Авлагатай хүн нь мессеж илгээж, “Авлагагүй” болсноо хэллээ. Бүтэн сайн өдөр /01.23/ хүртэл онгоцны билетээ түр хойшлуулчихсан гээд өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээгээ авсан. Энэ хугацаанд хоригийг минь цуцалж өгөөч гэхэд “боломжгүй” гэх юм.
Цар тахлын хүнд цаг үед жижиг дунд бизнесээ өргөжүүлэх гэж зүтгэж байхад, юунд бичиг цаас нэхэж асуудлыг ингэж хүндрүүлнэ вэ. Нөгөө дижитал шилжилт чинь хаана байна. Би боломжийг л хүсч байна. Над шиг ийм нөхцөлд байгаа зөндөө хүмүүс байгаа гэж бодож байна. Ер өөрийнхөөрөө зүтгэх гэсэнгүй. Зүгээр л бизнес эрхлэгчдэд уян хатан бодлого үйлчлэх хэрэгтэй гэж бодож байна” гэлээ.
Яг одоо тэрбээр Д. Загджав даргын хэлснээр хүсэлтээ бичиж, ШШГЕГ-н үүдэнд хүлээж суугаа аж.