УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төвлөрүүлсэн орлого, тэдэнд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандив, зардлынх нь тайланг Үндэсний аудитын газраас хянажээ. Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт явуулсан эл нөхөн сонгуульд улс төрийн найман нам, нэг эвслээс 14 хүнийг нэр дэвшүүлж, хоёр иргэн бие даан өрсөлдсөн билээ. Тэдний сонгуулийн зардлын тайлангаас харахад нийт 1.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн буюу мөнгөн хандив (мөнгөн бус хандив нь 1.5 сая төгрөг) авчээ. Үүнээс нэр дэвшигчдийн харилцах дансанд 15.5 сая төгрөг л үлдсэн байна.
Тэрбум гаруй төгрөгийг найман нам, 16 нэр дэвшигч хэрхэн бүрдүүлэв гээд харвал “Зөв хүн электорат” эвслээс 53.6 сая төгрөгийг нэр дэвшигчийнхээ дансанд шилжүүлж, “нам, эвслээс оруулсан мөнгөн хөрөнгө” хэмээн тайлагнажээ. Харин бусад нам нэр дэвшигчийнхээ сонгуульд сохор зоос ч гаргаагүйг тайлангаас харж болно. Мөн ШИНЭН, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИЗНН, Ард түмний олонхын засаглал намын таван нэр дэвшигч сонгуулиар өөрийн хөрөнгөөс 11.8 сая төгрөг гаргасан байна. Бусдыг нь иргэн, хуулийн этгээдийн хандиваар бүрдүүлсэн гэсэн үг. Тодруулбал, 22 хуулийн этгээдээс 241.7, 601 иргэнээс 827.8 сая төгрөгийн мөнгөн хандив авчээ. Түүнчлэн өгсөн хүний нэр, регистрийн дугаар болон мөнгөний эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг нь тодорхойгүй зэрэг шалтгаанаар 196 иргэний 212.2 сая төгрөгийн, хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнаснаас 210.9 сая (159 иргэний)-ыг нь буцаажээ. Гэхдээ хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл гэдэг нь үнэндээ тун инээдтэй. Өөрөөр хэлбэл, хэр хэмжээний орлоготой, хаанаас ямар, ямар цалин, урамшуулал авдаг хүн хэдэн төгрөгөө, тодорхой хэлбэл, тав, таван саяар нь улстөрчдөд өгөөд байгааг хянадаггүй. Ердөө л нэр дэвшигчийн дансанд хандиваа шилжүүлэхдээ цалин, хуримтлал, хадгаламж, эсвэл үйл ажиллагааны орлогоос гэх мэтээр тайлбар тавьсан, эсэхийг л хэлээд байгаа юм.
Тухайн үед гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлгээр нь хэлбэл, өөрөө 92.6, гэр бүл нь 704.7 сая буюу тэрбум төгрөгт дөхсөн орлоготой Э.Батшугар халааснаасаа ганц ч төгрөг гаргалгүй сонгуульд оролцоод, өдгөө УИХ-ын гишүүн болчихсон байна. Гэтэл тэр сонгуулийн үеэр 350.5 сая төгрөгийн хандив төвлөрүүлэн зарцуулсан нь бусад нэр дэвшигчээс хамгийн өндөр байх жишээтэй. Тэрбээр энэ мөнгийг найман хуулийн этгээд (130 сая), 55 иргэн (220.5 сая)-ээс босгочихож.
Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Э.Батшугарт хамгийн олон иргэн хандив өгсөн юм биш. Хандивлагч иргэдийн тоогоор нь жагсаавал тус дүүрэгт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Б.Найдалаа 11 хуулийн этгээдээс 109, 186 иргэнээс 237.9 сая төгрөгийн орлого бүрдүүлснээрээ нэгдүгээрт бичигдэнэ. Мөн тэнд АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл 93 хүнээс хандив төвлөрүүлсэн байх жишээтэй. Гэвч Э.Батшугараас бараг хоёр дахин олон хандивлагчтай Э.Бат-Үүлд 31.8 сая буюу түүнээс долоо дахин бага орлого төвлөрсөн байна. Тиймээс Э.Батшугарт хандивлагчид нь хэд хэдэн төгрөг өгснийг сонирхов. 25 хүн тав, 22 хүн гурав, зургаан хүн дөрөв, нэг хүн 3.5, бас нэг хүн хоёр сая төгрөг хандивлажээ. Үндсэндээ нэр дэвшигчид хувь хүнээс хандивлаж болох дээд хязгаар таван сая төгрөгийг олонх нь өгсөн байна. Ингэхдээ ихэвчлэн хадгаламж, хуримтлалаасаа Э.Батшугарт илүүчилсэн байгаа юм. Харин нэр дэвшигч тухайн үед 162.8 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Нэр дэвшигч Э.Бат-Үүлд хэн хэдэн төгрөг өгснийг харах боломж байсангүй. Түүний тайлан алга. Б.Найдалаагийн хувьд таван сая төгрөгийн хандивыг 26, гурав болон хоёр сая төгрөгийг тус бүр долоо, нэг сая төгрөгийг 17 хүнээс авсан байна. Өөрөөр хэлбэл, түүнд хандив өгсөн хүмүүсийн гуравны хоёр нь саяас доош төгрөг гаргажээ. Түүнчлэн МАН-аас Хэнтий аймагт нэр дэвшин сонгогдсон Ц.Идэрбат 58 хүнээс 196.8 сая төгрөг хандиваар авч, зарцуулсан байна. Есдүгээр сард нэр дэвшигчдээс урьдчилсан тайлан авахад түүнд хандив өгсөн хүний тоо 78 байсан бөгөөд талаас илүү нь буюу 40 иргэн таван сая төгрөг түүнд илгээсэн байв. Мөн тус аймагт АН-аас нэр дэвшсэн Б.Гарамгайбаатар 52 иргэнээс 86.8 сая төгрөгийн хандив авсан бөгөөд зургаан хүн тав, нэг хүн гурав, таван хүн хоёр, 14 хүн нэг сая төгрөг өгчээ. Түүнчлэн тайланд дурдсанаар олон хандивлагчтай нэр дэвшигчдийн нэг гэж хэлж болох, Сонгинохайрхан дүүрэгт ИЗНН-аас өрсөлдсөн Ш.Гантулга 47 хүнээс 3.2 сая төгрөг “босгож”, түүнийгээ л зарцуулсан байна.
Нэр дэвшигчид сонгуулийн үйл ажиллагаанд нийт нэг тэрбум 120.9 сая төгрөг зарцуулсан аж. Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд 797 сая төгрөг зориулсан нь хамгийн өндөр дүн бөгөөд сурталчилгааны материал хэвлүүлж, тараахад 181.3, радио, телевиз ашиглахад 57, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зурагт самбар, дэлгэц байрлуулахад 37.4 сая төгрөг зориулжээ. Сонирхолтой нь, нэгэн цагт сонгуулийн сурталчилгааны зардалд багагүй хувийг эзэлдэг байсан сонин, сэтгүүлд материал нийтлүүлэх зардал 1.3 сая байгаа бол цахим орчин ашиглахад 27.6 сая төгрөг гаргасан байна. Цахим орчныг ашиглахад зарцуулсан эл хөрөнгийн бараг гуравны хоёрыг нь (17.3 сая төгрөг) нэр дэвшигч Б.Найдалаа гаргасан байх аж. Юутай ч нам, эвсэл нь хөрөнгө гаргахын зэрэгцээ хандивлагчдаас хамгийн их мөнгө цуглуулж, 386.2 сая төгрөг сонгуульд зарцуулснаараа тэргүүлж буй Б.Найдалаа зардлын бүх төрөл, зүйлд арай ихийг хаясан нь тайлангаас харагдаж буй. Гэхдээ сурталчилгааны материал хэвлүүлж, тараахад нэр дэвшигч Ц.Идэрбат хамгийн өндөр буюу 52.1, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардлаараа нэр дэвшигч Э.Батшугар 331.8 сая төгрөгөөр эхэнд бичигдэх нь. Гэвч сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийхэд нэр дэвшигч А.Бархүү, Э.Батшугар, Б.Найдалаа нараас бусад нь ганц ч төгрөг зарцуулаагүй бололтой, тайланд тусгасан зүйл огт алга. Ийм байдал нь Үндэсний аудитын газраас хийж буй сонгуулийн зардлын тайлангийн үнэн, бодит эсэхэд эргэлзэх том шалтаг болдог. Өөрөөр хэлбэл, өгсөн тайлан, баримтыг нь л нэгтгэн үнэлж, дүгнэхээс хэтэрдэггүй нь эндээс харагдана.
Үндэсний аудитын газар дээрх аудитын явцад 457 сая төгрөгийн алдааг залруулжээ. Нөхөн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулж, Үндэсний аудитын газарт илгээдэг. Гэхдээ зарим тайланд аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн зардлын тайланг баталгаажуулах талаар дутагдал гаргасныг онцолжээ. Үндэсний аудитын газраас Сангийн сайд болон аудитын хуулийн этгээдүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох арилжааны банкуудад арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг Сангийн сайдад зөвлөжээ. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57.5-д “Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасан. Үүний дагуу таван нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны хуулгыг ирүүлсэн ч бусдынхыг нь банкууд ирүүлээгүй аж.
Зөвхөн нэр дэвшигчдээс гаргасан зардал нь цаасан дээр тэрбумыг давсан, нөхөн сонгуулийн тайланг сонжвол нэг иймэрхүү. Нэмэлт санал хураалт явуулж сунжирсан эл сонгуулийг зохион байгуулахад төрөөс ч , татвар төлөгчдийн мөнгө ч бас урссан. Дээр дурдсанчлан нам, нэр дэвшигчдээс гаргаж өгсөн тайлан л энэ болохоос далдуур, нууцаар зарцуулж байгаа хөрөнгийг тооцвол хэд хүрэхийг хэлж мэдэхгүй. Сонгуулийн өдөр хэн нэгнийг санал хураалтын байр луу зөөж, дөхүүлсэн аль нэг намын ухуулагч, “Манайхныг дэмжээрэй” гээд чимээгүйхэн атгуулсан тав, арван цаас гээд бүгд л энэ сонгуулийн өртөг, зардал юм, угтаа.
Гэтэл зардал өндөртэй энэ сонгуульд саналаа өгсөн хүмүүсийн олонхын саналыг авсан Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн дөрвөн сонгогч, Ц.Идэрбат нь Хэнтий аймгийнхны гурван сонгогч тутмын нэгийнх нь л дэмжлэгийг хүлээсэн ч УИХ-ын гишүүний тангараг өргөөд явж байна. Ардчилсан сонгууль явуулснаас хойших 30 шахам жилд 12 удаа нөхөн сонгууль зохион байгуулсан ч нэмэлт санал хураалт хийгээд ч ирц нь 50 хувьд хүрээгүй үүн шиг тохиолдол гарч байгаагүй. Ардчилсан сонгуулийн мөн чанар болсон бүх нийтийн байх зарчим буюу сонгогчдын 50+1 хувь нь оролцсон тохиолдолд хүлээн зөвшөөрөгддөг чанар алдагдсан хэрэг. Тиймээс л тэднийг Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийг “төлөөлөхгүй” түшээд гэж голоод байгаа юм.