Эдийн засагч Г.Батзориг 2021 онд тогтвортой байсан төгрөгийн ам.доллартой тэнцэх ханш 2022 онд мөн тогтвортой байх боломжтой тухай нийтлэлдээ онцолсон байна. Тэрбээр “2021 онд Юанийн ханшийг эс тооцвол төгрөгийн доллартой харьцах ханш бараг тогтвортой байв. Учир нь бид хилээ үе үе хаасантай холбоотой гаднаас авах үйлчилгээ, гаднаас худалдан авах бараа ч цөөрсөн. Энэ хэмжээгээр ханшийн эрэлт буурсан. Ердөө хүнсний бараа, эм хэрэгсэл, бензин худалдан авахад валют ашиглагдаж байсан учраас валютын нөөц ч хангалттай нэмэгдэв. Валютын ханш энэ жил болон ирэх жил тогтвортой байх боломж бүрдэж байна. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш хэрхэх нь валютын орох, гарах урсгалын зөрүү болон тухайн иргэд, аж ахуйн нэгжийн хүлээлтээс хамаардаг. Тэгвэл яагаад ханш харьцангуй тогтвортой байх вэ? 2021 оны хувьд, эдийн засгийн идэвхжил төдийлөн хурдтай явагдахгүй. Дотооддоо цар тахал өндөр байсан учраас гаднаас авах бараа, үйлчилгээ нь хязгаарлалттай байв. Тиймээс ам.долларын ханш төдийлөн хөдлөхгүй. Нөгөө талаар банкууд долларын зээл гаргахгүй байгаа учраас долларын хадгаламжийн хүү ч огцом буурсан байна. Харин 2022 онд валютын ханшид савлагаа үүсгэх валютын томоохон гарах урсгал бол гадаад бондын төлбөр байв. Ядуу орон бүр баян орноосоо мөнгө гуйж байгаа энэ үед бондын төлбөрийг төлнө гэдэг бүтэшгүй. Тиймээс өр төлбөрөө хойшлуулахаас өөр аргагүй байв. Азаар гэх үү? Эзээр гэх үү? Монголыг маань хөрөнгө оруулагч нар сонгосон хэвээр л байна. Ирэх жилүүдэд төлөгдөх 1 тэрбум ам.долларын бондыг Сангийн яамны зүгээс дараах бондууд ашиглан сунгалт хийв. • Зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй (өмнөх хүү 5.6 хувь байсан), 500 сая ам.доллар, • 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй (өмнөх хүү нь 5.1 хувь байсан), 500 сая ам.долларын хямд өртөгтэй бонд гаргасан нь 2022 онд төлөгдөх Чингис бонд, 2023 онд төлөгдөх Гэрэгэ бондын өр төлбөрийг дахин санхүүжүүлсэн. Энэ бол ирэх жилүүдэд валютын ханш огцом өсөхгүй байх нэг чухал зүйл юм. Валютын орох урсгал талдаа харвал 2022 оны төгсгөлд төмөр зам ашиглалтад орохоор байгаа нь экспортын орлогыг өсгөхөөр байна. Жил бүр 30 сая тонн нүүрсний экспорт хийдэг байсан бол төмөр зам ашиглалтад орсноор тээврийн зардал буурч, экспортын гарц ч нэмэгдэх юм” гэжээ.