Жижиг, дунд үйлдвэрийн газраас 21 аймгийн Хоршоодын гишүүдийг чадавхжуулах зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021 оны 5 дугаар сарын 6-нд батлагдсантай холбогдуулан хуулийн үр дүн, ач холбогдлыг таниулах зорилгоор зохион байгуулж буй уг арга хэмжээ Архангай аймгаас өнөөдөр эхэллээ.
Сургалтыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэхүү сургалтад 19 сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, хоршоодын төлөөлөл оролцож Хоршооны хуулийн шинэчилсэн найруулга, Сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгосон журмын талаар мэдээлэл авч байна.
Архангай аймгийн хэмжээнд 247 хоршоо бүртгэлтэй байдгаас 157 хоршоо үйл ажиллагаа явуулж байна.Хоршоодыг үйл ажиллагаагаар нь ангилбал 114 нь хөдөө аж ахуй, ес нь хадгаламж зээл, 34 нь худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг статистик гарчээ.
Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 157 хоршоонд 600 гаруй иргэн ажиллаж 900 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж байна.
Аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх санд 2 тэрбум орчим төгрөг эргэлдэж байгаа бөгөөд цаашид Хоршоо хөгжүүлэх сангийн журмаар иргэнд бус хоршоодод санхүүжүүлэгдэх аж.
Хоршоог хөгжүүлэх, гишүүдийг чадавхжуулах замаар орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой заалтуудыг тусгаж батлуулсан байдаг. Иргэд та бүхэн Хоршооны талаарх мэдлэг ойлголтоо өөрийн харьяалах Хөдөө аж ахуйн Хоршоо хариуцсан мэргэжилтнээс авах боломжтой.