МҮХАҮТ-аас "Компаниуд цар тахлын эрсдэлийг амжилттай даван туулах туршлага, хүний нөөцийн оновчтой менежмент" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтад танхим болон цахимаар 130 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.
APU Company нийт ажилтнууддаа дархлаа дэмжих багц, эмэн бүтээгдэхүүн олгосон, ковидын үеийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулж, нөхцөл байдалд дасан зохицож ажиллах, орон тоо цомхтгохгүй байх бодлогыг баримталж ажилласан төдийгүй цар тахлын үед ажилчдыг гэрээс ажиллуулж, ажилчдын автобусыг нэвтрүүлжээ.
Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн Судалгаа, хөгжлийн багш Ц.Жавзандулам бид шинэ хэвийн байдалд дасан зохицож, технологийг шийдэл, дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлж байна гэдгийг тодотгосон бол “Emart” ажилтнуудаа долоо хоног бүр ковидын түргэвчилсэн шинжилгээнд хамруулж ирснээс гадна ээлж хооронд уулзуулахгүй, нягтралыг бууруулж ажиллуулжээ. Мөн түрээсийн талбайн хөнгөлөлт үзүүлж, цахим худалдааны системийг хөгжүүлсэн байна.
Харин “Khan Bank” 2015 оноос хойш цахим системийг хөгжүүлж өнгөрсөн онд дижитал банк буюу бүрэн цахимжсан банк болж чаджээ. Зайнаас ажиллах зохицуулалтыг хийж, цахим сургалтын платформыг хөгжүүлж 156 цахим сургалт явуулжээ.
Бизнесийн байгууллагууд цар тахлын үед хүний нөөцийн ямар менежмент хэрэгжүүлсэн талаарх мэдээллээ харилцан солилцож, сайн туршлагаасаа хуваалцлаа.