Хятад, Япон, Өмнөд Солонгос улс агаар мандал озоноор бохирдсоны улмаас жил бүр хөдөө аж ахуйн 68 тэрбум ам.долларын орлогоо алддаг болохыг Нанкиний Мэдээллийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Юэ Сюя тэргүүтэй экологчид тогтоожээ. Тухайлбал, Хятадад улаан буудай, будаа, эрдэнэ шишийн ургац 33, 23, есөн хувиар буурсан байна. Энэ тухай шинжлэх ухааны “Nature food” сэтгүүлд мэдээлжээ.
Озон бол хүчилтөрөгчийн гурван атомаас тогтсон хий. Дэлхийн давхарга дахь түүний молекулууд биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Гэвч озон нь агаар мандлын доод давхаргад орохдоо хүлэмжийн хүчтэй хий болохоос гадна хүхрийн болон азотын хүчлийн нэгдлүүдийг агуулсан янз бүрийн хорт аэрозолийн үүсгүүр болдог аж.
Агаар озоноор бохирдсоноос Япон, Өмнөд Солонгост улаан буудайн ургац 15, 27, цагаан будааны тав, 10, эрдэнэ шишийн найм, дөрвөн хувиар буурчээ. Үүний улмаас эдгээр улс бүр хэдэн зуун мянга, эсвэл сая тонн үр тариагаар гачигдаж байгаа нь дэлхий даяарх эдгээр үр тарианы хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.
Уур амьсгал судлаачдын таамаглаж байгаагаар ойрын жилүүдэд Зүүн Азийн орнуудын агаар мандалд озоны агууламж хурдацтай нэмэгдэж, энэ нь үр тарианы ургацад улам хүчтэй нөлөөлнө. Тиймээс агаар озоноор бохирдохтой тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж судлаачид дүгнэв.