Дэлхий ертөнц даяарчлагдахын хэрээр хүн төрөлхтөн техник, технологийн тусламжтайгаар бүх л хэрэгцээ, үйлчилгээгээ улам хялбараар, ухаалгаар шийдэхийг зорьж байна. Цар тахал нүүрлэсэн өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд цахим үйлчилгээ, хэрэглээ бидэнд ямар чухал болохыг ойлгуулсан. Мөн ийм хэрэглээг улс орнууд хэрхэн өргөн нэвтрүүлснийг, монголчууд ухаалаг үйлчилгээнээс ямар түвшинд хоцорч буйг ч мэдрүүлсэн. Тиймээс л Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавьж, төрийн үйлчилгээнүүдийг цахимд шилжүүлэх ажлуудыг 2020 оноос үе шаттай хийж эхлээд буй. Алсдаа уг зорилтод хүрэх хууль, эрх зүйн орчин нь ч өнгөрсөн оны сүүлч гэхэд хангалттай бүрдэв.
Одоогоор төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа” цахим системд гэхэд л 910 орчим үйлчилгээ, мэдээллийг цахимаар, цаасгүйгээр авч, шийдүүлэх боломж бүрдсэн нь чамлахааргүй үзүүлэлт. Гэвч төрийн үйлчилгээний байгууллагууд одоо болтол үүнд бэлэн бус хэвээр. Ажилтнууд нь ч хуучирсан арга барилаа тавихгүй, цахимаар үйлчилгээ авах, өргөдөл, гомдлоо шийдүүлэх хүсэлтэй иргэдээс цаасан лавлагаа нэхэн, цагийг нь барж, бухимдуулж, чирэгдүүлсээр байна.
Наад зах нь төрийн байгууллагынхан иргэдэд үйлчлэхдээ өдгөө ч иргэний үнэмлэхийг нь шалгаж, регистрийн дугаарыг нь тэмдэглэж нэвтрүүлдэг. Биечлэн төрийн үйлчилгээг авах гэхээр иргэний үнэмлэхээ нотариатаар баталгаажуул гэнэ. Барьцаалан зээлдүүлэх газрууд хүртэл “Хур”, “Дан” систем ашиглаж байхад төрийн байгууллагууд нь өөрсдөө иргэний үнэмлэх шаардсаар байж болох уу. Цаашлаад эмнэлгийн үйлчилгээ авахын тулд намтар, регистрийн дугаараа хонгилоор нэг зарлаж байна. Цахимд шилжсэн гэх үзлэгийн цагийг нь авах гэж иргэд эмнэлэгт 50 хүний дараа дугаарладаг. Эмчдээ үзүүлчихээд 100 хүний дараа шинжилгээ өгөх жишээтэй. Улмаар шинжилгээний хариугаа уншуулж, эмчилгээ бичүүлэх гэж дахиад л 20 хүний ард зогсож байна. Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх бол бүтэн сар, жилээр ор хүлээдэг тогтолцоотой. Түүнчлэн нийгмийн халамжид хамрагдах гэхээр төрийн байгууллагын олон шат дамжлага бүхий газар, хэлтсүүдээр явуулж, залхаан цээрлүүлдэг. Төрийн үйлчилгээ үзүүлэгч албаныхныхаа компьютерыг ядаж тусдаа нэгдсэн үйлдлийн системтэй болгоогүй. Дээр нь дүүрэг, Тамгын газрын ажилтнууд нь албан и-мэйл хэрэглэдэггүй. Хороод нь хэвлэгч, хувилагчгүй гээд бүх шатанд технологийн хоцрогдолтой. Ийм байхад сайд, дарга нар цахим үндэстэн болчихлоо хэмээн ярьж, сурталчилсаар.
Манай улсад аливаа шинэчлэлийг хийж, хэрэгжүүлэхэд төвөгтэй, бас хугацаа алддаг муу жишиг тогтоод удсан. Үүнийг олонх хүн хэрэгжүүлэгч механизм буюу хүний нөөцөө бэлдэж чадавхжуулдаггүй, дээрээс нь хяналтын тогтолцоо сул, хангалтгүй байдагтай холбон тайлбарладаг. Тодруулбал, тогтолцооны шинэчлэл хийхэд анхан шатнаасаа эхэлж, “том зургаар” хөдөлж байж үр дүнгээ өгөх болов уу. Гэвч иргэд цахимд шилжээд удсан гэх төрийн цөөнгүй үйлчилгээг авахын тулд ч байгууллага хооронд цаасан баримт зөөсөөр буй. Үүнийг гэрчлэх хэдэн жишээ дурдъя.
Иргэн А орон нутаг руу албан томилолтоор 20 хүний бүрэлдэхүүнтэй явах болж Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр зорчих 40 тасалбар (ирж, очих) энэ сарын дундуур захиалжээ. Тасалбараа цахимаар захиалах гэсэн боловч заавал биечлэн ирж ав гэсний дагуу төмөр замын вокзалд очсон байна. Тухайн үед “Ковид-19”-ийн нөхцөл байдлын улмаас ачаа, бараа саатсантай холбоотойгоор Замын-Үүдийн чиглэлийн галт тэрэгний зорчигч, тээврийн хөдөлгөөний хуваарьт цагуудад өөрчлөлт орж байж. Тиймээс иргэн А тасалбар авсан болон явах өдрөө утсаар дахин лавлаж, баталгаажуулахад “Орон нутаг руу зорчиход ямар ч асуудалгүй” гэж хэлжээ. Ингээд явах өдрийнхөө 15.30 цагт вокзалд очиход УОК-ын шийдвэрээр орон нутаг руу зорчих галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарлаж, хойшлуулсан байжээ. Яагаад энэ талаар мэдэгдээгүйг тасалбар түгээгчээс тодруулахад “Цайны цагийн үеэр ийм шийдвэр гарчихлаа” гэж хээвнэг хэлсэн байх юм. Иргэн А зохион байгуулагчийн хувиар бүх тасалбарын цаг, хугацааг боломжтой өдөр нь өөрчлүүлэхээр үлдэж. Тухайн чиглэлд явахаар тасалбар авсан бусад хүн ч адил зорчих хугацаагаа сольж бичүүлэх гэж урт дараалал, бөөгнөрөл үүсгэжээ. Иргэн А “Тасалбарынхаа хугацааг солиулах гэтэл хүн тус бүрийн тоогоор өргөдөл бич гэсэн. Бид өөрсдийн хүсэлтээр тасалбараа буцаагаагүй, төрийн шийдвэрээс л болж нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү дээ. Тэгсэн атал тасалбар захиалсан хүний тоогоор 40 өргөдөл бичлээ. Тасалбар бүрийн бүртгэлийн дугаар өөр тул тэр бүхнийг 40 өргөдөлд хуулж бичих, тухайн зорчигчийн овог, нэр, регистрийн дугаарыг бөглөсөн. Энэ бүхний дараа зорчих тасалбар буцаах дахин 40 хуудас өгсөн гээд бод. Орон нутгийн болон олон улсын нислэг хойшилсон тохиолдолд цахимаар тасалбарын дугаар, зорчих хугацааг өөрчлөөд, хуучин тасалбараа үзүүлээд явахыг зөвшөөрдөг. Ийм амархан шийдчих асуудал. Гэтэл галт тэргээр зорчих байсан хүн тус бүрт тасалбар буцаах хуудас олгож, өргөдөл бичүүлэн, зардал, чирэгдэл учруулах ямар хэрэг байна вэ. Зохион байгуулагч нар нь ч энэ нөхцөл, байдалдаа дасчихсан, хүмүүсийн бөөгнөрлийг зохицуулдаггүй юм билээ. Өнгөрсөн хугацаанд коронавирусээс шалтгаалж зорчигч, тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хойшлуулсан. Тэр бүхэнд яг л энэ зарчмаар ажиллаж ирсэн гэх. Дээр нь 40 тасалбар авсан и-баримтаа байгууллагаар бичүүлэх гэтэл заавал дөрөв дөрвөөр нь хэвлэж, чирэгдүүлсэн. Юуных нь цахим Монгол байх вэ” гэж ярилаа.
Дараагийн жишээ. Иргэн Б жирэмсний амралт буюу чөлөө авах болж, тэтгэмждээ хамрагдах гэтэл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтан түүнээс нийгмийн даатгалын дэвтрээ эх хувиар нь болон шимтгэл төлсөн баримтаа хэвлэж авчир гэжээ. Дээрх баримтуудыг “И-Монголиа” системээс аваад, тэтгэмжид минь хамруулж болохгүй юу” гэхэд “Лавлагааг заавал хэвлэж авчир. Та нарын өмнөөс би цаас хэвлээд зогсож байх юм уу” хэмээн унтууцжээ. Ингээд иргэн Б ажлаасаа нийгмийн даатгалын дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаагаа интернэтээс авч, хэвлүүлэн өгчээ. Асуудал ингээд дууссангүй. Амаржсаныхаа дараа тэрбээр “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдахаар харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд ханджээ. Мөн л шимтгэл төлсөн баримтаа сүүлийн хоёр жилээр хэвлэж авчрах, албан газраасаа хүүхэд асрах чөлөө өгсөн тухай тушаалыг цаасан хэлбэрээр хавсаргахыг зөвлөсөн байна. “Нялх хүүхэдтэй тул ингэж явах боломжгүй. Цахимаар лавлагаа, тушаалаа өгчихөж болохгүй юу” гэхэд нь үл зөвшөөрчээ. Уг нь уг хөтөлбөрт хамрагдахын тулд “И-халамж” цахим системд иргэн хүсэлт гарган, холбогдох бичиг баримтаа хавсаргаад л шийдчихдэг юм байна. Гэтэл амаржаад удаагүй эхчүүдийг одоо болтол тэтгэмж, халамжид нь хамруулах гэж биечлэн ирэх, өргөдөл гаргах, лавлагаа, тушаалыг нь эх хувиар нь нэхдэг хороодын нийгмийн ажилтан цөөнгүй аж.
Үүнээс гадна Төрийн санд хураамж төлж, заавал “шар хуудас”-ыг нь өгч байж үйлчилгээ авдаг байгууллагууд одоо хэр нь байсаар. Үүний тод жишээ нь, дүүргүүдийн Газрын албад юм. Газар өмчлөх, эзэмших болон бусдад нэр шилжүүлэхийн тулд иргэд татвараа заавал банкаар төлж, баримтаа авчрах шаардлагатай аж. Уг мөнгийг төлөхөөсөө өмнө иргэд харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хандаж, хэдэн төгрөгийн татвар төлөхөө лавласны дараа банканд мөнгөө тушаана. Төлбөрийн баримтаа аваад дахиад л Татварын хэлтэст өгч, тооцоо дууссан гэх бичиг авдаг байна. Түүнийгээ буцаагаад Газрын албанд аваачиж өгөх мэтээр бичиг цаасны ажил нь дуусдаггүй. Бас ерөнхий боловсролын сурагчдын түрээсийн сурах бичгийн төлбөрийг Төрийн сангаар төлүүлж, баримтыг нь заавал авчирсны дараа сая нэг ном олгодог байна. Иргэд өдгөө мөнгө шилжүүлэх гэж банканд бараг хандахаа больсон. Тэгээд ч интернэт болон мобайл банкаар гүйлгээ хийхэд тухайн иргэний и-мэйл хаягт төлбөрийн мэдээлэл нь “очдог” шүү дээ. Түүнийг нь хэвлээд авчихад л дээрх хоёр асуудлыг шийдчихэж болмоор санагдав.
Энэ мэт системийн доголдол, хоцрогдлын золиос нь иргэд болсоор уджээ. Дээр хэлсэнчлэн төрийн ихэнх үйлчилгээ нь цахимд шилжчихээд байхад иргэдэд үйлчилж буй анхан болон дунд шатныхан нь цааснаасаа “тас зуурчихаад” үйлчлүүлэгчдийг урьдын адил бухимдуулж, чирэгдүүлж болохгүй л юм сан. Тун удахгүй Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-монголиа академи” хэмээх улсын төсөвт үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлнэ. Төсвийг нь оны өмнө баталсан бөгөөд өдгөө орон тоо, бүтцийг нь бүрдүүлж буй юм байна. Тус яам, агентлагийнхан Нийтийн мэдээллийн, Хувь хүний мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд цахим үндэстэн болох үйл явцыг яаравчлуулан ажиллах юм гэсэн. Ингэхдээ хамгийн гол нь оновчтой шийдэл олж, цахимжиж чаддаггүй алба хаагчдаа мэдлэгжүүлж, чадавхжуулахад анхаарахыг хүсье.