Цар тахлын улмаас бүтэн хоёр жилийн турш хойшлуулсны эцэст “Coachella” хөгжмийн наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-нд АНУ-ын Калифорни мужийн Индио хотод уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна. Дэлхийн хөгжмийн томоохон наадмуудын нэгт тооцогддог “Coachella”-д оролцох уран бүтээлчдийг зохион байгуулагчид зарлалаа. Тодруулбал, өнөө жил Харри Стайлс, Билли Айлиш болон Йе (Канье Уэст) нар “Coachella” наадмын онцлох уран бүтээлчээр тодорчээ. Мөн Монголын алдарт “The Hu” хамтлаг тус наадамд оролцох юм. Ташрамд дурдахад, Монголын урлагийн ертөнцөд хүннү рок хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “Хү”-г Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог “төрүүлсэн”. Тэрбээр 2012 оноос гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрөл, хэв маягийг тодорхойлох ажил хийсээр 2016 онд хамтлагаа албан ёсоор байгуулан, уран бүтээлүүдээ сонсогчдод хүргэж эхэлсэн билээ. Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэй тус хамтлаг өнгөрсөн 2019 онд Европын 13 орны 23 хотод аялан тоглосон бол 2021 онд АНУ-ын 56 хотод 60 гаруй тоглолт хийсэн юм.
Бэлтгэсэн А.Хангал