Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас цахимаар шалгалт авах туршилтыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумд зохион байгуулснаа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд уг ажлыг санаачилсан бөгөөд Боловсролын мэдээллийн технологийн төв, “Мэксим консалтинг” компани, Хөвсгөл аймгийн Боловсролын газрынхантай хамтарчээ. Ингэхдээ exam.edu.mn цахим систем ашиглан, элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлийн жишиг даалгаврыг таблетын тусламжтайгаар сурагчдаар гүйцэтгүүлсэн аж. Үүнд 12 дугаар ангийн 293 сурагч оролцжээ. Ийнхүү цахим систем ашиглан шалгалт авснаар сурагчид даалгавар гүйцэтгэж дууссаны дараа дүнгээ шууд харах боломж бүрдсэн гэнэ. Түүнчлэн сурагч даалгавруудыг хэр хугацаанд гүйцэтгэсэн, ямар асуултад буруу хариулсан зэрэг нарийвчилсан мэдээллийг шалгалт өгч дууссан даруйдаа авсан байна. Энэ удаагийн туршилт нь цаашид үндэсний хэмжээнд болон сургуулиудын түвшинд шалгалт авах, хөндлөнгийн үнэлгээ хийх техник, технологи, программ хангамжийн нөөц, хүчин чадлыг судлах зорилготой аж.
Бэлтгэсэн М.Оч