Дүн өвлийн цаснаар Шарга морьтын аман дахь зураачийнхыг зорьж очин, халуу дүүгсэн байшинд нь “Битлз”, “Бон Жоуи” сонсонгоо өнгөрсөн зууны монголчуудын амьдралыг тольдох мэт элдэв үзмэр харж, цуглуулгыг нь нэгжин, “Үүнийг хаанаас олсон юм”, “Тэрийг хэн өгсөн юм”, “Та анчин юм уу”,”Загасчин байх нь ээ” хэмээн асууж, ярилцан суухад тархи амрах шиг боллоо. Зураач Бобр гэхээр дүрслэх урлагийнхан, уран зураг цуглуулагчид анддаггүй юм билээ. Цэдэвийн Болдбаатар гэх энэ зураачийн уран бүтээлийнх нь нэр Бобр аж. Рок, поп урлагийнхан тэднийхээр зочломтгой. Сүүлийн үед “Инээмсэглэл”-ийн Б.Долгион найз нь хотын ойролцоо цэвэр агаартай орчинд хэрхэн тохь тухтай амьдарч байгаа туршлагыг нь судалж буй гэсэн. Тэрбээр “Гүйцээ, яг л Бобрынх шиг ингэж суурьшина” гээд бүр шийдчихээд байгаа аж.
Уран зурагт дурлагсдын сэтгэл гижигдэм бүтээлүүд төрүүлдэг, хэд хэдэн үзэсгэлэн гаргасан “хашир хандгай” атлаа Бобр өөрийгөө энэ ертөнцөд шинэ цэрэг хэмээн голж, даруу авирлах нь жудагтайнх гэлтэй. Гэргий нь идээ, ундаагаар дайлж, бууз жигнэх зуур түүний намтар, замналаас цухас яриулсан юм.
Ц.Болдбаатар УБИС-ийн зураг, хөдөлмөрийн ангийг 1982 онд төгсжээ. Техник мэргэжлийн сургуулиудад голдуу багшилж, шугам зургийн хичээл заадаг байж. Тэгтэл гэнэт хүндээр өвдсөнөөр бараг таван жил гэрээс гарах нь бүү хэл, хэвтэрт шахуу байсан аж. Нөхөд нь түүнийг төрөлхийн авьяастай, мэдрэмж сайтай гэж магтдаг ч мэргэжлийн дагуу хичээл заахын сацуу хөрөг зурахаас хэтрэхгүйдээ гонсойдог байсан тэрбээр нэг өдөр “Дандаа л бурхан болоочдын хөрөг зурах гэж юу байх вэ. Хүмүүсийн хөргүүд бүтээе, өөр сэдвээр зуръя, оролдоод үзье” гэж шийдсэнээс хойш олон ч удаа зурснаа устгаж, цаасаа урж шидэж гэнэ. Ардын зураач Л.Гаваагийн хүү зураач Г.Төмөрийнх ойролцоо амьдардаг тул орж, гарч, дотносдог болохоор хийснээ үзүүлэхэд “Ийм юм гэж хаана байсан юм. Болсонгүй” гэж голоход нь түүнд тоогдохын төлөө мэрийсээр нэг мэдэхнээ боломжийн зурдаг болсон байжээ. Түүнээс хойш биеийн байдал нь ч аажим дээрдсээр, эдгэрчээ.
Нэгэнт зурах замд орсон Бобрыг уран бүтээлч нөхөр Батдорж нь дэмжиж, улмаар шаргуу шаардсаны дагуу 2006 онд анхныхаа үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гаргасан аж. Үзэгчид зургуудыг нь таалж буй янзтай байхад ихэд урамшжээ. Түүнээс хойш илүү идэвхтэй ажилласаар 2009 онд дахин үзэсгэлэн гаргасны дараа уран зураг цуглуулагч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирж, хоёр зураг худалдаж авч. Мэдээж Бобр бүр урамшсан байх. Тэр жилдээ Монголын урчуудын эвлэлийн гишүүн болсон бөгөөд тус байгууллагын танхимд дахин үзэсгэлэн гаргахдаа “За, ер нь зураач болж байгаа юм байх аа даа” гэж өөртөө хэлсэн гээд хөхрөх түүний нүд гэрэлтэн гялтганаж байсан юм. Гэсэн ч түүнийг даруу зандаа “дарлуулсан” нэгэн гэхээр. “Уран зургийн мэргэжлийн сургуульд суралцаагүй болохоор надад бийр яаж барихыг, тосон будгаар хэрхэн ажиллахыг хэн ч заагаагүй. Өөрөө л сурсан. Тэгээд ч уран зургийн ертөнцийн том бурхад бүтээн туурвисаар байгаа энэ үед “Би чадаж байна” гэж онгирох эрх надад байхгүй. Ц.Энхжин, Ц.Мөнхжин, Ц.Нарангэрэл, Л.Бумандорж, До.Болд, Г.Төмөр, Ц.Цэгмид гээд олон гайхамшигтай туурвигчийн дэргэд том байх гэж оролдохын ч хэрэггүй” хэмээж байлаа. Тийм ээ, магадгүй Бобр тэдний дэргэд өөрийнх нь хэлснээр шинэ цэрэг байж болох юм. Гэхдээ энэ нь өөрийгөө чамлах шалтгаан биш ажгуу. Гагцхүү “хуучны”, ах захаа мэддэг зарчимч хүний л авир болов уу. Бидний сайн мэдэхээр сүмочид хэдий ахмад байлаа ч зэрэг дэв ахиу дүүмэд бөхийн өмнө бөхөлзөж, мөргөж байдагтай адил чин сэтгэлийн хүндлэл биз ээ. Хотод амьдрах дургүй, ховор бүхнийг нандигнан цуглуулагч ийм нэгэн уран бүтээлч агаарын сайханд тааваараа “тарвалзанхан” бүтээн туурвиж байдгийг мэдлээ.
Түүний урлангийн таазны гоёл нь юу гээч. “Хоовон” Энхбаяр, UBS-ийн Балхжав, “Хурд”-ынхан, “Харанга”-ынхны гээд ерөнхийдөө рок, попынхны хөрөг зургууд байх юм. Бобр тэднийг зурсандаа, тэд найзаараа зуруулсандаа баярлаж, амьдралын сайхныг хуваалцаж байдаг болов уу гэж санагдсан.
Буйдангийнх нь ард урт үсээ тэрхүү буйдан дээр хэвтэнгээ унжуулж зуруулсан бүсгүйн том гэгчийн хөрөг өлгөөстэй байх. Ер нь тун задгай бүтээл. Гоё хүүхэн эхээс төрсөн биеэрээ өөдөөс бүхнээ харуулан байх нь хаашаа ч юм гэхээр. Нууж, хаасан юм ер үгүй. Иймэрхүү зураг тэнд хэд хэд байна билээ. Зураачийн шимтэн туурвидаг чиглэл нь бүсгүйчүүдийн гоо сайхан, тэр дундаа нүцгэн бие гэдгийг төвөггүй ойлгосон учраас нэлээд асуулаа. “Би хөрөг зурах дуртай. Зураач нар хөргөөр үзэсгэлэн гаргах дургүй. Яагаад гэхээр ашиггүй. Хүмүүс худалдаж авдаггүй гэсэн үг. Би мөнгөөр дутахгүй баян биш ч энэ чиглэлийг сонгосон юм. Хөрөг зурах уламжлалт арга барил бий л дээ. Голдуу цээжин хэсэг, эсвэл хөл, гарыг нь оруулсан байдлаар, мөн толгой, нүүр гээд хэсэгчлэн тодотгосон байдлаар зурдаг. Гэтэл би сэтгэл, сэтгэлийн хөдөлгөөнийг нь зурах гэж оролддог юм шиг. Ярзайтал инээсэн, шүд нь орсойсон, нүд нь онийсон үеийн байдлыг буулгаж л байвал сэтгэл ханадаг. Эмэгтэй хүний бие гэдэг бол байгалийн төгс төгөлдөрт их ойр бүтээл гэж боддог. Тийм бие цогцсыг харж зурах гэдэг хүссэн хүн бүхний бардаг ажил биш гэж санагддаг юм. Тиймээс энэ чиглэлийн бүтээлд хорхойссон гэх үү дээ. Би бас нэг юм мэдэрсэн. Нүцгэнээр зуруулах дуртай бүсгүй олон байдаг. Нэг нэгнээсээ сонсоод хүрээд ирдэг. Бэлтгэж ирнэ ээ. Нууцаа дэлгэн харуулах гэж байгаа хүн чинь бэлтгэдэг юм байна л даа. Натур зурах гэж ярьдаг л даа. Уран зургийн түүхийг харсан ч тэр, энэ төрлөөр дагнадаг нь натурт суусан хүмүүстээ тодорхой хэмжээний мөнгө төлдөг уламжлалтай. Бараг бичигдээгүй хуультай ч гэхээр. Гэтэл надад бүсгүйчүүдийг тийм олон цагаар суулгаад, эсвэл хэвтүүлээд харж зурахад төлөөд байх хангалттай мөнгө байхгүй. Хурдаллаа гэхэд нэг удаагийн натурт 200 мянган төгрөг төлөхөөр байдаг. Тэгэхээр нь арга олсон. Зургийг нь авчихдаг болсон. Янз янзаар аваад, натуртайгаа харж, ярилцан сонгоод зурдаг болсон юм. Тэр нь амар ч яг өнгө тавихад байгалийнхаар болж өгөхгүй зовлонтой. Гэхдээ дөхүүлээд байгаа юм” хэмээн ярилаа. Түүний өмнө нь гаргасан үзэсгэлэнгүүдийн танилцуулгыг харж байгаад нүцгэн эрэгтэй хүн зурсан байхыг хараад онцолтол “Би” гэв. Үнэхээр өөрийгөө нүцгэнээр буулгажээ. Саявтар нэгэн залуу ирж зуруулсан тухай ярилаа. Тэр хүн биеэрээ дүүрэн шивээстэй. “Ах аа, үүнийг сайн гаргаж өгөөрэй” л гэх юм гэнэ. Тэр залуу найз бүсгүйдээ “Натурт суугаач” гэж санал болгосноор энэхүү буйдангийн ард заларсан хүүхэн эднийхийг зорин ирсэн түүхтэй юм байна.
Зураач энэ мэтчилэн ярих зуураа нэлээд олон бүтээл дундаас жижгэвтэр хэмжээтэйг сугаллаа. Үүлэн борооны ажлын оргил үед эмэгтэй хүн ийм царай төрхтэй болдог байх гэхээр аж. Бодсоноо хэлэхэд “Тийм ээ” л гэж байна. “Зураад байхаар, илэрхийлэх хүсэл улам бадардаг. Эмэгтэй гэлтгүй, эрэгтэйчүүд ч гэсэн эр, эмийн жаргал эдэлж байх үедээ, яг дур тавьж байх үедээ ямар төрхтэй байдгийг зурах сан гэж боддог байсан юм. Тэгсэн санаандгүй нэг гэрэл зураг олсон. Түүнийгээ монголчлоод ингэж буулгаад байгаа юм. Саяхан дууссан л даа. Тэгтэл манай хөрш сэтгэлзүйч, доктор эмэгтэй орж ирэхдээ зургийг харчихаад бүр хашхирсан. “Боброо, чи юу хийчихээ вэ. Ямар гоё болоо вэ” гэдэг юм байна. Тэр эрдэмтэн эмэгтэй тэгж хүлээж авсан бол, надад зураг захиалсан 60 гаруй насны эрэгтэй хүн ирэхдээ хараад сандрангуй “Балай юм, наадхаа авч хая, холдуул” гэсэн. Гурав, дөрөв дэх үзэгч нь та хоёр. Таалж байх шиг байна, тийм үү. Уран зургийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаагаар нь тэднийг ангилж болохоор санагддаг юм. Бараг социологийн судалгаа хийх нь холгүй байна уу, би. Ер нь би яагаад хүмүүсийг нүцгэнээр зурах дуртай вэ гэхээр хөргөө таалах тэр агшинд нь хамт баярлах сайхан байдаг юм. Маш их урам авдаг” гээд Бобр инээлээ.
Түүний зурдаг сэдэвт хязгаар үгүй ч хөрөг, натураар голчилдгийг нь ойлголоо. Хөл хорионы үед нэлээд ажил амжуулсан тул хавар уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд буй юм байна. Энэ удаа үзэсгэлэнгээ ганцаар бус, гэрэл зурагчин дүүтэйгээ хамтарч гаргах ажээ. Иран улсад дээд сургуульд дөрвөн жил суралцсан, олимпын медальтан Моллайн орчуулагчаар ажилласан, гэрэл зургийн хоббитой дүү нь дүрслэх урлагийн ч өндөр мэдрэмжтэй тул сүүлийн үед авга ахтайгаа тун сайн хамтарч байгаа гэнэ. Тэд ирэх хавар ямар гээчийн шийдэлтэй үзэсгэлэн гаргаж, үзэгчдийг ангайлгах юм бол хэмээн хүлээе.
Зураач Ц.Болдбаатар бусад уран бүтээлчийн адил адармаатай, адал явдалтай замнал туулжээ. Тэрбээр Монголын улс төрийн, бас урлагийн алдартнуудыг нэгэн дор нэгтгэн попури болгож зурсан нь өдгөө өөрт нь байхгүй. Нэг удаагийн үзэсгэлэнгийн дараа алга болчихсон. Харин бөхчүүдийнх нь бол гэрт нь байна билээ. Дархан аваргуудаас авхуулаад аймгийн цолтнуудыг ч багтаасан бөгөөд тэр олон хүн дундаас хэн, хаана байх нь тодроод сонирхолтой. Энэ бүтээлээ Үндэсний бөхийн холбоонд санал болгохгүй юм уу гэхэд “Цаг нь болохоор авъя гэх биз дээ” гэх нь бардамхан. Нөр их хөдөлмөрөөр бүтээснээ алга болгочихоод эрж хайдаггүй нь бас хачирхалтай. Бас нэгэн анхаарал татам түүх бий. Одоогоос найман жилийн өмнө түүнийг үзэсгэлэн гаргахад барилгын нэгэн компанийн захирал бараг бүх зургийг нь аваад, оронд нь зуслангийн байшин барьж өгчээ. Тэдгээр зураг нь өдгөө хаана байдаг юм бол. Магадгүй гадаадад гаргасан уу. Мэдээж бусдын мэдлийнх болсон болохоор одоо зураачид хамаагүй ч бүтээл туурвилын хувь заяа хэрхсэн нь уг нь хэнд ч сонирхолтой шүү дээ.
Бобрын 2006 онд гараас гаргасан нэгэн бүтээл бий. Түүнд нь үзэгчид амнаас ам дамжуулан “Монголын барлагууд” гэдэг нэр өгчихсөн байдаг юм билээ. Зураач алдарт И.Е.Репиний “Бурлакы на Волге” зургийн санаагаар туурвиснаа “Монголыг чирэгч эрхмүүд” гэж нэрлэх гэсэн байх талтай. Энэ талын юм бодож зураа болов уу. Тодруулж асуухад “Хүмүүс юу гэж хүлээж авна, түүгээрээ шүү дээ” л гэлээ. Зураач Ц.Болдбаатарыг Монголын 1970-1980-аад оны нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой залуусын төлөөлөл аргагүй мөн гэхээр. Дээд сургуульд сурч байхдаа атаман байсан тухайгаа ярьж хэсэг инээлгэв. Гэхдээ эерэг гэх үү, зөв чигтэй атаман байсан гэнэ.
Дөрвөн жилийн өмнөөс эхлүүлсэн цуглуулгыг нь ихэд тухтай үзэхээр юм билээ. Тэнд байхгүй юм гэж алга аа. Гар буу хүртэл бий. Түүнийг Хандгайтаас, голоос олсон аж. Мод нь ялзраагүй ч, төмөр нь зэвэрч, урд хэсгээрээ бутарч нарийссан зэргээр нь уг буу усанд 100 жил хэвтсэн гэж тодорхойлж буй юм байна. Шарга морьтын амныхан Сүхбаатар дүүргийн XIX хорооны айлууд бөгөөд Засаг дарга нь “Манай хороонд ийм гоё ах байдаг юм уу” хэмээн олзуурхсанаа энэхүү бууг, хашаан дотуур нь урсдаг голоос хүүхдүүд нь олсон гээд бэлэг болгон өгсөн гэсэн. Үүнээс гадна Хэрлэн голоос барьсан хавч, анчин аавынх нь хадгалж байсан янгирын эвэр, танилаасаа худалдаж авсан аргалийн эвэр, Өгий нуураас өөрөө барьсан цурхайн хатаамал гээд нүд хужирлаж, сэтгэл татах үзмэр маш олон. Хуучны зургийн аппарат, пянз тоглуулагч, бичгийн машинууд хэдэн арван жилийн өмнөх янз, байр байдлаараа, төрөл төрлөөрөө өрөөстэй. Түүнийг ийм цуглуулгатайг хүмүүс мэдэхээрээ нэмж өгөөд л байдаг нь бас хайр хүрмээр. Саяхан 30 жилийн ойг нь тэмдэглээд буй Монгол Улсын Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ хуулийн холбогдолтой бичиг баримтаа хийж барьж байсан шар ширэн цүнх түүний цуглуулгад хүндтэй байр эзэлсэн байх юм. Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч асан энэ цүнхэндээ гарын үсгээ зурж өгчээ.
Иймэрхүү намтартай, элдэвтэй, этгээд ч гэмээр уран бүтээлчийнд зочилж, өдрийн хагасыг олзтой, хөгжилтэй өнгөрөөсөн юм.
Авьяас, мэдрэмж, хүсэл сонирхол, тууштай зангийнхаа хүчээр өөрийгөө олж, өрөөлд тустай, олонд нэртэй амьдарч буй Бобр гэж ийм нэгэн уран бүтээлч Шарга морьтын аманд өглөөний сайхан, өдрийн наран, үдшийн бүрийн алинд ч зурсаар, туурвисаар…