Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягтыг шинэчлэн баталжээ. Ийнхүү шинэчлэн баталснаар өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвд хүүхэд бүрийг ес, 18, 36 сартайд нь хөгжлийн цогц үзлэгт хамруулахаар болов. Өмнө нь зөвхөн 18, 36 сартай хүүхдийг цогц үзлэгт хамруулдаг байсан билээ. Тэгвэл аргачлалыг шинэчилснээр есөн сартай хүүхдийг үзлэгт заавал хамруулна. Түүнчлэн дээр дурдсан хугацаануудад хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэгийг тогтмол зохион байгуулж хэвшүүлэхийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах үүргийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагад өгсөн байна. Үүний хүрээнд боловсролын байгууллагынхан сургууль, цэцэрлэгийн орчны хүртээмжийг сайжруулах үүрэг хүлээх нь.
Хүүхдийг ийнхүү тогтмол үзлэгт хамруулснаар хөгжлийг нь байнга хянах ач холбогдолтойгоос гадна хоцрогдол, бэрхшээл илэрвэл эрт үед нь арга хэмжээ авах боломж бүрдэх юм. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төрөлжсөн багийг хоёрдугаар шатлалын эмнэлгүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд байгуулахаар болжээ.
Бэлтгэсэн М.Оч