Манай улс жилд дунджаар 25 сая ширхэг арьс, шир “бэлтгэдэг”. Жил бүрийн мал тооллого, төлийн тоо болон зүй бус хорогдол зэргийг тооцон ийм дүн гаргажээ. Харин түүхий эдийнхээ 13 орчим хувийг боловсруулж үлдсэн нь хаягдаж үрэгддэг гэсэн судалгаа бий. Тухайлбал, 2020 онд 27 сая ширхэг арьс, шир бэлтгэснээс дунджаар 7.5 сая ширхгийг нь боловсруулсныг Үндэсний статистикийн хорооныхон тайландаа дурдсан. Стандартын шаардлагад нийцсэн нэг арьс, ширийг бүрэн боловсруулбал өөрийн өртгөөс нь 10 дахин илүү үнэтэй бүтээгдэхүүн болдог аж. Тиймээс манайх арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс анхаарал хандуулж буй. Ийм зорилгын хүрээнд Ховд аймагт “Шинэ Ховд” төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд багагүй ажил хийхээр төлөвлөсний нэг нь арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах юм. Өдгөө уг үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг урьдчилсан байдлаар батлан, цэвэрлэх байгууламжийнх нь барилга угсралтын ажлын явц 80 хувьд хүрснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж хэллээ. Тэрбээр “Арьс, шир боловсруулах үйлдвэр барихаар Ховдыг сонгосон шалтгаан нь Увс, Говь-Алтай, Баян-Өлгийг холбохуйц баруун бүсийн төв хэсэгт байршилтай. Түүнчлэн БНХАУ-тай хоёр ч боомтоор хиллэдэг, дэд бүтэц нь улам бүр хөгжиж буй аймаг” гэв. Харин Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Баярсайхан уг үйлдвэрийг барихыг эсэргүүцэн байр сууриа илэрхийлж ийн ярьсан юм.
-Манайх нэг жилд нийлүүлдэг арьс, ширнийхээ маш бага хувийг боловсруулдаг. Тиймээс боловсруулах үйлдвэр олон байх тусам хэрэгтэй биш үү?
-Боловсруулах үйлдвэр барихаас илүүтэйгээр түүхий эдийнхээ чанарт эхлээд анхаарах учиртай. Стандартын шаардлагад нийцэхгүй түүхий эдийг ямар ч дэвшилтэт технологи нэвтрүүлээд боловсруулж чадахгүй, ашиг гарахгүй. Манай бэлтгэж буй түүхий эдийн бараг 70 хувь нь гэмтэлтэй, чанарын шаардлага хангадаггүй. Ховдод баригдах арьс, шир боловсруулах үйлдвэр байгаль орчин бохирдуулахгүй, урт хугацаанд ашигтай ажиллана гэсэн баталгаа бий юү. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдээ хэрхэн хотоос гаргахаа хэлэлцэн, цэвэрлэх байгууламжийн асуудлаа яаж зөв шийдэх талаар олон жилийн турш маргалдсаар байна. Тэгээд ч Ховд нь газар тариалангийн бүс нутгуудын нэг. Аймгийн төвд химийн бодис ашиглан, арьс, шир боловсруулдаг үйлдвэр байгуулбал урт хугацаандаа хөрс, орчныг бохирдуулах эс үүсвэр гарч, хүнсний аюулгүй байдал алдагдах магадлалтай.
…Гэтэл өдгөө Ховд дахь цэвэрлэх байгууламж ажиллахгүй хэвээр, аж ахуйн нэгж, иргэдийн “үйлдвэрлэсэн” бохир усыг Буянт голын адаг руу цутган, Буянт сумын айлууд болон ногооны талбайд бохир ус хэрэглэдэг гэсэн маргаан тасраагүй байгаа. Мөн аж үйлдвэрийн парк барих газрын орчимд өдгөө үйл ажиллагаа явуулж буй ДЦС-аас гардаг хөө, тоосонцор хүлцэх хэмжээнээс хэтэрсэн гэж иргэд гомдоллож байгаа. Түүнчлэн олон улсад тухайн бүс нутгийнхаа байгалийн өгөгдөл, усны нөөц, газар тариалан эрхлэлт, хүнсний нийлүүлэлт зэргийг нарийн тооцон үйлдвэрүүдээ байгуулдаг жишиг бий…
-Газар тариалан эрхэлдэг бүс учраас л та ийн хэлээд байгаа хэрэг үү?
-Энд, тэнд үйлдвэр барина, ажлын байр нэмэгдүүлнэ хэмээн албан тушаалтнууд хамгийн түрүүнд хэлдэг. Мэдээж үйлдвэрлэл хөгжүүлж, хүмүүсийг ажилтай байлгах нь зөв. Гэхдээ хаана, ямар үйлдвэр барих болон тэр нь үргэлжид ашиг өгч, он удаан жил оршин тогтнох, эсэхийг нарийн тооцоолох учиртай. Олон улсад экологийн цэвэр хүнс хэрэглэх, байгальд ээлтэй аргаар боловсруулсан хүнсний худалдааг өргөжүүлэхийг зорьж буй. Тиймээс хүнсний ногоо, төмс, тарвас, жимс зэргийн нийлүүлэлт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Ховдынхон урт хугацаанд ашиг олж, брэнд хөгжүүлж болно. Харин арьс, шир боловсруулах үйлдвэрийг баруун бүсийн өөр аймагт барихад буруудахгүй. Тэгээд ч нэг арьс боловсруулахад 100-гаас их литр ус зарцуулдаг. Усны асуудлыг зөв шийдэхгүй бол гол, горхи бохирдох өндөр магадлалтай. ХХААХҮЯ-ныхны яриаг сонсоход БНХАУ-тай Ховд хиллэдэг учраас худалдан авагч олоход төвөггүй гэдэг. Хэрэв урд хөршийнхөнтэй хамтран нэг үйлдвэр бариад, тэнд хром, сульфат зэрэг химийн хортой бодис уусгасан усаар арьсаа цэвэрлэж, зулмаад Хятад руу нийлүүлж эхэлбэл ямар ашигтай вэ. ЮНИДО буюу Нэгдсэн үндэстний байгууллагын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас Ховдод арьс, ширний үйлдвэр барьж болохгүй гэдгийг тайлбарласан. Асуудал их байгаа шүү” гэв.
“Шинэ Ховд” төслийг хэрэгжүүлэгч байгууллага буюу “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац”-ын дарга Ш.Батжаргалаас бүтээн байгуулалтын ажлын явц, өгөөж, төмс, хүнсний ногооны тариалангийн талбайн ойролцоо нутагт үйлдвэр байгуулахад үүсэх эрсдэлийн талаар тодрууллаа. Тэрбээр “Газар тариалангийн бүсэд арьс, ширний үйлдвэр барьж болохгүй гэсэн зүйл байхгүй. Орчин үед технологи улам бүр сайжирч, цэвэрлэх байгууламжаас гарах бохир, үйлдвэрээс орчинд үүсгэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд, аюулгүй байхаар зохицуулж буй. Ер нь дээрх төслийн хүрээнд давхардсан тоогоор 40 000 ажлын байр бий болно. Тэгээд ч Ховдод ногоо тарьдаг гол нутаг Буянт, Ховд, Булган сумаас үйлдвэр багадаа 40 км-ын зайтай. Өдгөө үйлдвэрийн барилгын ажил бараг дууссан. Таван тэрбум төгрөгийн өртөг бүхий цэвэрлэх байгууламжийн барилга, угсралтын ажил 80 хувиас давсан. Хилийн хорио тавигдан, зорчих хөдөлгөөн хэвийн болвол 2023 он гэхэд арьс, шир боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” гэв.
Ховд аймгийн төвд баригдах “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркад арьс, шир боловсруулах, мал нядлах, ноолуур угаах, самнах гэсэн 20 гаруй чиглэлийн үйлдвэр, цех ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, импортын хамаарлыг бууруулж, экспортыг өсгөх гэнэ. Мөн технологийн дэвшлийг нутагшуулсан байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрийн паркийн цогцолбор бий болгоно хэмээн онцолжээ. Гэтэл өдгөө Ховд дахь цэвэрлэх байгууламж ажиллахгүй хэвээр, аж ахуйн нэгж, иргэдийн “үйлдвэрлэсэн” бохир усыг Буянт голын адаг руу цутган, Буянт сумын айлууд болон ногооны талбайд бохир ус хэрэглэдэг гэсэн маргаан тасраагүй байгаа. Мөн аж үйлдвэрийн парк барих газрын орчимд өдгөө үйл ажиллагаа явуулж буй ДЦС-аас гардаг хөө, тоосонцор хүлцэх хэмжээнээс хэтэрсэн гэж иргэд гомдоллож байгаа. Түүнчлэн олон улсад тухайн бүс нутгийнхаа байгалийн өгөгдөл, усны нөөц, газар тариалан эрхлэлт, хүнсний нийлүүлэлт зэргийг нарийн тооцон үйлдвэрүүдээ байгуулдаг жишиг бий. Өөрөөр хэлбэл, он удаан жил газар тариалан эрхэлсэн, хүнсний нийлүүлэлтийн тодорхой хувийг бүрдүүлдэг орчинд төрөл бүрийн үйлдвэр, ялангуяа химийн бодис ашигладгийг нь барихаас татгалздаг. Ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэржүүлэх гэсэн бодлогыг хэрэгжүүлэхдээ алсдаа, хэдэн зуун жилийн турш ямар уршиг, эрсдэл дагуулахыг нарийн тооцох хэрэгтэй болов уу.