Ингэх гээд байсан юм. Агаарын бохирдлын асуудал хариуцсан дарга нар сүүлийн өдрүүдэд даанч их “драм” тоглож, олны эгдүүцлийг хүргэсэн. Сав л хийвэл иргэдийг буруутгаж, гэр хорооллынхныг ад шоо үзэн, сайжруулсан түлшээ завсар чөлөөгүй хамгаалсаар байв. Хорт утаанд өдөр бүр хордож буй иргэдийн эрүүл мэндэд санаа тавихын оронд хариуцлагаас мултарч, өөрсдийгөө хамгаалах олон үзэгдэлт “драм”-ын дүрд тэд хувирч, жүжиглэсээр цаг хожив. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг мэргэжлийн чиг үүргийн ажлаа хангалтай хийгээгүй, агаарын бохирдлын асуудалд хайнга хандсан гэдэг шалтгаанаар хариуцлага тооцлоо. Байгаль орчны төрийн захиргааны гол байгууллагын удирдагчдыг агаарын бохирдлын асуудлаас үүдэж багаар нь татан буулгасан анхны тохиолдол энэ болов. Тэгэхээс ч аргагүй хүнд, хөгтэй явдлууд ойрын өдрүүдэд ар араасаа хөвөрсөн учраас сайд, дарга нарыг нисдэг тэрэг хөлөглөхөөс нь өмнө ийнхүү газардуулав бололтой.
Улаанбаатар хотын утаа 50 хувиар буурсан гэдэг албаныхны мэдээлэлд итгэж, санаа амарсан нийслэлчүүд энэ өвөл эрхгүй “тэсрэв”. Агаар бохирдуулагч бодисын хэмжээ илт ихэссэн, өглөө, үдшийн цагаар хот “уурын зуух” болон хувирч буй нь үүнд нөлөөлсөн юм. Иргэд аль өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд энэ талаар мэр сэр дуугарах болсон ч албаныхан чихгүй юм шиг дүлий дүмбэ царайлсаар өдий хүрсэн. Харин олны хүч оломгүй далай гэхчлэн нийслэлчүүд дуу нэгтэй дуугарснаар энэ асуудал Засгийн газрын түвшинд хөндөгдсөн нь сайшаалтай. Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлсэн бол Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Ц.Пүрэвхүүг ч албан тушаалаас нь түдгэлзүүлэх болсныг эх сурвалжууд хэлэв.
Засгийн газар өнгөрсөн оны сүүлчээр утааны асуудлыг хэлэлцэхэд БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан түүхий нүүрсээр галлаж буй (тусгай зөвшөөрөлтэй) аж ахуйн нэгжүүдийг буруутгаад өнгөрсөн. Үүнээс улбаалаад нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгсөн юм. Энэ цагаас хойш БОАЖЯ, ЭХЯ, МХЕГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийнхны “чих зөөлөрч”, агаарын бохирдлын асуудалд санаа тавьж эхэлсэн. Тэд хамтран долоо хоног болгон агаарын чанарын мэдээлэл хийдэг болов. Түүхий нүүрс түлэх, тээвэрлэх зөрчлийг бууруулах зорилгоор нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоод болон гэр хороололд хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Гэвч хотын утаа шингэрсэнгүй, хоолой хорсгох хэмжээнд хүртлээ өтгөрөв. Ингээд Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн эхээр утааны асуудлыг дахин авч хэлэлцсэн юм.
Утаатай, утаагүй, сайн, муу хэмээн маргаан дагуулаад байгаа шахмал түлшний чанар, стандартыг дахин хянах асуудлыг эл хуралдаанаар хөндөв. Улмаар БОАЖ-ын сайдаар ахлуулсан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарын бүрэлдэхүүнтэй, Сайжруулсан түлшний хэрэглээ, нөөц, борлуулалт, үйлдвэрлэлийн технологид хятавих, хотын агаарын бохирдлын шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулсан юм. Түүнчлэн Н.Уртнасан болон Н.Тавинбэх сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсаныг Ерөнхий сайд анхааруулж, шаардлагатай тохиолдолд албан тушаалаас нь чөлөөлөх сануулгыг тухайн өдөр өгчээ. Энэ үеэс л дарга нарын “драм”-ын ширүүсэв. Тэд үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнэн, шаардлагатай арга хэмжээ авахын оронд өөрсдийгөө хамгаалах, бусдад бурууг тохох, ажил хийж байгаа мэт дүр эсгэх гэж улайран зүтгэцгээсэн билээ. Үүндээ хэт автаад үндэслэлгүй, логикгүй зүйлс ярьж, олны шүүмжлэлийн бай болсон.
Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр “Сайжруулсан түлшний үнэ хямд буй учраас гэр хорооллын өрхүүд өмнөхөөс их хэмжээгээр түлж, утаа гаргаж байна” хэмээн мэдэмхийрсэн. Энэ нь угтаа түлшний үнийг 75 хүртэлх хувиар хөнгөлсөн Засгийн газрын шийдвэр болон нийслэлийн гэр хорооллынхныг буруутгах гэсэн оролдлого байв. Нийслэлийн Засаг даргын байр суурь, дүгнэлт ийм байгаа гэж ойлгоход болно. Тэгвэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Айлууд буруу галлаж байгаагаас, түлш нь бүрэн шатаагүй байхад нэмж түлдгээс утаа угаар ихэссэн” гэж мэдээлсэн нь мөн л иргэдийг буруутгах санаархал байсан юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Агаарын бохирдлыг долоо хоногийн дотор бууруулах чиглэлийг Засгийн газар Н.Уртнасан сайд бид хоёрт өгсөн. Түлшний чанар, хадгалалт, үйлдвэрлэл хэвийн байгаа. Хэрэглээ эрс нэмэгдсэн учраас утаа ихэссэн. Энэ маргашгүй үнэн” гэж мэдээлсэн нь бас л гэр хорооллынхон руу чиглэсэн “дайралт” байлаа.
Тэрчлэн сайжруулсан түлшний хэрэглээг хянах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн гишүүд нийслэлийн гэр хороололд ажиллах үедээ нэгэн айлын гэрт зөвшөөрөлгүй дайран орж, зуухыг нь “нэгжив”. Өвчний улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, гэртээ ганцаараа амьдардаг иргэний нүүрийг улалзуулж, “Та яагаад ийм юм (ороолт) түлж байгаа юм бэ. Танайхаас ямар утаа гарч байгааг мэдэх үү” хэмээн сэтгүүлчээр асуулган, тал талаас нь чичлэв. Тэд үүгээрээ гэр хорооллын айлуудыг буруутай мэт ойлгуулахыг, муухай харагдуулахыг хичээсэн нь илт. Гэвч тэдний тооцоолсноор болсонгүй. Хөлдөж үхэхгүйн тулд, амьдрахын төлөө тэмцэхдээ хувцсаа зуух руу хийж буй эрээс илүү айлын гэрт зөвшөөрөлгүй дайрч орсон, хүний эрхэд бүдүүлгээр халдсан албаныхан хийгээд сэтгүүлчид хамгаас муухай харагдав. Тэгээд ч ганц айлын дүр байдлыг бусдад нялзааж, бүгд тийм мэтээр дүгнэх нь дэндүү өрөөсгөл гэдгийг иргэд эрхбиш гадарлах учраас энэ асуудалд “дархлаатай” хандав.
Агаарын бохирдлын асуудалтай холбогдсон сайд, дарга нарын “драм”-ын гол дүр нь сайд асан Н.Уртнасан байлаа. Тэрбээр сүүлийн өдрүүдэд хаа сайгүй ажилласан. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрт хүрэв, гэр хорооллын айлуудад очив, дулааны алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлдэг олон улсын байгууллагынхантай уулзав. Ингээд ч утааныхаа уг шалтгааныг олж чадаагүй учраас хотын дээгүүр дрон нисгэж, нисдэг тэргээр явж, агаар бохирдуулагчдыг илрүүлэх “мэргэн” санаа олсон юм. Хотыг агаараас тандах эл санаачилгыг Эрчим хүчний сайдтай зөвлөлдсөний үндсэн дээр олсон бөгөөд тэд хамт явахаар төлөвлөн, нисэх цаг, байршлаа тодорхой болгоод байв. Тэдний мэдээлснээр бол сайд нар гэр хорооллынхныг агаараас тандаж, их хэмжээний утаа ялгаруулсныг нь албан тушаалтнууддаа мэдээлж, хариуцлага тооцуулахаар төлөвлөөд байжээ. Гэвч энэ шийдвэр олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан учир нислэг цуцлагдав. Ингээд нисдэг тэргээр бус, дроноор гэр хорооллыг тогтмол хянахаар тогтсон юм.
Бас нэг сонин үйл явдал болсон нь БОАЖ-ын сайд асан Н.Уртнасан болон хотын захирагч Д.Сумъяабазарын хооронд өрнөсөн тэмцэл байв. Олон нийтийн сүлжээнд тэднийг өмгөөлж, байр сууриа илэрхийлсэн хүн цөөнгүй харагдав. Нэг хэсэг нь “Нийслэлийн агаарын бохирдлын асуудал хотын мээрт 100 хувь хамаатай” гэнэ. Нөгөө нь “Нийслэлийн Засаг дарга бус, БОАЖ-ын сайд үүнд анхаарах ёстой” хэмээв. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албыг хариуцаж байсан нэгэн эрхэм “Сүүлийн өдрүүдэд ганц эмэгтэйг боорлох янзтай. Байгаль орчны сайдыг хотын утаатай “хутгаж”, баалж байсныг мэдэхгүй. Нийслэлийг утаанаас салгах нь ганц түүний хийж, шийдвэрлэж чадах асуудал биш. Гэвч тэрбээр ямар ч ажлаас хойш суудаггүй, ханцуй шамлан ордог зангаараа зүтгэж байна” гэсэн улайм цайм өмгөөлсөн зүйл бичсэн байх жишээтэй. Гэтэл олны танил нэгэн хүн “Д.Сумъяабазар агаарын бохирдлыг бууруулахад анхаарч, чадахаараа зүтгэж байна. БОАЖ-ын сайд нь зуух, яндантай зууралдаад, нисдэг тэрэг, дрон яриад бусдынхаа ажлыг үнэгүйдүүлээд байх юм” хэмээн хотын даргад илтэд ая тал зассан байр суурь илэрхийлжээ.
Сүүлийн 10 хүрэхгүй хоногт болсон эдгээр үйл явдал манай улсын сайд, дарга нарын үнэн төрхийг тод томруунаар харууллаа. Гаргасан шийдвэр, хийж буй мэдээллээс нь тэднийг амьдралаас хэр хол тасарсныг, асуудалд ямар хөнгөн хуумгай ханддагийг харж болохоор байна. Дээрээс ямар нэг шахалт үзүүлж, сануулга өгч байж л хөдөлдөг хойрго, санаачилгагүй, чиг үүргээ умартсан байдал шат шатны байгууллагад газар авсныг агаарын бохирдлыг тойрсон асуудал илчиллээ. Утаа, шахмал түлш ярьж буй албан тушаалтнуудын олонх нь сайжруулсан түлш барьж үзээгүй, түлж ч байгаагүй, гэр хорооллын амьдралыг гадарладаггүй хүмүүс бий гэдэг нь эргэлзээгүй. Үгүй бол тэд долоо хоногт зургаан шуудай түлш авах нормтой иргэдийг “Хямд учраас их хэмжээний түлш хэрэглэж байна” хэмээн хий хоосон хардахгүй, айлуудын зуух руу “өнгийхгүй” байсан юм.
Түүнчлэн нийслэлийн аль бүс их утаатайг тогтмол мэдээлдэг суурин харуулууд байсаар атал дрон, нисдэг тэрэг хөлөглөх “мэргэн” санаа бодож олохгүй л болов уу. Тэгээд ч хотын дээгүүр байнга нисдэг тэрэгтэй “эргэлдэнэ” гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил шүү дээ.
Амьдралаас хол тасархай, асуудлын мөн чанарт бус, өнгөц байдалд анхаардаг албан тушаалтнууд өөрсдийнхөө энэ мэт бодлогогүй шийдвэр, үйлдлийн буруутныг бусдаас хайж, түүндээ “бүдэрч” унадгийн жишээг Засгийн газрын өчигдрийн шийдвэр харууллаа. Дарга нарын “драм” энд хүрээд өндөрлөв. БОАЖЯ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын удирдлагаар ажиллах дараа дараагийн хүмүүст энэ явдал том сургамж болно гэдэгт итгэлтэй байна.