Батлан хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, дагаж мөрдөх журмууд шинэчлэгдэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам” батлагдан гарлаа.
Өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нараар ахлуулсан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэх ажлын хэсэг томилогдон, цэргийн цол олгох асуудлыг цэгцлэх, цэргийн цолны үнэлэмж, зохистой харьцааг зохицуулах, цэргийнхний нэр хүндийг өсгөх, цэргийн алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, алба хаагчдынөөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хөшүүрэг болох зорилгоор уг журмыг шинэчлэх ажлыг хийсэн билээ.
Шинэ журамд бэлтгэл үүрэгтний цолыг хавтгайруулан олгодог тогтолцоог халсан, ахлах болон дээд офицеруудад тавигдах боловсролын шаардлага өндөрссөн, цэргийн цолны нийтлэг стандарттай болсон зэрэг зарчмын өөрчлөлтүүдээс гадна цэргийн сургуульд сурч байгаа алба хаагчдад хугацааны цолыг нь олгодог, эдэлж байгаа цолноосоо нэгээс дээш цолны зэрэглэл бүхий тушаалд томилогдвол дараагийн цолыг цол хоорондын хугацааны 50-иас дээш хувийг эдэлсэн бол олгож болох зэрэг заалтууд оржээ.