Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оноос хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогыг тооцох, далд эдийн засгийг ил болгох, улмаар татварын тэгш орчин бүрдүүлэх зорилготой. Ийм зорилгыг хэрэгжүүлэх нэг хөшүүрэг нь худалдан авагч бүрт и-баримт олгуулж хэвших явдал. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, борлуулалт хийж буй иргэн, аж ахуйн нэгж бүр үйлчлүүлэгчдэдээ и-баримт заавал олгоно гэсэн үг. Гэтэл эл ажилд хойрго хандаж, и-баримт олгохгүй байх, эсвэл барааныхаа үнийн дүнгийн 10 хувийг хасуулахыг санал болгох явдал элбэг хэвээр байна. Нөхцөл байдал ямар байгааг тодрууллаа.
Сүүлийн хоёр жил бид цар тахлын нөхцөлд амьдарч буй. Өдгөө ч коронавирусийн халдварын тархалт идэвхтэй хэвээр бөгөөд иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь олширсон. Гэтэл хувийн эмнэлгүүд и-баримт олгодоггүй жишиг тогтсон гэхэд болох нь. Тухайлбал, Баянгол дүүргийн XVIII хороонд байрлалтай “Энх-Жаргалан” эмнэлгийг дурдъя. Өдрийн эмчилгээ нь нэг хүний 25 000 орчим төгрөг ба үзлэг, оношилгоо, шинжилгээнийх нь төлбөр тусдаа бодогдоно. Гэтэл үйлчлүүлэгчдэд и-баримт өгдөггүй аж. Цөөнгүй үйлчлүүлэгчтэй тус эмнэлгийнхнээс и-баримт олгох, эсэхийг нь асуухад “Одоогоор өгөх боломжгүй” хэмээн тодорхойгүй хариулт өгсөн. Түүнчлэн Баруун дөрвөн замын “Голомт” хотхоны урд талд байрлалтай “White dent” шүдний эмнэлэг нь хоёр салбартай. Мөн л үйлчлүүлэгч олонтой, үйлчилгээний хөлс өндөр атал и-баримт олгодоггүй, татварын системд бүртгүүлээгүй хэвээр байсан. Үүнээс гадна автомашин борлуулагч хувь хүмүүс ч баримт өгч хэвшсэнгүй. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Б.Номуун “Баянзүрх дүүргийн “Их засаг” их сургуулийн ойролцоох хашаанд үйл ажиллагаа явуулдаг борлуулагчдаас 2020 оны зургадугаар сард “Lex¬us-450” автомашиныг 60 сая төгрөгөөр худалдан авсан. Зарим жижиг эд, ангийг нь солиулан, нэмэлт үйлчилгээ хийлгээд 62 саяыг төлсөн ч и-баримт өгөөгүй. Автомашин борлуулагчид, сэлбэгийн наймаачид, засварын газрууд и-баримт өгдөггүй юм биш үү” хэмээв.
И-баримт олгодоггүй ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тогтмол орлоготой аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг тоочвол олон байна. Тухайлбал, фитнес клуб, гоо сайхны салонууд, зарим цайны газар, үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэгчид, лангуу түрээслэн наймаа хийгчид гээд нэрлэж дуусахгүй нь. Эдгээрийн нэг нь үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгчид юм. Чингэлтэй дүүргийн V хороонд гурав дахь жилдээ орон сууц түрээлсэн амьдарч буй Ч.Одхүү “Манайх хоёр өрөө байрыг эхний хоёр жилд нэг сарын 700 000 төгрөгөөр түрээсэлсэн. Харин 2021-2022 онд буюу өнгөрсөн есдүгээр сараас эхлүүлэн сард 900 000-ыг төлж буй. Хагас жилийн түрээсийн төлбөр 5.4 сая төгрөгийг бэлэн өгсөн ч ямар ч баримт аваагүй. Ер нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, борлуулалттай холбоотой татварын асуудлыг сөхөх хэрэгтэй байх” гэлээ.
Үүнээс гадна и-баримт авах уу, эсвэл 10 хувиа хасуулсан дүнгээр тооцоогоо хийх үү хэмээн эелдгээр асууж буй бизнес эрхлэгч ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал, Баянгол, Сүхбаатар дүүрэгт нийт дөрвөн салбартай “Octard” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч, гоо сайхны салон бий. Тэдний Улсын их дэлгүүрт байрлалтайгаас нь бусад буюу “Гранд” худалдааны төв, “Билиг” их дэлгүүр доторх салбар нь бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгээс 10 хувь хөнгөлж, и-баримт олгохгүй үйлчилдэг. Хэрэглэгчид ч 200 000 төгрөгийн худалдан авалтаас 20 000-ыг хасуулахаа илүүд үзсээр байна. Түүнчлэн “Peace mall” худалдааны төв болон Энхтайваны өргөн чөлөөнд цөөнгүй жил үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч “Zaya Bilgee” дэлгүүрийнхэн “И-баримт авах уу, эсвэл 10 хувийг нь хасуулан худалдан авах уу” хэмээн асуусан хэвээр байна. Яагаад и-баримт олгохгүй байгааг нь лавлахад худалдагч “Баримт өгч бололгүй яах вэ, гэхдээ зарим хүн 10 хувийг хасуулсан дүнгээр худалдан авах сонирхолтой учраас сонголт олгосон хэрэг” гэлээ.
И-баримт олголтыг идэвхжүүлэх, орлого олж буй нэгж бүрийг бүртгэлжүүлэх ажлын явцын талаар Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн татварын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас тодрууллаа. Тэрбээр “Бараа, үйлчилгээ зарж, борлуулан орлого олж буй иргэн, аж ахуйн нэгж бүр и-баримт олгох учиртай. Баримт олгох ажил ер удаашраагүй. И-баримт өгч хэвшсэн аж ахуйн нэгж, иргэний тоо 2021 онд өмнөх жилийнхээсээ 10 орчим хувиар нэмэгдсэн. Ингэснээр НӨАТ-аас хуримтлуулсан орлого 2021 оны эхний 11 сард өмнөх жилийн мөн үеийнхээс 25.9 хувиар буюу 528.2 тэрбум төгрөгөөр ахисан. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж, иргэн бүр и-баримт өгч буй, эсэхийг нэгбүрчлэн хянах боломж алга. Үүнд цар тахлын үеийн хязгаарлалтын дэглэм ч нөлөөлж байгаа юм. Гол нь иргэд баримт аваагүй бол “ebarimt” аппликэйшний тусламжтайгаар, эсвэл харьяа дүүргийнхээ Татварын албанд мэдээлж байх шаардлагатай” гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны 11-12 дугаар сард аж ахуйн нэгжийн улсын тооллогыг зохион байгуулсан. Үүний дүнг албан ёсоор зарлаагүй ч 178 000 аж ахуйн нэгж, үйлдвэрлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 60 000 иргэнийг хамруулсан юм билээ. Тэгэхээр улсын хэмжээнд нийт 238 000 орчим аж ахуйн нэгж, иргэн худалдсан бараа, үйлчилгээ тутамдаа и-баримт олгох нь. И-баримтыг бүрэн олгосноор татварын бүртгэл үүсгэх, улмаар НӨАТ суутган төлөгчийг тогтоон, татварын тэгш орчин бүрдүүлнэ гэсэн үг. Аж ахуйн нэгж, иргэд орлогоо үнэн зөв мэдүүлж, борлуулалтын хэмжээнээсээ хамаарч татвар төлж хэвшвэл эдийн засгийн өсөлтийг хангах суурь болох нь дамжиггүй.
Бэлтгэсэн С.Эрдэм