Хэд хоногийн өмнө Индонезийн зүүн хэсгийн Ачех тосгонд нэг хэрэгт холбогдсон, тодруулбал, гэр бүлээс гадуур харилцаатай гэх үндэслэлээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг шариатын хуулийн дагуу ташуурдаж шийтгэжээ. Ингэхдээ эмэгтэйг нь 100, эрэгтэйг нь 15 удаа ташуурдсан талаар “Guardian” мэдээлэв. Тэд удаан хугацаанд ийм харилцаатай байсан бөгөөд эмэгтэй нь хэргээ хүлээн зөвшөөрсөн учраас ийнхүү олон удаа “гөвшүүлсэн” бол хамтрагч эрийнх нь хувьд бүх буруутгалыг үгүйсгэж, гүрийсээр байжээ. Тиймээс гэм нүглийг нь “нотлох” боломжгүй хэмээгээд 15 удаа ташуурдсан гэж хуулийн байгууллагынхан нь тайлбарласан байна. Эмэгтэй хүнийг хүйсийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, дорд үзэх, эрэгтэйчүүдээс дутуу үнэлэх, басамжлах үзэгдэл өнөөдөр дэлхийн зарим улсад түгээмэл байсаар.
Ялангуяа лалын шашинтай орнуудад тэгш бус хандлагыг хуулиараа зөвшөөрдгийг эсэргүүцэж НҮБ-ын Хүний эрхийн комисс болон хүний эрхийн байгууллагууд тэмцсээр буй. Хүний эрхийн комисс 2010 онд хууль, эрх зүйн практикт эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудлаарх шинжээчдийн ажлын хэсэг байгуулсан. Тус багийн шинжээчид 2018 онд хуралдаж, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах агуулгатай хууль тогтоомждоо нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газруудад, лалын шашинт улсуудад уриалжээ.
Тэгвэл ардчилсан гэх тодотголтой Монгол Улсад эмэгтэйчүүдийг хүйсийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, шахаж хавчих, эрхийг нь боогдуулах явдал өнөөдөр ч бодитоор байсаар. Индонез эмэгтэй, эрэгтэйн тухайд гэвэл гэр бүлийн ариун байдлыг сахиагүй гэмтэй учраас шийтгүүлэх нь зүйн хэрэг ч тэгш бус хандаж байгаа нь шүүмжлэлтэй. Гэтэл Монголд шагай харвасныхаа төлөө охид, эмэгтэйчүүд шүүмжлүүлж, бүр өв соёлоо устгахаар “заналхийлэгч” болох дөхсөн нь ердөө хэд хоногийн өмнө. Монголын шагайн харвааны холбоо гэх хаяг доор нэгдсэн хэсэг эрэгтэй “Дээр үед эмэгтэйчүүд эрчүүдээ хүндэлдэг, ам уралдаж ярьдаггүй, эр хүний тоглоомыг дээдэлж шагай харвадаггүй байсан. Эмэгтэй хүн шагай харваснаар цаашдаа энэ өв соёл устах аюултай” гэж хэвлэлийн хурал хийж муйхарласан. Бид хэддүгээр зуунд амьдарч байна вэ. Шагай харвах нь эрэгтэй л хүний “ажил”, наадгай гэж өмчилж буй нөхөд аль эрин үеийнх юм бэ. Шинжлэх ухаан, техник, технологийн хурдацтай хөгжлийн үед амьдарч байгаа монголчуудын дунд энэ мэт бурангуй, дээрэнгүй үзэлтэй хүмүүс байгаа нь харамсалтай. Ийм болхи байдлаа олон нийтэд дэлгэж бахархал бардамнал болгох хүн үүгээр тогтохгүй олон байгаа нь үнэхээр гутамшиг.Шагай “харвадагчуудаас” гадна эмэгтэйчүүдийг төрүүлсэн хүүхдийнх нь хүйс, тоогоор ялгаварлан, доромжилсон нэгэн үйл явдал Өмнөговь аймагт өнгөрсөн сард болов. Цогтцэций сумын ИТХ буюу иргэдийн төлөөлөл болсон хэсэг нөхөд “Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлж, өсгөсөн эмэгтэйг дархан бэрээр өргөмжлөх тухай” журам баталснаа бахархалтайгаар зарлах нь тэр. Ингээд болсонгүй тэр журам гээчдээ “…Мөн охин төрүүлсэн бол тооцохгүй” гэж эмэгтэй төрснийх нь төлөө охин хүүхдийг гутаан доромжилж, хүн биш мэтээр үзсэн нь хүний эрхийг хөсөр гишгэсэн явдал болов. “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасныг илтэд зөрчсөн уг журмынхаа талаар Цогтцэций сумын ИТХ-ын дарга гэх Ц.Доржсүрэн “Манай улс “Дархан бэр”-ийг тодорхойлж, энгэрийн тэмдэг олгоод 10-аад жил болж байна. Бид энэ жил иргэдийн санал, хүсэлтийн дагуу тус журмыг шинэчлэн баталсан” гэж жишим ч үгүй тайлбарлан өөрсдийгөө зөвтгөх “булан” хайсан нь үнэхээр эмгэнэлт инээдмийн сонгодог жишээ юм. Ерөөс энэ бол монголчуудыг дэлхийн хэмжээнд шившиглэх жишээ байлаа. НҮБ-ын Хүний эрхийн комиссын шинжээчид ээ, Монголд нэг саатан морилно уу, бидний амьдралд энэ мэтээр эмэгтэйчүүдийг хүйсийн байдлаар ялгаварлах үзэл байсаар байна.
…Уг нь Монгол Улс Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуультай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл ч хангалттайд тооцогдох орнуудын тоонд багтдаг. Гэхдээ уг хуулийн заалтуудын хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй буюу 30-аас доош хувьтай явж ирснийг 2018 онд Хүний эрхийн комиссоос олон улсын хэмжээнд хийж, 2019 онд хэвлүүлсэн “Эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйчүүдийн талаарх судалгаа”-ны тайланд дурджээ…
Уг нь Монгол Улс Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуультай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл ч хангалттайд тооцогдох орнуудын тоонд багтдаг. Гэхдээ уг хуулийн заалтуудын хэрэгжилт улсын хэмжээнд хангалтгүй буюу 30-аас доош хувьтай явж ирснийг 2018 онд Хүний эрхийн комиссоос олон улсын хэмжээнд хийж, 2019 онд хэвлүүлсэн “Эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйчүүдийн талаарх судалгаа”-ны тайланд дурджээ. Өнөөдөр цөөхөн улс, үндэстнийг эс тооцвол дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрх, тэгш оролцооны талаар хүчтэй дуугарч, хүн гэдэг үндсэн эрхийг нь хүндлэхэд гойд анхаарч байна. Дэлхий “хавтгай” болсон энэ цаг үед үүнийг мэдэхгүй хүн үгүй. Тиймээс хүйсийн ялгаварлан гадуурхалтыг тэвчихгүй, тийм болчимгүй алхам хийсэн олны танил хүмүүсийг нийтээр жигших хандлага бий болсон. Ингэж нийтээр жигшүүлсэн хамгийн том “хохирогч” бол Илие Настасе. Мэргэжлийн теннисчдийн анхны рейтингийг тэргүүлж, ганцаарчилсан болон хосын тэмцээний 88 түрүүг авч цагтаа шуугиулж явсан тэрбээр хэдэн жилийн өмнө алдарт Серена Уильямсын талаар “Серенагийн хүүхэд ямар өнгөтэй төрөх бол. Сүүтэй шоколад шиг байх уу” гэж болчимгүй үг унагасныхаа төлөөсөнд Уимблдоны “Их дуулга”-ын тэмцээний цэнгэлдэх хүрээлэнгээс хөөгдөж, дахин энэ спортын тухай ярих эрхгүй болох шахсан. Өдгөө ч түүнийг тэмцээнүүдэд дасгалжуулагчийнх нь хувьд ч урих нь бүү хэл, үзэгчдийн суудалд ч харахыг хүсэхгүй байгаа. Энэ нь маш том сургамж болж олны танил эрхмүүдийг жендерийн тэгш байдалд улам мэдрэмжтэй хандахад анхааруулга болсон юм. Гэтэл манайд эмэгтэйчүүдийн талаар юу хүссэнээ чалчдаг хүн нэмэгдэх хандлагатай. Тэр дундаа удирдах албан тушаалтнууд “Дааганаас унаж үхэхгүй, дарвагараасаа болж…” гэдэгчлэн хүйсийн тэгш эрхийн тал дээр үнэхээр “хөлдүү” болжээ.
Ер нь “жендер” гэсэн нэр томьёоны үзэл баримтлал нь эхлээд эмэгтэйчүүдийг дарангуйлдаг байдлыг халахад чиглэж, 1995 онд Бээжингийн тунхаглалыг баталснаас хойш олон улсын хүний эрхийн үндсэн ойлголтуудын нэг болсон юм. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, жендер, жендерийн тэгш байдлын тухай ойлголтыг хүчгүйдүүлэх эрсдэл олон улсад бий болж байгааг Хүний эрхийн комиссын шинжээчид онцлоод, энэ тухай үзэл баримтлалыг буруу тайлбарлах, эмэгтэйчүүдийн эрхэд халдах явдал нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. Үүнд манай “шагайчид”, бэр “шалгаруулагчид” мэтийн фундаменталистуудын оролцоо, нөлөө их аж. Ийм нөхцөлд жендерийн тэгш байдлын баримтлалд ноцтой сорилт тулгарч байгаад санаа зовж буйгаа эмэгтэйчүүд, охидын эсрэг ялгаварлан гадуурхах асуудлаарх НҮБ-ын ажлын хэсгийнхэн дурджээ. Дэлхий нийтийн хандлага ч үүнд төвлөрч байгаа энэ цаг үед Монголд зүй бус доромжлол, үгүйсгэл гарч байгаа нь харамсалтай.
Монголын шагайн харвааны холбооныхонд дуулгахад шагай нясалж тоглох наадгай монголчуудын дунд өнө эртнээс өргөн уламжлагдсан өв соёл. Өнөөдөр ч бид хүүхэд, хөгшид, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй шагай харваж тоглож байна. Харин шагай харвадаг “тэмцэлдээн” харьцангуй залуу түүхтэй. Шулуухан хэлэхэд, хумигдмал хүрээнд үүссэн, тодруулбал, зарим нутгийнхны сэдэж, санаачилсан зүйл бөгөөд цагийн явцад түмэнд түгж, дэлгэрч байгаа харьцангуй шинэ түүх. Үүнийг өв соёл болтол хөгжүүлж, олныг хамруулан улам дэлгэрүүлэхийг хүсвэл эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүссэнд нь боломж олгох ёстой. Тэгээд ч ард түмний амьдрал, ахуйгаас дэлгэрсэн аливаа зүйл хэн нэгний “хуульчилснаар” өмчлөгддөг юм биш. Энэ мэтээр эмэгтэйчүүдийг хүйсийн байдлаар нь ялгаварлах аливаа оролдлого хийдэг эрчүүдэд аминчлан дуулгахад, өнөөдөр хүн төрөлхтөн эцгийн эрх ёсыг хүндэтгэдэг уламжлалд илүү олон өнцгөөр хандаж, зарим нь бүр огт үгүйсгэж, шүүмжилж байна. Шинжлэх ухааны хөгжил талаас нь харахад ч эр хүйсийнхэнд “дулдуйдах” шаардлагагүй болж буй талаар өч төчнөөн мэдээлэл байна. Ойрын хагас зуунд нөхөн үржихүйд эрэгтэйчүүдийн оролцоо улам багасах талаар дэлхийд нэр алдартай эрдэмтэд өгүүлж байгаа нь шинэ содон мэдээлэл биш болсон. Энэ бүхнийг бүх эрэгтэй хүнд зориулж дурдсангүй, хүйсээр ялгаварлан гадуурхагчдад егөөдөл маягаар хаягласан болохыг тунгаан болгооно буй за.
Монголын нэрт соён гэгээрүүлэгчдийн нэг, их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” Цэрэн шиг эмэгтэй гэдгээрээ адлагдсан орчин цагийн “Гологдсон хүүхэн”-үүд маань эх орныхоо ачааг эрчүүдээс дутахгүй үүрэлцэж байгаа нь гарцаагүй үнэн билээ. Тиймээс жендерийн тэгш байдлын талаар дахин буруу, зөрүү ярихгүй байна уу.