Хүний эрхийн үндэсний комиссоос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа”-г хийжээ. Судалгаа дүнг өнөөдөр танилцуулав.
Судалгаагаар төрийн алба болон хувийн хэвшилд, нийслэл болон орон нутагт хөдөлмөр эрхэлж буй 3300 хүнийг хамруулан ажлын байрны дарамт, хүчирхийллийн тархалт, ажлын байрны дарамтын талаарх мэдлэг ойлголт болон ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтын илрэх бүх төрлийн хэлбэр, ажлын байрны дарамт, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлүүлж буй, эсэхт дүн шинжилгээг хийв.
- Судалгаанд оролцсон гурван төрийн албан хаагч тутмын нэг нь бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих, дуу авиа гаргахыг, дөрвөн хүний нэг нь өмссөн хувцас, биеийн хэлбэр, галбир, бэлгийн ажил эсвэл чадавхын тухай дүрслэн ярихыг, таван хүний нэг нь хүсээгүй байхад нь удаа дараа болзоонд урих, гэр, машин, өрөөнд урих, дуудах бэлэг өгөх, халамжлахыг, таван хүний нэг нь таагүй санагдуулахаар хэт удаанаар ширтэхийг бэлгийн дарамт биш гэж хариулсан байна. Харин нийт судалгаанд оролцогчдын 14-15 хувь нь дээрх үйлдлүүдийг бэлгийн дарамт, хүчирхийллийн үйлдэл гэж огт мэдэхгүй гэсэн байна. Энэ нь төрийн албан хаагчдын дундах ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг харуулж байна.
- Судалгаанд оролцсон төрийн захиргааны албан хаагчдын 77.6 хувь ажлын байрны бэлгийн дарамт хүчирхийллийг хүний эрхийн зөрчил мөн гэсэн хариулт өгчээ. Гэвч судалгаанд оролцогчдын 62 хувь нь “бэлгийн харилцаанд хүчилж ороогүй тул тэврэх, үнсэхийг зөвшөөрнө”, 70 орчим хувь нь “ажлын газрынхан инээж наргихдаа бэлгийн агуулгатай асуулт тавих, хошигнол, онигоо ярих байдаг л зүйл” гэж хариулсан нь ажлын байрны бэлгийн дарамтын талаар болон ажлын байрны бэлгийн дарамтыг хүний зөрчил гэж хариулсан хэдий ч яг ямар үйлдлийг буруутгах, хүлээн зөвшөөрөхгүй байх хандлагын хувьд дийлэнх нь ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг “хүлээн зөвшөөрсөн” хандлагатай байгаа нь харагдаж байна.
- Захиргааны албан хаагчдын дунд 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчингийн гэмт хэргийн золиос болж, 3 эмэгтэй тутмын 1 нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн байна. Энэ нь төрийн захиргааны байгууллага дахь ажлын байрны бэлгийн дарамтын тархалтыг илэрхийлж байна.
Ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийлэл нь жендэрт суурилсан дарамт хүчирхийллийн нэг хэлбэр. Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн зөвхөн төрийн захиргааны албан хаагчдын дунд “ажлын байрны бэлгийн дарамт”-ын талаар хийгдсэн судалгаа тул үндэсний хэмжээний ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт, мэдээлэлтэй байх, түүний хандлага, тархалтыг тодруулахад учир дутагдалтай юм. Эдгээр судалгаанаас үзэхэд ажлын байрны бэлгийн дарамт төдийгүй ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй, дутмаг байгаа нь ажиглагдсан байна.
Манай улсад хөдөлмөрийн харилцааны талаарх судалгааг цөөнгүй зохион байгуулсан ч “ажлын байрны дарамт, хүчирхийлэл”-н талаар тусгайлан хийсэн нь харьцангуй цөөн ихэвчлэн нэг салбар, бүлгийн дунд хийсэн байдаг байна. Тухайлбал төрийн захиргааны албан хаагчдын дунд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дунд эсхүл зөвхөн охид эмэгтэйчүүдийн дунд гэх мэт. Ингэснээр дээрх судалгаагаар монгол улсын хэмжээн дэх ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтын төлөв байдал, хандлага, тархалтыг тодорхойлоход бэрхшээл үүсгэж байгаа юм.
Үндэсний хууль тогтоомж, дүрэм журам, бодлого болон бусад арга хэмжээ, үйл ажиллагаанд нь Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцтой Монгол Улсын хууль тогтоомж хир нийцэлтэй байгааг тодорхойлох, цаашид Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн тухайОУХБ-ын 190 дүгээр конвенц нийцэхийн тулд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, бодлого, холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулах шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг илрүүлэх, санал гаргах үүднээс уг судалгааг хийжээ.