ЗХУ руу Герман довтлох цаг хугацааны тухайд Зөвлөлтийн удирдлага айхавтар алдаа гаргасан нь аугаа их эх орны дайны эхэн үед Улаан арми бүтэлгүйтсэний үндсэн шалтгаан гэж үзсээр ирсэн. Түрэмгийлэл эхлэх гэж буй талаар тагнуулууд анхааруулсаар байсан ч Сталин энэ мэдээллийг үнэмшил нотолгоогүй хэмээн чигээрээ зүтгэж зөрүүдэлсээр байв. Гитлерийн Германы төлөвлөгөөний талаар Зөвлөлтийн тагнуулын байгууллага улс орныхоо дээд удирдлагад байнга мэдээлж байсан юм. Үүнд ялангуяа Рихард Зорге бусдаас илүүг амжуулж байв. Зорге буюу Рамзай Токио дахь Германы ЭСЯ-нд олон жил ажиллаж Элчин сайд Ойген Оттотой дотно харилцаатай, нууц мэдээлэл олж авдаг, түүнийгээ Москва руу дамжуулдаг байлаа. ЗХУ руу Герман хэзээ довтлох тухайд 1941 оны хавраас Зорге байнга мэдээлж, түүгээр ч барахгүй тодорхой хугацаа ч нэрлэж байжээ. Харамсалтай нь, түүний мэдээлэл Зөвлөлтийн удирдлагад итгэл төрүүлэхгүй, үүнд ч бас шалтгаан байсан нь Рамзайн мэдээлэл ер нотлогдож байсангүй. Тэгтэл “Барбаросс” ажиллагаагаа эхлүүлэх хугацааг Гитлер байнга өөрчилж байсан нь дайны дараа тодорхой болжээ. Тийм болохоор Рихард Зоргед буруу байгаагүй аж. Эцэст нь Германы довтлох өдрийг зургадугаар сарын 22 гэж Рамзай хэлэхэд ч Москва төдийлөн итгээгүй. Тагнуулчдынхаа өгсөн мэдээлэлд Сталин ер итгэхгүй байсан гэж хэлж бас болохгүй, тэрбээр тусгай албадынхаа зарим мэдээлэлд нэлээд ул суурьтай хандсаны эцэст Зөвлөлүүдийн орны эсрэг Герман ойрын үед довтолж зүрхлэхгүй гэсэн дүгнэлт хийжээ.
Москвагийн “Талхны” гэх гудамжны нэг байшинд 1941 оны дөрөвдүгээр сард гэнэт засвар хийх болжээ. Хэдийгээр ихээхэн хуучирсан барилга байсан ч тэнд ус дамжуулах хоолой солих нь засварын ажлын гол шалтгаан биш байв. 28 дугаар байшинд Германы ЭСЯ-ны цэргийн атташе генерал Эрнст Кёстрингийн ажлын байр байдаг юм санж. ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны Сөрөг тагнуулын ерөнхий газрын ажилтнууд өдөр, шөнөгүй харуул хамгаалалттай тэр байр руу нэвтрэх арга сүйхээчилсэн нь засвар хийх явдал байжээ. Ийнхүү атташегийн өрөөнд орж, нууцын төмөр шүүгээг нь онгойлгож, чухал баримтуудыг хуулбарлан авч, энд тэнд бас “цох” (сонсох төхөөрөмж) суулгасан байна. Ийм маягаар генерал Кёстринг өөрийн харьяаны хүмүүс болон бусад орны дипломатуудтай хийсэн бүх ярианы агуулга үг, үсгээрээ Зөвлөлтийн тусгай албадад тодорхой болж байлаа. Ярианы энэ тэмдэглэл бараг өдөр болгон Улсын аюулаас хамгаалах ардын комиссар Всеволод Меркуловын ширээн дээр ирж улмаар Сталины болон Зөвлөлтийн дээд удирдлагын сонорт хүрч байв. Чухам үүнээс л ЗХУ-тай дайн хийхэд Герман улс бэлэн биш гэсэн дүгнэлт хийгээд байжээ. ЗХУ-ын эдийн засгийн болон цэргийн бодит хүчин чадлын талаарх ямар ч төсөөлөл германчуудад байсангүй. Орос хүний сэтгэл санааг ч тэд ойлгодоггүй байлаа. Ямархуу дайсантай учрах гэж буйгаа ч мэдэхгүй байв. Зарим тодорхой баримт өгүүлье.
1941 оны хавар Германы дипломатчид Москвагийн нисэх онгоцны хэд хэдэн үйлдвэрт очсон байна. Тэднийг элэгсэг хүлээн авч, үйлдвэрийн цехүүдээр оруулж, онгоцнуудаа үзүүлэв. Ингээд тэд генерал Кёстрингийн өргөөнд ирэхдээ сэтгэл нэн хангалуун, төрсөн сэтгэгдлээ солилцов. Тэнгисийн цэргийн атташе Баумбах, нисэх хүчний атташегийн орлогч Вундерлик хоёрын хооронд өрнөсөн ярианы заримаас сонирхуулбал:
Баумбах: -Үйлдвэрүүд үзээд та бүхний сэтгэл ихээхэн хангалуун байгаа юм шив дээ?
Вундерлих: -Тийм байна, оросууд бидэнд их найрсаг сайхан хандлаа. Оросын нисэх хүчин, инженер, техникийн ажилтнуудын талаар бид сайн мэдэх боллоо.
Баумбах: -Тэд үр бүтээлтэй ажиллаж байна уу?
Вундерлих: -Тийм байна. Ажилчид нь чин сэтгэлээсээ ажлаа хийдэг юм байна.
Баумбах: -Тэд одооных шигээ ажиллаад байвал 10 жилийн дараа биднийг гүйцэх болов уу?
Вундерлих: -Арваас илүү жил хэрэгтэй болов уу.
Хэдхэн үйлдвэрээр орчихоод Орос шиг аугаа орны агаарын хүчний талаар гүн гүнзгий төсөөлөлтэй болно гэдэг хачирхалтай. Оросууд хэнд ч гэлээ нэн шинэ техникээ үзүүлчих тийм мулгуу улс уу гэх бодол тэдний толгойд ордоггүй юм байх даа. Өөрсдийнх нь үзсэн нисэх онгоцны үйлдвэрүүд бол Зөвлөлтийн нисэх хүчний үйлдвэрийн үнэн нүүр царай гэдэгт германчууд эргэлзээгүй бололтой. Үүнээс гадна өөрийнх нь цэргийн нууц найдвартай хадгалагдаж байгаа гэдэгт германчууд ихээхэн эргэлздэг байсан аж. 1940 онд нисгэгчид, зохион бүтээгчид Агаарын цэргийн хүчний төлөөл оролцсон Зөвлөлтийн албан ёсны төлөөлөгчид Германы техникийн тэргүүлэх ололттой танилцахаар очжээ. Германчууд бас л элэгсэг дотно хүлээн авч, нисэх онгоцны үйлдвэрүүдээ, онгоцуудаа үзүүлсэн байна. Зөвлөлтийн төлөөлөгчидтэй Вилли Мессершмитт, Эрнст Хейнкиль, Курт Танк (зохион бүтээгчид) нар ч уулзаж. Германчууд элэгсэг, илэн далангүй мэт байхыг хичээсэн ч гэлээ нүдийг нь хуурч, шинэ техник гэж хэлээд хуучирсан, гүйцэд боловсроогүй “түүхий” юмнуудаа үзүүлээд байна гэх бодол Зөвлөлтийн олон төлөөлөгчид төрсөн аж. Хожим нь тодорхой болсноор германчууд өөрийн нисэх хүчний үйлдвэрийн үнэн чадамжаа Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс нуухыг бүхий л байдлаараа хичээн заль мэх зохиосон байв. Аливаа улс тэргүүний технологио нууц байлгахыг хичээх нь зүй ёсны явдал. Тэгвэл 1941 оны хавар Москвагийн нисэх онгоцны үйлдвэрүүдээр орохдоо оросууд мөн ингэж хандахгүй гэж германчууд яагаад бодсон юм бол? Оросуудад ч нууц байх л ёстой шүү дээ. Тун удалгүй 1941 оны зун байлдааны талбарт германчууд зүүдэнд нь ч ороогүй, Зөвлөлтийн шинээр зохион бүтээсэн онгоцнуудтай тулгарсан юм. Ильюшиний зохион бүтээсэн болон “Як-3” гэх мэт хурдтай дайрагч-сөнөөгч гайхамшигтай онгоцнууд 1941 оны хавар гэхэд нэгэнт олноор үйлдвэрлэгдэх болсон байв. Энэ бүхэн германчуудын санаанд багтахгүй зүйл болсон юм. Хуягт танкны хувьд ч ялгаагүй. КВ хэмээх хүнд танк, дунд хэрийн “Т-34” зэрэг дэлхийн II дайны үеийн шилдэг техник хэмээн зөвшөөрөгдсөн орчин цагийн гайхалтай зэвсэг оросуудад байх юм гэж германчуудын сэтгэлд багтахгүй байсан гэдэг. Цэргийн парадын үеэр Улаан талбай дээгүүр явж өнгөрдөг, кино мэдээнээс л үзэж байсан БТ мэтийн хөнгөн танкийг л төсөөлж байсан герман цэргүүд байлдааны талбарт шилдэг цоо шинэ техниктэй учраад ёстой л нүд нь орой дээрээ гарчээ. Дээр өгүүлсэн Баумбах, Вундерлих нарын ярианд Орос зэвсгийн үйлдвэрүүдээ маш удаан барьж байгуулж байгаа тухай өгүүлдэг. Гэвч хүнд хэцүү нөхцөлд зүүн зүгт нүүлгэн шилжүүлсэн Зөвлөлтийн аж үйлдвэр байлдааны сайн зэвсэг олноор үйлдвэрлэж байсны дотор өрсөлдөх чадвартай янз бүрийн загварын онгоц ордог. Оросууд биднийг гүйцтэл хол байна, 10 жилд ч амжихгүй гэж 1941 оны хавар бардамнаж байсан германчууд 1930-аад онд Зөвлөлт улс хэрхэн аж үйлдвэржсэнийг анзаарсангүй.
Германчууд Югославыг эзэлсний дараа 1941 оны дөрөвдүгээр сарын 25-нд генерал Кёстрингийн Москва дахь өргөөнд Германы цэргийн атташегийн орлогч Кребстэй ярилцахдаа атташегийн туслах Шубут “Оросын Улаан армид хэврэг хэсэг байдаг нь төмөр замын тааруухан сүлжээ, эрчим муутай тээвэр нь юм. Тиймээс хамгаалалт нь сул байх болно. Төмөр замаар явж байхдаа би энгийн иргэний хувцас өмссөн цэргийн хүмүүстэй тааралдаж байсан. Батлан хамгаалах хүчнийх нь шилжин байрлаж буй хөдөлгөөнийг чанд ажиглах хэрэгтэй. Үүнийг хараанаасаа салгаж ер болохгүй. Грекийн учрыг бид олсон, удахгүй ЗХУ-д шинэ амьдрал эхэлнэ. Бид нэгдсэн армиа бүхэлд нь цуглуулна. Биднийг дайтахаар бэлтгэж байгааг оросууд анзаарахгүй байгаа. Парадад ямар цэргүүд жагссаныг бид харсан” гэж хэлжээ.
Улаан армийн сөрөг тагнуул сайн ажилладаг, тэнд юу ч өөрчлөх боломжгүй гэж Кребс хэлснээс бусад нь Германы дипломатчдын санаанаас бий болгосон зүйл байв. Нэгдүгээрт, Зөвлөлтийн тээврийн хүчин чадлын тухай. Кребс болон түүний нөхөд ЗХУ-д төмөр зам нь муу ажилладаг гэж яагаад дүгнэх болов? Сталины үед ЗХУ-д галт тэрэгний хөдөлгөөн нарийн цагийн хуваарь баримталдаг, замын сүлжээ нь Европын хэсэгтээ хангалттай хөгжсөн байсан юм. Ган замын ихэнхийг нь хувьсгалын өмнө барьж байгуулсан байв. Үүнийг германчууд мэдэхгүй байсан гэж үү? Хоёрдугаарт, Улаан армийн дайчдын тоо, Зөвлөлтийн дивизүүдийн зэвсэглэлийг Германы дипломатчид шүүмжилж хэлэлцсэн нь гайхмаар. Кребс хийгээд түүний нөхөд Улаан армийн байлдааны хүчин чадлыг өөрсдийнх нь байнга урьдаг баярын жагсаалд оролцогчдоор л төсөөлж байжээ. Чухам тэндээс л тэд дайсныхаа талаар мэдээлэл цуглуулдаг байж. Тавдугаар сарын дундаас германчууд өөрийн байлдааны төлөвлөгөөг нуулгүй ярих болсон байна. Кёстринг, Баумбах, Шубут гурвын хооронд болсон нэгэн ярианы тэмдэглэлд
Шубут-:Нарвад бид түргэхэн очих ёстой. Үүнийг Берлин шийднэ. Бидний хувьд оросууд байрлалаа байсхийгээд солихгүй байгаа нь чухал. Тэд 1-2 жилд нэг л газртаа байна. Тиймээс бид Оросыг цохино…
Кёстринг-: Ганц зөв зүйл байгаа бол довтлох. Оросууд мэдээж дайны эсрэг байгаа. Тэд ер нь л айж байгаа гэж би бодож байна. Бидний ярьсан зүйл ихэд нууц байх ёстой. Оросын байгалийн баялаг бол манай зүй ёсны зорилго.
Баумбах: -Тэд улс төрийн хувьд хүчирхэг гэж би хэлмээр байна.
Кёстринг: -Тэр сүртэй юм биш. Бид Англи, Америктай хэл амаа ололцож, францууд, норвегчүүдийг ашиглаж чадна. Энэ үйл хэрэгт бид ялагч болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ Зөвлөлт улсаар сэлгүүцэх болно. Бид наад зах нь Украиныг эзэлтлээ дайтна.
Тэгвэл Германы дипломатчдын ярианы бичлэг ширээн дээр нь байнга хэвтэж байх болсон нөхцөлд Зөвлөлт төрийн удирдлагын байранд өөрсдийгөө тавиад үзье. Ийм тодорхой юм уншсан Сталин юу бодох ёстой байв? Орост удаан хугацаанд амьдарсан туршлагатай дипломатчид ингэж ярина гэж үү? хэмээн тэрбээр гайхмаар байлаа. Яагаад өөрсдийгөө богино хугацаанд ялалт байгуулна хэмээн сохроор итгээд байсан юм бол? XII Карл, Наполеон Бонапарт нарын гашуун туршлага 1941 оны германчуудад яагаад юм бодогдуулдаггүй юм бол? “Энэ Зөвлөлтөөр хэсүүчилье” гэлээ. Тэд ер нь айхавтар, ухаалаг дайсантай тулалдах гээд байна уу, эсвэл аялал зугаалга хийнэ гэж бодоод байна уу. Англи, Америктай ярьж тохиролцоно гэх бодол тэдний толгойд яагаад оров?
Дайн дуусахын босгон дээр үнэхээр салангид нууц энхийн хэлэлцээр хийсэн л дээ, гэхдээ 1941 онд Англи, Америктай Сталин хэл амаа ололцож чадсан билээ. Тэгэхлээр энэ асуудлаар Кёстринг болон түүний хамтран зүтгэгчид ойрын түүхийн хэтийн төлөвийг тун буруу төсөөлсөн хэрэг. Тэд Украиныг эзэлсэн. Тэгээд л дайн аяндаа зогсох байв уу? Эсвэл Украинаас өөр хамгаалах юм оросуудад байхгүй гэж үзэв үү? Орост дайтахаар бэлтгэж байхдаа түүний талаар ямар нэг юм мэдэж авахын тулд германчууд хуруугаа ч хөдөлгөсөнгүй юү, гайхмаар юм. Уг нь дайсныхаа талаар бодит мэдээлэл цуглуулахад Германы тагнуулчдад төвөгтэй юм ер байгаагүй шүү дээ. Өнгөрсөн зууны 30-аад онд ЗХУ-д герман хүн хааяагүй байсан. Танкчид нь Казаньд, нисгэгчид нь Липецкэд суралцаж байлаа. Гуравдугаар Рейхийн төлөөлөгчид Зөвлөлтийн цэргийн байгууламжид байнга очиж байсны нэг жишээ нь дээр өгүүлсэн нисэх онгоцны үйлдвэрүүд. Германы дипломатчид Зөвлөлт Оросоор чөлөөтэй зорчиж байсан нь Кёстринг, Баумбах нарын ярианаас илт. Энэхүү Кёстринг гурван жилийн өмнө ЗХУ-ын нутгийн Европын хэсгээр автомашинаар аялал хийж явахдаа цөөнгүй хотод очиж, янз бүрийн хүмүүстэй уулзаж, Зөвлөлтийн амьдралыг нүдээр үзсэн хүн. Тэрбээр орос хэл сайн сурсан, нийгмийн бүх давхаргынхантай төвөггүй харилцаа тогтоочихдог байсан. Энэ бүхнийг Сталин сайн мэдэж байв. Ухаалаг, эрүүлээр сэтгэдэг хүний хувьд тэрбээр германчуудыг ч бас тийм ухаалаг, эрүүл саруул сэтгэхүйтэй улс гэж үзэж байлаа. Ухаалаг хүмүүс Оростой дайтах гэх ноцтой үйл хэрэгт бэлтгэхдээ юуны урьд ирээдүйн дайсныхаа талаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ёстой. Гэтэл тэд ийм юм ер хийсэнгүй. Тэгэхлээр ЗХУ-тай дайтах асуудал ойрын үед Германы удирдлагын төлөвлөгөөнд ороогүй байх нь. Сталинд төрсөн хатуу итгэл энэ байв. Герман улс даруйхан ЗХУ руу довтлох нь гэсэн тагнуулчдынхаа мэдээлэлд тэрбээр итгэлгүй хандаж байсан нь чухам үүнээс үүдэлтэй байв. Харамсалтай нь, Гитлер болон түүний аялдан дагалдагчдын оюуны чадавхыг хэтрүүлж үнэлсэн нь Сталины алдаа байлаа.
Бэлтгэсэн Р.Жаргалант