НҮБ-ын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын олон улсын хурлыг Улаанбаатарт энэ зун зохион байгуулах болжээ. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг ахалж, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо зөвлөхөөр ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, ГХЯ, ЭМЯ-ны төлөөлөл багтсан бөгөөд өчигдөр хуралдаж, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар товложээ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн арванхоёрдугаар сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын хуралдаанд цахимаар оролцсон. Тэрбээр тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорьж буйгаа илэрхийлэн, НҮБ-ын энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчдын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулахаа мэдэгдсэн юм.