МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяатай ярилцлаа.
-Яг 30 жилийн өмнөх энэ өдөр баталсан, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахад та гар бие оролцож явсан. Өнөөдөр эргээд харахад танд юу бодогдож байна вэ?
-Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын 1990 оны нэгдүгээр тогтоолоор 1992 оны Үндсэн хуулийн зарим бүлгийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж байлаа. Тус комиссын даргаар анхны Ерөнхийлөгч П.Очирбат ажиллаж байв. Мөн онд Улсын бага хурлын нарийн бичгийн даргын захирамжаар МУИС-ийн багшийн үндсэн ажлаас түр чөлөөлөгдөн, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт томилогдсон юм. Уг ажлын хэсэгт Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид багш ажиллаж байсан. Эргээд харахад, өмнө нь манайд огт байгаагүй ардчилсан нийгмийн үндсийг дэвшилт бүх онол, номын дагуу нэг суурь хуулийн хүрээнд цэгцтэй бүрдүүлж чадсан нь тухайн үеийн манай боловсон хүчний хичээл зүтгэл нь ямар цуцалтгүй, иргэдийн хүсэл тэмүүлэл ямар нэгдмэл байсныг илтгэдэг. Монгол Улс дэлхийн улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, практикийг ч ихээхэн судалж байв.
ҮНДСЭН ХУУЛЬ, ТҮҮНИЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД ЯМАР НЭГ ХЭЛБЭРЭЭР ТОО ЗААХААС АЛЬ БОЛОХ ЗАЙЛСХИЙХ НЬ ЗОХИЛТОЙ
-2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан бусад хуулиа шинэчлэх, нийцүүлэх ажил өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд өрнөж байна. Цаашид ч үргэлжилнэ. Гэхдээ УИХ-ын гишүүн сайдаар ажиллах буюу “давхар дээл”-ийг хязгаарласан нь Үндсэн хуулиа зөрчиж байна гэх маргааныг Цэц хянан шийдвэрлэх гэж байна. Хуульч, судлаач хүний хувьд та “давхар дээл”-ийг хязгаарлах ёстой, эсэх талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-“Давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч болох, эсэх тухай асуудал нь өөрийн онцлогтой. Төрийн удирдлагын хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал байгаа тохиолдолд энэ асуудал яригдахгүй. Эрх мэдэл салангид оршино гэсэн үг. Харин парламентын засаглалын үед ард түмнээс үүдэлтэй парламентын бодлого хэрэгжиж, хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нь бодлогоо хоорондоо ярилцан тогтоодог. Парламент нь Засгийн газраа хянана. Ийм тогтолцоонд сөрөг хүчний үүрэг чухал байдаг. Парламентын засаглалтай төрд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсрах нь түгээмэл. Энд эрх мэдэл хуваах биш, хязгаарлах тухай яригдана. Жишээ нь, Дани, Финланд, Грек, Литва, Польш, Румын, Унгар улсад үүнийг зөвшөөрдөг. Харин Ирландад хавсрах зайлшгүй шаардлагатай. Австрид Үндсэн хуулиар зөвшөөрсөн атал 1980-аад оноос хойш сайд нар нь парламентын гишүүний мандатаас татгалзсан тохиолдлууд бий. Германд гэхэд л Холбооны Засгийн газрын гишүүд нь Бундестаг (парламент)-ийн мандатаа хадгалж үлддэг уламжлалтай. Засгийн газрын гишүүн нь парламентын гишүүний мандатаа хадгалахгүй байх нь тун ховор. Харин Бельги, Болгар, Эстони, Франц, Нидерланд, Португал, Словак, Словени улсад дээрх хоёр албан тушаалыг хавсрахыг зөвшөөрдөггүй.
УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсрах, эсэхтэй холбоотой маргааныг 1996 онд Үндсэн хуулийн цэц шийдвэрлэн, дүгнэлт, тогтоол гаргаж байсан. Тухайн үеийн УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүдийн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэж заасан байсан. Энэ нь Үндсэн хуулийн “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг зөрчиж байгаа, эсэхийг хянан хэлэлцэж өгөхийг мэдээлэл гаргагч хүссэн байсан. Засгийн газрын гишүүний албан тушаалыг УИХ-ын гишүүний үүрэгт хамааруулан үзэх хууль зүйн үндэслэл нь Үндсэн хуулиар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хавсрах боломжгүй гэж Цэц шийдвэрлэсэн.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болоогүй байхад би хоёр албыг хавсарч болох, эсэх талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Харин нэг зүйлийг өмнө нь ч ярьж байсан. Одоо ч хэлье. Үндсэн хууль, түүний нэмэлт, өөрчлөлтөд ямар нэг хэлбэрээр тоо заахаас аль болох зайлсхийх нь зохилтой юм билээ. Жишээ нь, Бундестагийн гишүүдийн тооны доод хязгаар гэж байдаг атал түүнийг Германы Үндсэн хуульд тусгаагүй. Сонгуулийн олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог тэнцүү хослуулдаг энэ улсад зарим намын тойргоос авсан санал нь жагсаалтаар авах байснаас илүү гарвал тухайн намд хамаарах Бундестагийн гишүүдийн тоо нэмэгдэх боломжтой байхаар зохицуулсан байдаг. 2021 оны сонгуулиар байгуулагдсан өнөөгийн Бундестаг 736 депутаттай. Өмнөх парламент нь 709 депутаттай байсан. Гэхдээ асуудал үүнд байгаа юм биш. Харин Үндсэн хуульд зайлшгүй байх ёстой хугацаа, тоон үзүүлэлтээс бусдыг нь оруулахаас аль болох татгалзах нь тухайн хуулийн, төрийн, ер нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалах хүчин зүйлийн нэг болдог юм байна лээ. Үүнийг төдийлөн баримтлаагүй. Жишээ нь манай Үндсэн хуульд 2019 онд оруулсан, Засгийн газрын хэдэн гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсрах тухай нэмэлт, өөрчлөлт юм. Үндсэн хуулийн түвшинд цаг үеийн шинжтэй аливаа асуудлыг зохицуулах нь ийм уршигтай.
УИХ-ЫН 76 ГИШҮҮН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАХ БИШ, ТҮҮНД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ Л ЭРХТЭЙ
-Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл уг нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль, тогтоомж нийцэж буй, эсэхийг хянах ёстой Цэц Үндсэн хуулийн нэгэн адил үйлчилж байгаа нэмэлт, өөрчлөлтийг хянах эрхтэй юү?
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бол УИХ-ын шийдвэр. УИХ-ын аливаа шийдвэрийг Цэц хянахаар Үндсэн хуульд тусгасан. Энэ ташрамд хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулийг парламент батлаагүй. 430 депутат бүхий Ардын их хурал баталсан. Тухайн үеийн байнгын ажиллагаатай парламент нь Улсын бага хурал байсан юм. Иймд парламент буюу дүйцүүлж хэлбэл, одоогийн 76 гишүүн Үндсэн хууль батлах биш, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах л эрхтэй субъект. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэж байвал л Үндсэн хуулийнхаа нэгэн адил хүчинтэй.
…УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсрах, эсэхтэй холбоотой маргааныг 1996 онд Үндсэн хуулийн цэц шийдвэрлэн, дүгнэлт, тогтоол гаргаж байсан…
-Та өнгөрсөн жил Чимид багшийн нэрэмжит бүтээлийн шагнал хүртсэн. Шагналаа авахдаа “Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш. Үндсэн хууль бол ширээний чимэг төдий хууль биш. Үндсэн хууль бол бид бүхний амьдралд өдөр тутам хэрэгждэг байх ёстой хууль юм” гэж хэлсэн. Үндсэн хууль заавал хэрэгжих ач холбогдол нь юу юм бэ?
-Тухайн улс, ард түмэн бүр шударга ёсны талаарх өөрийн төсөөлөл, бүхий л үнэт зүйлээ Үндсэн хуульдаа тусгадаг. Аливаа улсын хөгжил нь дээрх үнэт зүйлүүдээ бүтээх, хамгаалахад чиглэх учиртай. Иймд Үндсэн хуулийг өдөр тутамд хэрэгжүүлдэг байж гэмээнэ зорьж буй үр дүндээ хүрч, хүсээд байгаа хөгжил рүүгээ ойртох боломж бүрдэнэ. Үүнийг тойрч гарах арга зам байхгүй. Тиймээс л Үндсэн хууль бол оройдоо залаад орхидог баримт бичиг биш, түүнийг өдөр тутам хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстойг хэлээд байгаа юм. Албан тушаалтан бүр өөрт оногдох ажлаа хуулийн хүрээнд, мэргэжлийн өндөр түвшинд, чин сэтгэлээсээ хийдэг байхад л Үндсэн хууль өдөр тутам хэрэгжих баталгаа нэмэгдэж, энэ нь бидний амьдралд шууд мэдрэгдэх юм. Ажлын цагаар хийх хэт олон хурал, хэлэлцүүлэг, ёслол, мэтгэлцээнийг хүний төлөө гэсэн ажил хэрэгч шинэ хандлагаар аажмаар солих цаг ирж байна.
-Цэц гэж тусгайлсан байгууллага ажиллах хэрэг байгаа юм уу, Үндсэн хууль хэрэгжиж байгаа, эсэхэд Дээд шүүх
хяналт тавихад хангалттай гэж ярих нь бий. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Үндсэн хууль хэрэгжиж байгаа, эсэхийг хянах зайлшгүй шаардлага байдаг. Зарим улсад энэ үүргийг ердийн шүүх хэрэгжүүлж байхад зарим нь бие даасан шүүхтэй байна. Жишээ нь, эрүү, иргэний хэрэг шийдвэрлэдэг ердийн шүүх, тухайлбал, Дээд шүүх нь Үндсэн хуулийн биелэлтийг хянадаг улсад аль нэг хэрэг шийдвэрлэх хүрээнд л тухайн шүүхэд хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцэж байгаа, эсэхийг хянах боломжтой. Харин манайхтай адил Үндсэн хуулийн бие даасан шүүхтэй бол аль ч хуулийг Үндсэн хууль зөрчиж байгаа, эсэхийг хянуулах боломж бий. Өөрөөр хэлбэл, тухайн асуудалтай холбоотой ямар нэг хэрэг шүүх дээр үүссэн байх зайлшгүй шаардлагагүй гэсэн үг. Иймд манайх шиг Үндсэн хуулийн бие даасан шүүхтэй байх нь илүү давуу талтай. Үндсэн хуулийн цэц бол манай Үндсэн хуулийн шүүхийн оноосон нэр.
-Тэгэхээр манай Үндсэн хуулийн цэц бусад улсын Үндсэн хуулийн шүүхүүдтэй л адил чиг үүрэгтэй гэж ойлгож болох уу?
-1990-ээд оны эхэнд буюу манай өнөөгийн Үндсэн хууль батлагдаад удаагүй, Цэц байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байх үед Цэцийн эрх хэмжээг бусад улсынхтай харьцуулж үзэх ажлын шаардлага гарсан юм. Тухайн үед Үндсэн хуулийн маргаан шийдвэрлэх эрх зүйн хичээлийг МУИС-д анхлан зааж байгаа багшийн хувьд олон асуудлын учир холбогдлыг олж тогтоож, эргэцүүлсний үндсэн дээр мэдлэгийг цааш түгээх нь чухал байсан. Гүнзгийрүүлэн судлахад манай Цэцийн эрх хэмжээ ижил төстэй бусад шүүхээс ихээхэн ялгаатай болох нь харагддаг байв. Үндсэн хуулийн шүүхүүд нь хэний, ямар шийдвэрийг, ямар агуулгаар хянадаг нь манайхаас нэлээд өөр байгааг тэр үед л олж мэдсэн. Үүний талаар мэргэжлийн зарим хүн, судлаач, оюутнууддаа мэдээлэл өгдөг байлаа. Тэр үед Цэцийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, түүний зүй тогтлын талаар улс төрийн болон бусад түвшинд ойлголт нэг мөр тогтоогүй байсан юм. Ийм байхад олон нийтэд хандан бусад улсын Үндсэн хуулийн шүүхүүдийн үйл ажиллагааны онцлогийг харьцуулж олон юм ярих нь миний хувьд илүүц байсан. Манай албан тушаалтнууд болон иргэд эхлээд Цэц, түүний үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээнд нэгдсэн ойлголттой байж хоорондоо маргах шаардлагагүй болох нь эхний ээлжид чухал байсан юм.
ҮНДСЭН ХУУЛИЙГ ХАМГААЛНА ГЭДЭГ НЬ ҮНДСЭН ЭРХИЙГ Ч ХАМГААЛАХЫГ ХЭЛЖ БАЙГАА ЮМ
-Ялгаатай талын жишээнээс дурдахгүй юу?
-Үүнд холбогдох жишээ нэлээд байдаг. Тухайлбал, Үндсэн хуулийн шүүхэд хандаж буй тал нь бусад аль ч шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргадагтай адил, өөрт нь, эсвэл үндсэн үйл ажиллагаанд нь шууд хамааралтай асуудлаар л хандах ёстой. Энэ бол шүүхэд хандах нэгдсэн зүй тогтол. Гэтэл манай улсад Цэцэд хандах эрх бүхий бүх этгээд түүний харьяалан шийдвэрлэх аль ч асуудлаар, өөрт нь болон үндсэн үйл ажиллагаа, зориулалтад нь хамааралгүй байхад ч мэдээлэл, хүсэлт гаргах боломжтой. Энэ нь Цэцийг улстөржүүлж хардах шалтгааны нэг болдог. Тэр ч бүү хэл, эрх бүхий зарим этгээд Цэцэд хандах нөхцөл хэзээ ч бүрдэхгүй. Жишээ нь, УИХ Цэцэд хандаж хүсэлт гаргаж байгаагүй. Харин зарим хөндлөнгийн иргэн өөрийнх нь эрх хөндөгдөөгүй байхад аль нэг албан тушаалтныг, эсвэл байгууллагын шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргах нь элбэг. Энэ бүхнээс харахад Цэцэд хандахдаа “хамаарлын зарчим” баримталдаг байх шаардлагатай. Дээрх чиглэлд хуульд өөрчлөлт оруулах нь зөв юм гэсэн санал, бодол тухайн үеэс л бий болж, өнөөг хүртэл яригдаж байна.
Үүнээс гадна үндсэн хуулийн шүүхүүд нь Үндсэн хуульдаа заасан, иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг хянадаг нийтлэг чиг үүрэгтэй. Яагаад гэвэл, үндсэн эрх бол Үндсэн хуулийн бүрэлдэхүүн хэсэг. Үндсэн хуулийг хамгаална гэдэг нь үндсэн эрхийг ч хамгаалахыг хэлж байгаа юм. Бүр тэргүүн ээлжид хамгаалах ёстой. Харин манайд Цэц өөрийн харьяалан шийдвэрлэх цөөн тооны маргааны хүрээнд хүний эрхийг ч хамгаалах чиглэлд шийдвэр гаргадаг гэж үздэг. Гэхдээ иргэдийн эрхийг зөрчих магадлалтай албан тушаалтны ихэнх шийдвэр Цэцийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаардаггүй. Иймд Цэцээр хянагдах боломжгүй. Жишээ нь, үүнд захиргааны бүхий л шатны албан тушаалтны шийдвэр хамаардаг.
-Тэдгээрийг нь манайд захиргааны хэргийн шүүхүүд хянадаг биз дээ. Цэц хянах нь давхцал үүсгэх үү?
-Иргэн эрхээ хамгаалуулахын тулд жишээ нь, эхлээд захиргааны хэргийн шүүхэд хандаж, бүх шатыг нь гүйцээсэн байх нь үндсэн хуулийн шүүхэд хандах урьдчилсан нөхцөл болдог юм билээ. Энд бусад улсад ч байдаг нийтлэг жишгийг би ярьж байгаа юм шүү. Захиргааны хэргийн шүүх эцсийн шийдвэрээ гаргана. Үүгээр энэ ажиллагаа буюу захиргааны эрх зүйн харилцаа дуусгавар болох юм. Харин үүний дараа захиргааны байгууллагын гаргасан, тухайн шийдвэр нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг зөрчсөн, эсэхийг хянах үндсэн хуулийн шүүхийн шат дамжлага эхэлнэ гэсэн үг. Эндээс үндсэн хуулийн эрх зүйн харилцаа, түүний хамгаалалт эхэлж байгаа юм. Энэ нь хүн зайлшгүй хандаж байх ёстой шат дамжлага биш, гагцхүү ямагт нээлттэй, хандах боломжтой байх ёстой шат дамжлага юм билээ, бусад шүүхэд ч байдаг шиг. Үндсэн хуулийн шүүх хэргийн үйл баримтыг дахин нягтлах шаардлагагүй. Шийдвэрээ үндсэн хуулийн хэрэглээний түвшинд гаргана. Нэмж хэлэхэд, зарим албан тушаалтны шийдвэрийг зөвхөн захиргааны хэргийн, харин заримынхыг нь үндсэн хуулийн шүүх хянана гэсэн зааг ялгаа энэ тохиолдолд гарахгүй. Өөрөөр хэлбэл, зарим албан тушаалтны шийдвэрийг үндсэн хуулийн шүүх хянахгүй. Иймд Үндсэн хууль зөрчих боломжтой гэсэн логик байхгүй болж, энэ хийдэл арилна гэсэн үг.
-Манайд үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг Цэц сая дээр хэлсэн шиг тань хянадаг уу?
-Үүнийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага манайд хамгийн их байдаг юм. Энэ талаар 1990-ээд оны эхэн үеэс л тодорхой хүрээнд эхэлж дуугарч, ярьж байлаа. Гэвч үүнийг хэрэгжүүлэхэд эргэцүүлж харгалзах, бодох асуудал багагүй бий. Манай Үндсэн хуульд Цэцийн харьяалан шийдвэрлэх маргааныг тоочих зарчмаар заасан байдаг. Үүнийг хууль зүйн ухаанд Enumeration гэж нэрлэдэг. Тэр бүү хэл манай Цэцийн эрх хэмжээг хуульчлахдаа “Цэц нь …зэрэг бусад байгууллагын шийдвэрийг хянана” гэсэн нээлттэй жагсаалтаар биш, бүр төгс жагсаалтаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Цэц ямар байгууллагын шийдвэрийг хянахыг Үндсэн хуульд төгс заасан гэсэн үг. Ийм зарчим үйлчилж байхад “Иргэдийн үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг Цэц хянана” гэж ерөнхий томьёолон, хуулийг өөрчилье гэж бодъё. Гэтэл үндсэн эрх зөрчих магадлалтай шийдвэрүүд нь манай Үндсэн хуульд байгаа дээрх жагсаалтаар хязгаарлагдахгүй. Ер нь нийтийн эрх зүйн аль ч шийдвэр нь иргэний үндсэн эрхийг хөндөх боломжтой. Хянах шийдвэрийн жагсаалтыг Үндсэн хуульд заачихсан байхад түүнд тусгаагүй бусад байгууллагын шийдвэрүүд үндсэн эрхийг зөрчиж буй, эсэхийг Цэц хянадаг болохоор ерөнхийд нь хураангуйлж хуульчилбал үүнийг Цэцийн гишүүд ижил хэмжээгээр, нэг мөр хэрэгжүүлж, хяналт тавих боломж хэр зэрэг байх бол. Энэ нь ардчилсан төрийн хууль “туйлын тодорхой” байх зарчимд яв цав нийцэх үү. Үүнээс үүдэх хожмын сөрөг үр дагавраас хэрхэн яаж сэргийлэх вэ гэсэн асуултууд цувардаг. Нэгэнт тоочих зарчим үйлчилж байхад бас бусад байгууллагынх нь шийдвэрийг, бүгдийг нь дурдах шаардлага гарах уу. Энэ нь хэр зэрэг боломжтой вэ. Ер нь аливаа зүйлийг сайжруулахдаа арынх нь фон, үндэс суурь нь ямар билээ гэдгийг давхар бодолцох шаардлага бий. Эдгээрийг нэг их харгалздаггүйгээс манай хуулиуд хөрсөн дээрээ бууж, хэрэгжихдээ тааруухан, шүүмжлэлд өртөх нь цөөнгүй. Жишээ нь, Цэцийн холбогдох хуулиудад 2016 онд зарим дэвшилт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өөрийн орны онцлог, өмнөх зохицуулалтаа хангалттай сайн харгалзаагүй. Улмаар сүүлдээ буруудаж, Цэц тэдгээр нэмэлт, өөрчлөлтийн ихэнхийг нь хүчингүй болгосон. Иймд иргэний үндсэн эрхийг Цэцийн түвшинд хамгаалахдаа Үндсэн хуульд заасан тоочих зарчмыг хэрхэх вэ, өөрчлөх үү, хасах уу гэсэн асуулт гардаг юм.
-Бусад улсад, жишээ нь, ХБНГУ-д яаж зохицуулсан байдаг болоод иргэний үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг Үндсэн хуулийн шүүх нь хянаад байна вэ. Манай улсад Цэц үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг шийдвэрлэнэ гээд хуульд өөрчлөлт оруулахад л хангалттай, Герман улс ч үндсэн эрхийн маргаан шийдвэрлэнэ гэсэн заалтыг Үндсэн хуульдаа хожуу оруулсан гэх мэтээр ярьдаг шүү дээ. Ер нь иргэнийхээ эрхийг өдөр тутам хамгаалах шүүхийн механизмын үр нөлөөг сайжруулахын тулд Үндсэн хуулийн цэцийн хууль, тогтоомжийг сайжруулах ёстойг цөөнгүй хүн хэлж ирсэн.
-ХБНГУ-д үндсэн хуулийн болон захиргааны хэргийн шүүхийн аль аль нь манайхтай адил нийтийн эрх зүйн маргаан шийдвэрлэдэг. Эдгээрийн эрх хэмжээг харин тоочих биш, ерөнхийлөн томьёолох зарчмаар анхнаас нь хуульчилсан байдаг. Үүнийг мэргэшлийн хэллэгээр general clause гэж нэрлэдэг. Жишээ нь, захиргааны хэргийн шүүхүүд нь нийтийн захиргааны маргаан шийдвэрлэнэ гээд хуульчилсан байхад үүнд тэр, энэ албан тушаалтны шийдвэр гэж хуульд тусгайлан заагаагүй тул захиргааны бүх шийдвэр шууд хамаардаг гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн шүүхийн жишээн дээр буулгавал нийтийн эрх зүйн бүх шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх нь Үндсэн хуульдаа нийцүүлэн хянах боломжтой гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн бүх байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчиж байгаа, эсэхийг Үндсэн хуулийн шүүх хянах боломж нь нээлттэй юм. Энэ тохиолдолд дээр дурдсан, манай хуульд байдаг тоочих зарчим зэрэгцэн үйлчлэхгүй. Хоёр өөр зарчим хольж үйлчлэхийг хууль зүйн алдаа гэж үзнэ. Ингэснээр иргэдийн үндсэн эрх нийтийн эрх зүйд хамаарах аль ч шийдвэрээр зөрчигдсөн байсан ч үндсэн хуулийн шүүхүүд иргэдийн өргөдлөөр хянан хэлэлцэх боломж бүрдэх юм. Германд үүнийг нийтийн засгийн (public au¬thority) бүх шийдвэрийг Үндсэн хуулийн шүүх хянана гэж хуульчилсан байдаг.
Нөгөө талаас Герман улс үндсэн хуулийн шүүхийнхээ эрх хэмжээг анх үүссэн цагаас нь ерөнхийлөн томьёолох зарчмаар хуульчилсан тул хоорондоо ялгаатай биш, нэг зарчмын хүрээнд л байдаг. Германд үндсэн хуулийн шүүх нь нийтийн эрх зүйн бүх маргааныг харьяалан шийдвэрлэдэг. Тэд өөрсдөө “нийтийн засгийн” бүхий л шийдвэрээр үндсэн эрх зөрчигдсөн, эсэхийг Үндсэн хуулийн шүүх иргэдийн өргөдлөөр хянан шийдвэрлэнэ гэж томьёолдог. Өөрөөр хэлбэл, тодорхой зарим байгууллагын шийдвэрийг нь хянана гэж эхэлж хуульчилчихаад, дараа нь нэмэлтээр өөр байгууллагынхыг оруулж ирсэн явдал энэ улсад байхгүй. Энэ мэт зарчмын ялгааг нягталж, Үндсэн хуулийнхаа онцлогийг харгалзах шаардлагатай.
ҮНДСЭН ХУУЛИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛИВАА ТӨРД ЭЦСИЙНХ БАЙДАГ
-Үндсэн хуулийн шүүхийн эрх хэмжээг Германд байгаа шиг ерөнхийлөн томьёолох зарчмаар солиход болгоомжлох зүйл байх уу?
-Германд Үндсэн хуулийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлыг ерөнхийлөн томьёолох зарчмаар хуульчилна гэдэг нь “нийтийн засгийн” бүхий л шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянана гэсэн үг. Нийтийн засаг гэх ойлголтод хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын аль аль нь хамаардаг. Үүнд хууль тогтоогчийн шийдвэрийг шууд хянах нь ойлгомжтой. Дээрээс нь миний өмнө дурдсан, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л шат, дамжлага Үндсэн хуулийн хяналтад орох боломжтой гэж үзэж байгаа юм. Манайд байдаг шиг зөвхөн зарим байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн шийдвэрийг хянах асуудал биш. Энэ бүхнийг би дэмждэг. Учир нь тэдгээрийн шийдвэрээр иргэдийн үндсэн эрх зөрчигдөх магадлал өндөр гэж аль ч нийгэмд үздэг юм билээ. Тэгээд ч олон улсын хурал, уулзалтын үеэр үндсэн хуулийн шүүхүүд ажлын туршлагаасаа хуваалцах, мэдээлэл солилцохдоо гүйцэтгэх эрх мэдлийн шат шатны албан тушаалтны шийдвэрээс иргэдээ хэрхэн яаж хамгаалсан талаар ихээхэн жишээ ярьдаг.
Харин манайд хэрэгжүүлэхэд нөхцөл нь хараахан бүрдэх болоогүй зүйлийн нэг гэвэл Цэц бусад шүүхийн шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн хянах явдал. Үүнд эрүү, иргэн, захиргааны дээд шатны шүүхийн шийдвэрийг ойлгодог. Бусад шүүхийн шийдвэр нь үндсэн хуулийн шүүхүүдийн хувьд гүйцэтгэх эрх мэдлийн шийдвэрийн хажуугаар бие даасан хянагдахуун болж ордог. Дээр хэлсэн, “нийтийн засаг” гэдэг ойлголтод шүүх ч бас хамаардаг ч энэ нь манайд хөгжлийн тодорхой түвшинд хүрснээр хэсэг хугацааны дараа яригдаж эхлэх асуудал гэж боддог юм. Өнөөдөр манай улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын талаар маш их хэлэлцэж, ярьж байна. Эхлээд үүнийгээ нэг мөр ойлгох, бэхжүүлэх, бодит амьдрал дээр зөв хэрэгжүүлэх нь чухал. Нийгмийн ухамсар төлөвших, мэргэжлийн хүрээнд хуулийг нийтээрээ ойролцоо түвшинд тайлбарлаж, ойлгодог байх гээд эхлээд шийдвэрлэх, үүгээрээ хөгжлийнхөө дараагийн алхамд бэлдэх ажил цөөнгүй байна. Иймээс Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг ерөнхийлөн томьёолох зарчимд шилжүүлж хуульчлах тохиолдолд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг л эхний ээлжид хамруулах нь зүйтэй болов уу. Харин дараагийн алхмуудыг дэвшилт улсуудын нийтлэг жишгийг харгалзан, тооцоо, судалгаатайгаар нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой.
-Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй Үндсэн хуулийн цэцэд хамаг асуудал байна гэх шүүмжлэлийг та сонссон л байх. Цэцийг хэн, хаанаас, хэрхэн хянах ёстой юм бэ?
-Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр аливаа төрд эцсийнх байдаг. Түүний шийдвэрийг төр хэрэгжүүлэх учраас шийдвэр гүйцэтгэх тусгайлсан байгууллага байх шаардлагагүй. Энэ шүүхийг хянах аль нэг өөр шат дамжлага аливаа улсын үндэсний эрх зүйн тогтолцоонд байдаггүй гэсэн үг. Манайд ч ялгаагүй үйлчилдэг. Иймд үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах хүнийг сонгох буюу томилохдоо туйлын хянамгай хандах учиртай байдаг. Европын Холбоонд хамаарах улсуудын Үндсэн хуулийн шүүхүүдийн шийдвэрийг харин Европын Хүний эрхийн шүүх Европын Холбооны Үндсэн хуульд нийцэж байгаа, эсэхийг хянаж болдог.