Оксфордын их сургуулийн судлаачид “Ковид-19” цар тахлын үед дэлхийн улсуудын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ” сэдэвт судалгаа хийгээд, манай улсад 69.91 оноо өгсөн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэв. Тоймловол 70 хувийн гүйцэтгэлтэй ажилласан гэж үнэлжээ. Аливаа зүйлийн наад, цаадхыг гадарладаг хүмүүс, мэргэжлийн судлаачид энэ “тоонд” ихээхэн эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төрөөс гаргасан шийдвэрүүд дунд хүний эрхэд ноцтойгоор халдсан, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд харшилсан, өдгөө хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нь цөөнгүйг судлаачид зах зухаас нь илчилж, асуудал дэвшүүлэх боллоо.
Өмгөөллийн “Фиделитас партнерс” фирмийнхэн гэхэд “Ковид”-ын хуульд хэсэгчилсэн дүн шинжилгээ хийсний зэрэгцээ төрийн байгууллагуудын шилэн дансны ил тод байдлыг дүгнэж, УОК-ын зарим “онцгүй” тушаал, шийдвэрийн үр дүнг илчилсэн. Тэгвэл өөр нэг судалгааны багийнхан цар тахлын үеийн төсвийн гадуурх зарцуулалтыг тандаж, ил болгоод байна. Тодруулбал, хөгжлийн болон төрийн бодлого, бизнесийн удирдлагын магистр Г.Дэлгэрмаагаар ахлуулсан баг “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Цар тахлын үеийн бодлоготой холбоотойгоор уул уурхайн салбар дахь төрийн өмчийн хуулийн этгээдээр дамжуулан гүйцэтгэсэн төсвийн гадуурх зарцуулалт ба холбогдох мэдээллийн бүрэн, ил тод байдал” сэдэвт судалгаа хийжээ.
Халдварт өвчний улмаас нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн ахуй амьжиргаа доройтон, худалдан авах чадвар эрс буурсантай холбоотойгоор Засгийн газар 2020-2021 онд тодорхой шийдвэрүүд гаргасан. Тухайлбал, шахмал түлшний үнийг 50-75 хувиар хөнгөлж, улаан буудайн үр, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн билээ. Ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, боомтуудын хураамжийг тэглэсэн. Зарим аж ахуйн нэгж, байгууллага, түүнд ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд бүрэн, сайн дураар даатгуулагчдынхыг хэсэгчлэн чөлөөлөв. Тэрчлэн айл өрхүүдийн цахилгаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төр хариуцах, тэтгэвэр барьцаалсан зээл тэглэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн. Энэ болгоныг иргэд алга тосон авч, хөл хөөр болж байлаа. “Төр хүнд цаг үед иргэддээ тусламжийн гар сунгалаа, ачааг нь хөнгөллөө” хэмээн сайшаах хүн олон байсан юм. Тэгвэл эдгээр шийдвэр манай улсын нийгэм, эдийн засагт алс хэтдээ ямар нөлөөтэй, холбогдох хууль, журмын хүрээнд байсан уу, хэр оновчтой, цагаа олсон зохицуулалт вэ гэдгийг дээрх багийнхан үнэлэхийн тулд хоёр кэйс (тэтгэврийн зээл тэглэх болон цахилгаан, ус, хог хаягдлын төлбөрөөс чөлөөлөх) сонгон авч, түүн дээрээ “ажиллажээ”.
ТЭТГЭВРИЙН НАСНЫ 272 МЯНГАН ХҮНИЙГ “ХАРЖ ҮЗЭВ”
Тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг 2019 оны арванхоёрдугаар сарын 31 буюу он солигтэд зарласан. Үүнээс 10 хоногийн дараа Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон дагаж мөрдөх журмыг баталсан байдаг. Ингэснээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгоход шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” ХХК үнэт цаас гаргах замаар шийдэх үүрэг хүлээсэн. Эл шийдвэртэй холбогдуулан баталсан журамд зааснаар бол уг үнэт цаасанд Хөгжлийн банк баталгаа гаргах ёстой. Гэвч тус банкнаас гаргасан батлан даалт, “Эрдэнэс Монгол”-ын бонд болон түүний төлбөрийн мэдээлэл өнөөдрийг хүртэл нууц байдалд, ил тод биш байгааг судалгаанд дурджээ. Тэд Хөгжлийн банкныхнаас энэ талаар тодруулахад “Эрдэнэс Монгол”-д батлан даалт гаргаагүй” хэмээн мэдүүлсэн нь Шилэн дансны тухай хууль зөрчсөн, бондын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй үйлдэл гэж дүгнэхэд хүргэсэн байна.
Эл шийдвэрийн хүрээнд 272 мянга гаруй иргэний тэтгэврийн зээлийг бүрэн болон хэсэгчлэн төлжээ. Үүнд 716 тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин тэтгэврийн зээлгүй 194 мянга гаруй иргэнд үнэт цаас олгосон. “Эрдэнэс Монгол” компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэтгэврийн насныхныг “харж үзэхэд” нийтдээ 910 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцооллыг Монголбанкнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ийнхүү гаргасан аж.
Судлаачид “Тэтгэврийн зээл тэглэх санхүүжилтийг урт хугацаат бонд гаргах замаар шийдвэрлэсэн. Хэрэв “Эрдэнэс Монгол”-ын санхүүгийн үйл ажиллагаа доголдсоноос бондын төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрч, үүнээс улбаатайгаар Монголбанк хөрөнгийн дутагдалд орвол Засгийн газар үнэт цаас гаргахаар баталгаа гаргасан. Энэ нь төсөвт учирч болзошгүй эрсдэл, ирээдүйд хүлээх магадлалтай өр төлбөрийн үүрэг” хэмээн дүгнэжээ.
15 ЖИЛИЙН НОГДОЛ АШГАА УРЬДЧИЛАН АВЧЭЭ
Засгийн газар 2020 онд 211 дүгээр тогтоол гаргаж, нэр дурдсан байгууллагуудаас бусад бүх аж ахуйн нэгж болон айл өрхийн цахилгаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын төлбөрийг төр “даахаар” шийдвэрлэсэн. Үүнд шаардлагатай зардлыг “Эрдэнэт үйлдвэр”-т хариуцуулсан юм. Тодруулбал, тус үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд, төрд ногдох ашгийг урьдчилан өгөх замаар санхүүжүүлсэн гэсэн үг. Энэ шийдвэрийн хүрээнд тус ТӨҮГ ойролцоогоор 1.1 их наяд төгрөг зарлагаджээ. Тодруулбал, эрчим хүчний төлбөрт 907.6, цэвэр, бохир усныхад 151.8, хог хаягдлын хураамжид 20.2 тэрбумыг зарцуулсан байна.
Үүнээс үндэслээд судалгааны багийнхан нэгэн “сонирхолтой” тооцоолол гаргажээ. “Эрдэнэт үйлдвэр”-ээс хүртэх ногдол ашгийн хэмжээ 2019 оны (сард 66.9 тэрбум)-хоос огцом хэлбэлзэхгүй гэж үвэл Монгол Улсын Засгийн газар 15 жилийн хугацаанд хүртэх “хувь хишиг”-ээ албан байгууллага, айл өрхүүдийн эрчим хүч, усны хэрэглээ, хог хаягдлын хураамжийн төлбөрт шилжүүлжээ. Үндсэндээ Засгийн газар 2035 он хүртэл тус үйлдвэрээс ногдол ашиг хүртэхгүй гэж тооцоолсон байх юм.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа үед “Эрдэнэт үйлдвэр” ийм амлалт, санаачилга хэрэгжүүлсэн учир үнийн хэлбэлзлээс үүдэлтэйгээр улсын төсөвт эрсдэл, хүндрэл үүсэж болзошгүй гэсэн болгоомжлол буй аж. Сангийн яам 2021 оны төсөв боловсруулахдаа нэг тонн цэвэр зэсийн дундаж үнийг 9670 ам.доллар байхаар тооцсоныг хөнгөн хуумгай үйлдэл гэж үзжээ. Дэлхийн зах зээлд үнэт металлын үнэ тогтворгүй, хэлбэлзэлтэй байдаг тул одоогийн түвшнээр тооцоолоход учир дутагдалтай, харин жилийн турш хийсэн борлуулалтын дундаж үнэ ямар байхаас их зүйл хамаарна гэдгийг судалгааны тайланд онцолсон байлаа.
ОНОВЧТОЙ ШИЙДВЭР МӨН ҮҮ
“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн ирээдүйд олох орлого, төрд ногдох ашгийг барьцаалан үнэт цаас гаргаж, нэмэлт орлогыг дайчлах замаар төсвийн зарлагыг санхүүжүүлсэн нь Үндсэн хуулиар УИХ-д олгосон бүрэн эрхэд халдсан үйлдэл төдийгүй Төсвийн тухай хууль зөрчсөн явдал гэж судлаачид үзэж байна. Тэд энэ тухай “Тэтгэврийн зээл тэглэх, цахилгаан, дулаан, усны төлбөрөөс чөлөөлөх зэрэг шийдвэр нь төсвийн алдагдлыг нэмэх үр дагавартай тул холбогдох хуульд заасны дагуу тодотгол зайлшгүй хийх ёстой. Гэтэл хэдийн баталчихсан, хүчин төгөлдөр буй хууль тогтоомж (Төсвийн тухай хууль)-ийн үйлчлэл, хэрэгжилтийг хангуулахын оронд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Ийм байдлаар эрх зүйн хоёрдмол, зэрэгцсэн зохицуулалт бий болгож, төсвийн тодотгол хийхээс зайлсхийх боломжийг Засгийн газарт олгосон. Нэг харилцааг хоёр өөр хуулиар зохицуулах давхардал үүсгэв.
Төрийн санхүүгийн бодлого, чиглэлийг тодорхойлох, улсын төсөв батлах бүрэн эрхийг Үндсэн хуулиар зөвхөн УИХ-д олгосон байдаг тул Засгийн газар төрийн өмчийн хуулийн этгээдийн ирээдүйн орлого, ногдол ашгийг барьцаалж, нэмэлт орлогыг дайчлан төсвийн зарлагыг шийдвэрлэсэн нь эхнээсээ хуульд харшилсан, буруу шийдвэр” хэмээн тодотгов.
Цаашид төрийн өмчит хуулийн этгээдийг яг энэ байдлаар төсвийн хяналтаас зайлсхийх хэрэгсэл болгон ашиглахаас сэргийлэх чиглэлд анхаарах шаардлагатай гэнэ. Үүний тулд Засгийн газрын үйл ажиллагаа болон төсвийн тогтвортой байдлыг дүгнэх үзүүлэлтүүдийг тооцохдоо төсвийн гадуурх бүх зарцуулалтыг нэгтгэх системийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн санал дэвшүүлэв. Мөн энэ төрлийн байгууллагуудыг улс төрөөс ангид, хараат бус, зөвхөн бизнесийн зарчмаар ажиллах боломж, нөхцөл бүрдүүлэхийн тулд Төрийн өмчит аж ахуйн нэгжийн тухай хууль батлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ. Эрх зүйн ийм зохицуулалт бий болгохгүй аваас Засгийн газар улс төрийн шинжтэй, гэнэтийн шийдвэрүүдийг төсвийн гадуур санхүүжүүлэх, тэр бүртээ төрийн өмчит хуулийн этгээдийг “нохойд барьдаг мод” болгож ашиглах тохиолдол гарсаар байхыг санууллаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГААС “ГЭЭГДСЭН” БАЙГУУЛЛАГУУД
Засгийн газар болон төрийн өмчит хуулийн этгээдийн санхүү, төсвийн мэдээллийн ил тод, иж бүрэн байдлыг судлахад олон “но” илэрсэн талаар судлаачид онцлов. Монгол Улсад чухам хэчнээн төрийн өмчит байгууллага байдаг нь ч асуудалтай гэх. Сангийн яамны мэдээллээр 140 гэнэ. Үндэсний аудитын газрынхан 161 гэсэн тооцоо гаргажээ. Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 105 гэдэг “тоо” хэлсэн байна.
Засгийн газар санхүүгийн нэгдсэн тайландаа эдгээр байгууллагын мэдээллийг бүрэн тусгах ёстой. Гэтэл Сангийн яам болон Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын алинд ч мэдээлэл нь байдаггүй хуулийн есөн этгээд буйг тогтоожээ. Үүнд, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Замын-Үүдийн дулааны станц”, “Дарханы арьс, ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨҮГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Гашуунсухайт авто зам”, “Эрдэнэс шивээ энержи”, “Эрдэнэс ашид”, “Эрдэнэс стийл”, “Гермон газ” ХХК багтаж байна. Энэ нь хол богдох байгууллагууд мэдээлэл, бүртгэлээ цаг тухайд нь шинэчилдэггүйтэй холбоотой гэнэ.
Төрийн өмчит байгууллагын төсөв, санхүүтэй холбоотой мэдээлэл нь төрийн болон байгууллагын нууцад хамаарахгүй, Шилэн дансны болон бусад холбогдох хууль тогтоомжоор олон нийтэд ил тод байх ёстой боловч тэдгээрийг хайх, олох, цуглуулах явцад ихээхэн саад бэрхшээл учирсныг судлаач Г.Дэлгэрмаа онцолсон юм. Иймд төрийн байгууллагын мэдээллийн уялдаа холбоо болон шилэн данс хөтлөлтийг сайжруулах, төрийн өмчит хуулийн бүх этгээдийн мэдээллийг Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд багтаах нь зүйтэй гэв.