Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны “Монгол цэрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх, Олон улсын энхийг сахиулагчдын хурал зохион байгуулах ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг энэ сарын 10-ны өдөр ЗХЖШ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа. Хуралдааны эхэнд Монгол цэрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэх болон Олон улсын энхийг сахиулагчдын хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Т.Буянбат танилцуулга хийв. Тэрбээр Энхийг дэмжих ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, цэргийн багуудын ажиллагааны туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, баримтжуулан үлдээх, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, мэдээлэл, сурталчилгаа, иргэн-цэргийн харилцааны чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг энхийг сахиулагч нэг мод суулгах хөдөлгөөн”-ийг өрнүүлэх зэрэг шинэлэг ажлуудыг танилцуулсан юм. Үүний дараа ойн хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийж, санал солилцлоо. Энэ үеэр ажлын хэсгийн дарга ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг “БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын цэргийн багийн бодит үүрэг гүйцэтгэлттэй төрийн цэргийн байгууллагуудын удирдлага танилцах ажлыг зохион байгуулах нь зүйтэй” гэсэн саналыг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид болон тэдгээрийн ар гэрт чиглэсэн хүмүүнлэгийн ажлыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэхэд энхийг дэмжих ажиллагааны гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлын талаар судлаач, албаны төлөөллийг хамруулсан эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах зэрэг саналуудыг гаргаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.