Агаарын бохирдлын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, иргэд төр, засгаас хариуцлага нэхэж эхэлмэгц холбогдох албаны хүмүүс гэр хорооллынхныг буруутгах болов. Иргэд буруу галласнаас, түлшээ бүрэн шатаагүй байхад нь нэмж түлдгээс, зарим аж ахуйн нэгж, өрх түүхий нүүрсийг хулгайгаар хэрэглэснээс, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн болон амьжиргааны түвшин доогуур айлууд олдсон зүйлээ зуух руугаа хамж хийдгээс агаар бохирдуулагч бодисын хэмжээ эрс нэмэгдсэн хэмээн ярих боллоо. Тэрчлэн зарим нь сайжруулсан түлшний үнэ хэт хямд буй нь утаа ихсэх шалтгаан болж байна гэсэн “хачирхалтай” дүгнэлт хийв. Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр уржигдар “Шахмал түлшний үнэ хямд байгаа учраас иргэд ихээр түлж, агаар бохирдуулдаг” гэсэн бол БОАЖ-ын сайд Н.Уртнасан өчигдөр “Утаа ихсэхэд нөлөөлсөн гол шалтгаан нь шахмал түлшний хэрэглээ. Иргэд 8000 төгрөгөөр түүхий нүүрс, 1875 төгрөгийн сайжруулсан түлш авах сонголттой нүүр тулж, шахмал түлшийг түлхүү хэрэглэж байна” гэж ярив.
Цар тахлын нөхцөл байдлаас улбаатайгаар нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбогдуулан Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Тэгвэл сайд, холбогдох албан тушаалтнуудын ярьж буйгаас үзэхэд үнийн хөнгөлөлтийн шийдвэр “утаагүй” түлшийг утаатай болгож орхисон бололтой. Нөгөөтээгүүр, ижил агуулга бүхий ийм мэдээллийг олон нийтэд хүргэсээр байгаа нь түлшний үнийн хөнгөлөлтийг цуцлах хугацаа ойртсоныг сануулах дохио байж болзошгүй. Учир нь холбогдох байгууллагууд хамтран даваа гараг болгон хийдэг мэдээллийн цагаар (өнгөрөгч сарын сүүлчээр) “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтнүүд үүнтэй ижил зүйл ярьж, “2022 оноос шахмал түлшийг хуучин үнээр нийлүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэж буй” гэсэн юм.