Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн VII байрны нэгдүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг албаныхан өчигдөр 21:52 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн байна. Мөн утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.