Байгаль орчин, зэрлэг амьтдын талаарх мэдээлэл түгээх, тэдгээрийг хамгаалахад олон нийтийн оролцоог хангах зорилготой Монголын биологийн олон янз байдлын ирээдүй сангаас шувуу ажиглагчдын дунд уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулжээ. “Өвлийн шувууд” уралдаанд 14 оролцогч өрсөлдөж, 224 зураг илгээсэн байна. Хоёр хоногийн хугацаанд хамгийн олон шувуу ажигласан оролцогчоор Д.Батмөнх тодорчээ. Тэрбээр 39 зүйлийн жигүүртэнтэй “уулзаж”, гэрэл зургаар баталгаажуулжээ. Харин заасан хугацаанд хамгийн олон газарт очиж, шувуу ажигласан оролцогчоор Г.Хумбаа шалгарав. Тэрбээр орон нутгийнх бөгөөд найман газраас 24 зүйлийн жигүүртэн “илрүүлжээ”. Уралдааны шилдгүүдийг шувуу ажиглах зориулалттай, сүүлийн үеийн дурангаар урамшуулжээ.
Бэлтгэсэн Н.Гантиг